Ц.БАЙДЫ:ХОЁРЫН ХООРОНД БОЛОВСРОЛ “ОЛСОН” ЮМНУУД, ОДООНЫ  ИХ ХУРЛЫНХАН ШИГ ДЭМИЙ БАЙДАГ ЮМ... 

Сэтгүүлчийн үг

Инээд наргианы эзэн эл эрхмийг таньдаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. ЗХУ-ын Москвагийн Строгановын нэрэмжит уран зургийн академийг дүүргэсэн сурч байхдаа  шог зургийг системтэйгээр, ухамсартайгаар судалсан гэдэг. Тэр ч утгаараа оюутан ахуй цагтаа Орост гарсан Францын Жан Эффел, Жан Кордан, Германы Буттнер гэх мэт олон мундаг зураачийн үзэсгэлэнг үзэж нүд тайлснаа их аз завшаан гэдэг юм. Гэр нь ажлын газартай  маань ойрхон болохоор ороод л ирнэ. Ирчихээд ихэд дотносон “Улаанбаатар таймс” сонины редакцийнхантай маань буу халаад суучихна. Шинэхэн, залуухан сэтгүүлч бидний хувьд энэ эрхэм их л хол өндөрлөг шиг санагддаг байсан ч тулаад уулзахаар тухтай ханьтай ах, аав шиг минь санагддаг болоод удаж. МУУГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ц.Байды ахыг яагаад ч гуайлж чаддаггүй юм... Нэг л харь хол санагдаад...  Зүгээр л ах... Ц.Байды ах “Инээдэг нохой” номоо хэвлүүлжээ. Түүнтэй хөөрөлдлөө. 

-Хоёулаа яриагаа уран бүтээлийн олз омгоос эхлэх үү?

-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Мандал толгойг зурж байна. Мандал толгой бол манай Өндөр гэгээн Занабазарын түүхтэй холбоотой газар нутаг... Өндөр Гэгээн Галдан бошигтоос зугтаж явахдаа Устын  рашаан орсон гэдэг. Маш сайхан, уул, ус нь жигдэрсэн газар байдаг юм. Тэгээд л Мандал толгойг тосон будгаар зураад сууж байна. Ер нь сүүлийн үед уран зургаар их оролдож байгаа. Хөдөө гадаа явахдаа авсан судалбар зургуудаа энд ирээд томсгож зурдаг юм, би.  Тэгээд тэр судалбар жижиг зургуудаараа нэг ном хийх санаатай. Улсууд энэнээс хамаагүй юмаар хийчихсэн байдаг юм байна билээ. Хажуугаар нь шинжлэх ухааны академийн “Эх хэл бичиг” сэтгүүлд шог зураг зурна. Өөрсдөө ирээд авчихдаг юм. Жаахан шагналтай. Уг нь би өөрөө зургаа өгөнгөө очоод авъя гэсэн чинь академич Цэрэнсодном, болохгүй таныг гэрээс тань гаргаж болохгүй, халтирч унавал яах юм бэ гэсэн гээд ирээд л аваад байгаа шүү дээ. /инээв/

-Уг нь та бол ирж, очоод  гарч ороод явмаар байдаг?

-Харин тэхх. Хүний нас өндөр болохоор жигтэйхэн хүндэтгэлтэй ханддаг юм байна.  Та нарыг ч гэсэн тэгнэ шүү дээ. Одоо хаа л очнов, айлын хоймор, хүндэтгэлийн ширээн дээр нь л суудаг болсон. Архи, дарс хундагласан ч эхэлж өгнө. Ямартаа л би, архи муудсан цагт та нар архийг шалгаад байна уу, намайг хүндлээд байна уу гэсэн чинь жигтэйхэн инээлдэж, та чинь ямар муухай хүн бэ гэж байна лээ...  За тэгээд өвгөн ах нь дөрвөн номны ард гарах гээд л үзэж тарж байна. Ямар ч гэсэн эхний номоо хэвлүүлчихлээ. Ер нь миний өгүүллэгүүд ном болж гараагүй. “Улаанбаатар таймс” сонины “Хүрээ хэмнэл”, “Өнөөдөр” сонины “Ням гариг” сонин дээр л зарим нэг нь гарсан. Бусдаар хаа ч хэвлэгдээгүй. Бодоод байсан чинь  насаараа шог зураг зурсан мөртлөө “Хөдөө бандгар, хүрээ Даадай”-гаас өөр номгүй юм байна лээ. Сайндаа ч хийлгээгүй. Эрдэнэжав гээд их том эрдэмтэн эмч найзынхаа ачаар хийлгэсэн. Одоо тэнгэр болсоон, хөөрхий. “Хөдөө бандгар, хүрээ Даадай”-гынхаа эхийг  бэлдчихээд явж байгаад Мягмарпүрэв гэдэг залуутай танилцдаг юм. Тэгсэн найзын маань хүү байж таараад... Аавынхаа найзын номыг хэвлүүлж өгнө гээд хэвлээд өгсөн. Надад ямар мөнгө байх биш, хэвлүүлээд надад 200 ном өгсөн. Дахиад ч хэвлүүлсэн гэх юм билээ. Муу хүний ном хурдан борлогддог юм гэсэн. Минийх жигтэйхэн хурдан борлогдсон гэсэн шүү.

