ШҮЛХИЙГЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТ ТАВДУГААР САРЫН -НЭЭС ЭХЭЛНЭ

Сэтгүүлчийн үг

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар мал амьтны гоц халдварт шүлхий өвчин 8 аймгийн 23 суманд оношлогдон хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын удирдлагууд гуравдугаар сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны постууд дээр ажиллаж авто тээврийн хэрэгсэлд хийж байгаа ариутгал халдваргүйтлийн ажлын талаар мэдээлэл өглөө.

Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун туруун, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4-р зөрлөг, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд ариутгал халдваргүйтлийн пост гарган 24 цагаар ажиллуулж байна.

  Орон нутгаас нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа, дамжин өнгөрсөн бүх тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйтэлд бүрэн хамруулж байна.

Нийслэлийн онцгой байдлын дэд дарга А.Дашням “Нийслэлд өнгөрсөн онд Сонгинохайрхан, Хан-уул дүүрэгт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байсан. Тэгэхээр бид өвчнийг нийслэл хотод нэвтрүүлэхгүйн тулд ажлын хэсэг хуралдаж хотыг тойрсон 9 пост ажиллуулан 24 ажиллаж байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газар, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран цэгүүдэд ариутгал халдваргүйтлийн ажлыг зохион байгуулж байна. Шүлхийн өвчний гаралт суурьшлийн бүсээс гарч байгаа учраас нийслэл хотоос мал бүхий иргэдийг гаргах асуудлыг зайлшгүй хөндөх ёстой.

Нийслэлд 16 мянга орчим мал байгаагаас суурьшлын бүсээс мал бүхий иргэдийг гаргах ажлын хэсэг ажиллаж 3 мянга орчим малыг гаргаад байна” гэж ярилаа.

Ариутгал халдваргүйтэл хийж байгаа 8 цэгт Нийслэлийн мал эмнэлгийн газраас малын их эмч 20, дүүргүүдийн хувийн хэвшлийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдээс малын их эмч, мэргэжилтэн нийт 60 гаруй хүн ажиллаж байна.

Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш,“Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт 5 дугаар сарын 1-нээс хийгдэж эхэлнэ. ОХУ-аас ирэх сарын дундуур вакцин авахаар төлөвлөж байна. Уг вакцинжуулалтад шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтныг хамруулна” гэлээ.

Ариутгал халдваргүйтэлд ашиглаж буй ариутгалын бодисууд нь олон улсад туршигдаж зөвшөөрөгдсөн өвчнийг нянг идэвхгүйжүүлдэг. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд нянгийн идэвхжлийг бууруулдаг лимоны хүчлийг ашиглаж байгаа юм.

Малын гоц халдварт шүлхий өвчин 2001 онд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт, 2006 онд Хан-Уул дүүрэгт, 2017 онд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд гарч хорио цээрийн дэглэм тогтоож нийт 619 толгой мал амьтныг устгалд хамруулжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?