ОРХОН АЙМАГТ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД СТУДИТЭЙ БОЛОХ "МОДА" ДЭЛГЭРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар татвар төлөгчдийн 98 сая төгрөгөөр дэргэдээ хэвлэл мэдээллийн студи байгуулжээ. Энэ талаараа аймгийн Засаг даргын шуурхай дээр албан ёсоор мэдээлсэн юм. Аймгийн Эрүүл мэндийн газар нь яамнаас санхүүжилттэй, нэг үгээр хэлбэл босоо тогтолцоотой. Гэсэн хэдий ч аймаг, орон нутгаас элдэв төсөл хөтөлбөр, арга хэмжээ, сургалт сурталчилгаа нэрээр багагүй хэмжээний татаас, хөрөнгө жил бүр авдаг. Тухайлбал, “Элэгний вирусгүй Эрдэнэт хөтөлбөр” зэрэг тухайлсан нэр бүхий хөтөлбөр Эрүүл мэндийн газраар дамжин хэрэгждэг. Энэ жилийн тухайд  48 сая төгрөгөөр “Эрүүл Эрдэнэт” нэртэй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ бүхнээс харвал Эрүүл мэндийн газар яамны хөрөнгө, орхончуудын татварын мөнгөөр 98 сая төгрөгөөр студи байгуулж тоглох шиг болж байна.

Xvv-5

 
 
 
 

 

Өнөөдөр Эрдэнэт хотод 98 сая төгрөгөөр нэг жижигхэн студи байтугай одоо үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн байгууллагыг боловсон хүчинтэй нь хамт худалдаад авчих хөрөнгө гэвэл та үнэмших үү. Эрүүл мэндийн газрыг 98 сая төгрөгөөр студи байгуулж тоглох боломж, санаачлагыг анх тус газрын дарга асан М.Баттүвшин санаачилсан гэдэг. Хэдийгээр 98 сая төгрөгөөр студи байгуулсан гэж мэдээлж байгаа ч хоёр компьютер, хоёр камер энэ тэр нь нийлээд  ч дээр мөнгөн дүнгийн хаана нь ч хүрэхгүй.  Тус газрын 98 сая төгрөгийн үнэ өртгөөр байгуулсан Монголд хаана ч байхгүй өндөр үнэтэй, хөдөө орон нутгийнханд үлгэр жишээ авахуйц энэхүү студийнхэн 74 мэдээ, 43 нэвтрүүлэг хийсэн аж. Дээр нь эрүүл мэндийн сурталчилгааны 21 ширхэг гарын авлага хэвлүүлсэн байна. Байгууллагынхаа цахим хуудсаар 214 мэдээ  иргэдэд хүргэсэн хэмээн хэнэг ч үгүй мэдээлж байх юм.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн бүх шатны байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасан. Гэтэл аймгийн Эрүүл мэндийн газар хуучин дарга болох М.Баттүвшин 98 сая төгрөгөөр студи байгуулж тоглосон бол шинэ дарга Т.Мөнхцэцэг байгууллагынхаа фэйсбүүкээр эрүүл мэндийн тухай мэдээ гаргадаг ажилтай болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн шуурхай дээр Засаг дарга Д.Батлутаас Эрүүл мэндийн газрын дарга Т.Мөнхцэцэгт хандан “Байгууллагынхаа тухай, хийж хэрэгжүүлж байгаа ажил төрлийнхөө тухай  мэдээллийг иргэдэд маш сайн хүргэх хэрэгтэй. Иргэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна. Ганцхан Батлутад зориулж энд битгий мэдээлэл хийгээд бай. Иргэдэд хүргэ” хэмээн хатуухан сануулсан. Сануулгын хариуг Эрүүл мэндийн газраас ирүүлэхдээ “98 сая төгрөгөөр хэвлэлийн студи байгууллаа. 74 мэдээ, 43 нэвтрүүлэг хийлээ. Цахим ертөнцөөр мэдээллээ цацахаас илүү яахав дээ” хэмээн хариулж байна. Аймгийн Засаг даргаас жил бүр орон нутгийн хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагатай 90 сая төгрөгөөр хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Өнөөдрөөс эхлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Эрүүл мэндийн газрын хэвлэлийн студид бэлтгэсэн мэдээ, нэвтрүүлэг, шторкийг үнэ төлбөргүй нэвтрүүлэхгүй. Нэвтрүүлэх болсон ч цацалтын хөлсийг нь зах зээлийн ханшаар тооцох шаардлага тавьсан ч буруудахгүй болжээ.

Байгууллагын дарга нар дэргэдээ хэвлэл мэдээллийн студи байгуулж тоглодог, татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрэн таран хийдэг хууль бус асуудал Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтоос үүсэлтэй. Тэрбээр өнгөрсөн онд Баян-Өндөрчүүдийн татварын 30 сая төгрөгөөр хэвлэлийн студи байгуулахаар төсөвтөө суулгасан. Эцэст нь 30 сая төгрөгөөр биш 15 саяар студи нэртэй тоног төхөөрөмж авч үлдсэнээр нь шаардлага хангахгүй хэдэн компьютер Тамгын газартаа шахсан сураг ажиг  дуулдсан. Хууль зөрчдөг, хуулийг гууль болгодог тэр дундаа байгууллагынхаа нэрийг барьж “хувьдаа” 30-98 сая төгрөгөөр хэвлэлийн студи байгуулж тоглодог дарга нарын хэрээс хэтэрсэн үйлдлийг Авлигатай тэмцэх газар холбогдох байгууллагад шалгуулах цаг болжээ.

                                                                                                                          erdenetnews.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?