-Егөө дөгөө... Шог өгүүллэг, зураг гэдэг төрлийн уран бүтээлчдийн эгнээ  тасрах нь байна. Та шавь сургаач ээ?

-С.Цогтбаяр, Ж.Саруулбуян хоёр чинь миний шавь ш дээ.

-Өөр байхгүй байна ш дээ. Залуу хүн, хүүхэд..?

-Байхгүй ээ. Залуу хүүхдүүд ирэхгүй байгаа юм чинь яахав дээ. Тэгээд ч би багшлахаа больчихсон. Багшилж байхад ч шавьтай болоогүй л дээ. Ер нь шог зураг, өгүүлэг их хүнд төрөл. Их зүтгэл шаарддаг юм.

-Бас мэдрэмжтэй?

-Мэдрэмжтэй хүн зүтгэх юм бол болно л доо. А.Бат-Эрдэнэ, С.Цогтбаяр, Л.Өлзийбат, Ж.Саруулбуян дөрөв л гараас минь гарсан шавь нар маань. Тэд маань ч хөгширлөө  дөө...  Залуу л байсан ш дээ. Багшийн дээдэд надаас хориод дүү залуус л байсан. Одоо жар хүрчихсэн, бүр тэтгэвэртээ гарчихсан байна. Тэгэхээр чинь ямар хэрэг байхав дээ.

-Хүнд төрөл болохоор хүүхэд залуус бас халгадаг ч байх аа даа?

-Хүнд л дээ. Дээр үед хэрүүл аманд их орооцолддог байсан юм. Хүн чинь нэг удаа хэл аманд ороод л халгаад болино. Одо бол хэцүүгээс нь халгаад байх шиг. Хэцүү тал нь уран санаа олох, тэрүүндээ тохируулж зурах. Зохиолын тухайд авьяас... Ер нь наргианч хүн чинь өөр байдаг. Цаанаасаа хэлэмгий доломгой юмны учрыг олдог, ажигч, хүнийг баясгаж инээлгэж чаддаг хүн ховор байдаг юм... Ховор л юм даа... Миний тухайд нэгэнт орооцолдсон хүн чинь насан туршдаа орооцолдож явахаас биш яахав.

-Ингэхэд та өөрөө яаж яваад шог гэдэг содон жанр руу хальтирсан хүн бэ?

-Багын юм шиг байгаа юм. Бурхан, бугийн аль нь орооцолдуулсан юм бэ, мэдэхгүй. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын бага сургуулийн хоёрдугаар ангийн сурагч байхдаа л сайн дураараа ханын сонин гаргахаар шийдсэн. 1953 он. Тэгээд боорцог хулгайлсан хүүхдийн хүзүүнд нь боорцог зүүлгэж, бөөстэй хүүхдийн энгэрт том бөөс явуулж, сурлага муутай хүүхдийг хоёрын тоонд чирэгдүүлж яваагаар зурчихсан.  Сайны хүүхдүүдийг ч зурсан. Яаж зурснаа сайн санадаггүй юм. Хүүхэд зурсан юм чинь ямар л олигтой зураа аж. Тэгсэн чинь намайг багш нар намайг нүгэлтэй магтаад сүйд болж, сумын захиргаанаас хүмүүс ирээд жигтэйхэн юм болсон. Би чинь мандваа хөөрхий. Тэгж л анхныхаа шог зургийг дурсан юм даа. Тэгсэн чинь шогоор зуруулсан хүүхдүүд намайг хөдөө аваачиж байгаад үхтэл зодчихсон. Миний анхны шог зургийн шагнал тэр... Тэглээ гээд бууж өгөөгүй. Зурмаар санагдаад байгаа юм чинь... Таахай Дашзэвэг гэж мундаг хүн. Увс аймагт багшилж байсан, Ж.Батмөнх дарга нэгдүгээр ангийн багш. Миний ч багш. Багшийгаа шоглож зураад нэг сайн алгадуулж билээ. Тэгээд хашираагүй. Цаанаасаа л зурах бөөн дур. Зурахдаа дандаа болохгүй юм зурна. Зүгээр нэг машин зурахгүй онхолдсоныг, морьтой хүн гэхээр мориноосоо унаж байгааг л зурах жишээтэй.  Тэгж явсаар насанд хүрч цэрэгт мордвоо. Очоод шууд л зураач боллоо. Ихэнхдээ хүн,байгалийн зураг зурна. Тэгсэн чинь бас ханын сонин гаргах хэрэгтэй боллоо.

-Бас яасан бэ?

-Цэрэгт очсоны дараа 10 дугаар анги төгссөн гээд армийн эвлэлийн үүрийн даргаар томилчихгүй юу. Би дарга болохгүй гэж хичнээн гуйгаад дийлээгүй. 1962 онд цэрэгт ирсэн улсаас би л хамгийн өндөр боловсролтой нь  юм байх. Цэрэгт чинь мал дээрээс бичиг үсэг тайлагдсан төдий л нөхөд ирнэ. Тийм хүмүүс их сайхан сэтгэлтэй, хүнээрээ байдаг юм. Хоёрын хооронд боловсрол олсон юмнууд ч дээ... Одооны  их хурлынхан шиг дэмий байдаг юм.  Би доод тасгийн их бууны тусгай дивизионы ангид алба хаасан юм. Тэгсэн нэг өдөр цэргийн эвлэлийн төв хорооноос дуудаж, ханын сонин авчирч өг. Бусад нь өгчихсөн байна, чи яагаад өгдөггүй юм бэ гээд загнаж байна. Би ч хийгээгүй гэж хэлж төвдсөнгүй, маргаашийн дотор аваачиж өгье л гэлээ. Тэгээд суулаа, зурлаа. Худлаа, огт байдаггүй хүний зураг зураад байлдагч тэр гээд л, хамгийн сүүлд нь жаахан зай үлдчихээр нь шог зураг зурваа, хөөрхий. Хрущевийн үе л ээ. Талх үнэгүй болчихсон. Цэргүүд хар талхаа шидэлцэж тоглодог байлаа. Тэр үед бас цэргийн хувцас яргалж, тоноглоно. Тэр мэтийг л гоочлоод зурчихлаа. Тухайн үед албан боловсрол дөрөвдүгээр анги. Дөрөв төгссөн, дөнгөж бичиг үсэгт тайлагдсан нөхөд цэргийн хичээлдээ муу. Ямар сайндаа цэргийн хичээл үеэр хорт утаа гэж юу гэхээр тамхины утаа гэж хариулж байхав. За тэгээд модон морин дээр мордчихоод гацсан цэргийг би хөдөөгөө санаж байна гэхчлэн шоглоод зурчихсан. Гэтэл өнөө ханын сонины уралдаан болоод өнгөрч, би хоцорчихгүй юу. Тэгэхээр нь өнөөхөө клубийнхээ хананд өлгөчихсөн. Тэр үед манайхан, Дархан бүтээн байгуулалтанд явчихсан, зэвсгийн агуулах болохоор хамгаалалтын хэдхэн цэрэг л үлдсэн байсан. Тэгсэн нэг өдөр “Улаан од” сониныхон ирлээ. Миний ханын сонинг харчихааад хэн зурсан юм бэ гэж байна. Би л гэлээ. Сурвалжлагч нь миний л үеийнх... Дахиад зураад өг гэхээр нь хэрэгтэй юм бол гээд хайч авчирч байгаад буланг огтлоод өгчихсөн. Тэгсэн “Улаан од” сонин дээр гарчихаж. Тэгсэн Дарханаас захидлууд ирлээ. Сонин дээр зураг чинь гарсан байна, үзэв үү. Баяр хүргэе, мундаг байна гээд л... Уг нь би чинь өгүүлэг, найруулга бичээд сонин дээр хэвлүүлчихсэн хэрэндээ догь амьтан. Бүр шүлэг бичдэг байлаа. Тэр их муухай, одоо бодохоор ичмээр л дээ. “Коммунизмын суурь”  гээд шүлэг бичээд явуулчихсан чинь “Улаан од” сонин дээр гарчихсан. Ичсэн гэж жигтэйхэн, хаа очиж  цэргүүд юм яриагүй. Тэгсэн ганц шог зураг гарсан чинь их олон захидал ирсэн. Тэгээд би бодлоо, за зохиол бичсэнээс зураг зурсан нь дээр юм байна гээд л шог зураг оролдож эхэлсэн дээ.

-Шог зургийн анхны шагнал бас л чанга байжээ?

-Тэр зодсон нөхдийн хоёр нь Амгалан саяхан хүртэл байсан. Намайг Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд их сургуулиа төгсөөд очиход, өнөө бөөстэй гэж шоглуулдаг Амгалан, хүүе өнөө Цэндийн тэнэг ирчихсэн байна, их сүрхий зураач болсон юм байх аа гэж ярьж явсан гэдэг.  Намайг тэнэг гэдэг байсан юм. Сүүлд  уулзаад хэлсэн чинь хэн мэддэг юм бэ, чамайг чинь тэнэг л гээд  байдаг байсан шүү дээ гэдэг юм. Тэднийх манайхтай ойрхон, эхнэрийг нь Цэвэгжав гэдэг. Бид ойрхон уулзалддаг байж билээ. Одоо байхгүй ээ бурхан болсон... Угаас хүний нас  богинохон юм байна. Ингэхэд энэ цэргийнхэн их сонин улс шүү. Би нэг хурандаа нөхөртэй архи уулаа. Сүүлдээ тасраад өгч. Тэгсэн хэд хоногийн дараа өнөөх чинь нэг хүүхэд дагуулаад ирлээ. Согтуудаа зургийн сургуульд оруулж өгнө гээд туучихаж.  Гээд яахав сургуульд оруулж өгч болно, наад хүүхэд чинь ямар сурдаг юм бэ гэсэн чинь муу сурдаг гэж байна. Муу сурдаг юм бол яаж зураач болох юм бэ гэсэн чинь чам шиг нэг ийм юм болохгүй юу гэж байна. Тэгэхээр нь, би аравдугаар анги онц төгссөн шүү дээ гэсэн чинь зураг зурах юм бол сургууль төгсөх хэрэг юу байгаа юм бэ гэж билээ. Манай соёлын хэмжээ тийм л байсан хэрэг. Тэгээд хэллээ, онц сурах хэрэгтэй ш дээ. Маш их ухаан ордог юм гэсэн чинь юуных нь ухаан ордог юм бэ, чи угаасаа л зураг зурдаг байсан биз дээ гэж байгаа юм чинь... Муу сурдаг болохоор нь амарчлаад зураач болгоно л гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд тийм юм байхгүй ээ, зурсан зургаа аваад ир гэсэн чинь зурсан зураг байхгүй, чи л заагаад өг гээд хачин их амарчилж байгаа юм.

-Тэгээд тэр хүүхдийг яасан, сургуульд оруулсан уу?

-Яаж оруулах юм бэ, зурсан зураггүй. Дээр нь хичээлдээ тааруу юм чинь. Муу сурдаг ч авьяастай хүн бас байнаа байна. Би л гэхэд хүүхэд байхдаа юм бүхэнд оролцдог хүүхэд байсан. Аймгийн Соёлын ордонд дуулж, дахиулдаг байлаа шүү дээ. Цэрэгт ч дуулдаг байсан. Ахлах түрүүч. Цэргүүд чинь намайг дарга л гэж үзнэ. Ер нь цэрэг их сайн юм байгаа юм. Би сул биетэй хүүхэд байсан. Эх орны байлдааны үед хүүхэд насаа өнгөрсөн учраас бие султай, туниа муутай, жижигхэн...

-Гурван жилийн алба хаасан биз дээ?

-Гурав байтугай гурван жил зургаан сар алба хаасан.

-Яагаад?

-Цэргийн зураач байсан болохоор халахгүй гээд болдоггүй. Цэргийн зураач хэрэгтэй гээд... Сүүлд сонсох нь ээ, цэргийн ангид гадна дотноос захиалга их ирдэг.  Тэрийг нь би учиргүй дуртай зурна. Анги тэрүүгээр мөнгө олдог байсан юм шиг байна лээ. Тэгээд л намайг халахгүй гээд байхгүй юу. Тэр үед Офицерийн ордонд зургийн салаа байх. Хошууч Дэлэгням дарга нь. Би тэнд их очино. Зураачдаас нь гадаадын  сургуульд сурсан хүн байна уу гэсэн огт байхгүй, бид нарыг явуулахгүй ш дээ, яалаа гэж явуулдаг юм бэ гэхгүй юу. Тэгээд л дургүй хүрч,  сургуульд явна, би ядарсан ядуу айлын хүүхэд. Сургуульд явахгүй бол засаг төр намайг тоохгүй гээд зүтгэчихсэн.

-Хаяад явчихаж бас болохгүй?

-Яаж болох вэ. Цэргийн журам хатуу. Тэгээд  Армийн эвлэлийн төв хорооны дарга хурандаа Сүхээ дээр очиж, би сургуульд явмаар байна. Офицерийн ордны зураачдын нэг нь ч сургуульд сураагүй юм байна. Би ядуу айлын хүүхэд, мал хуй ч байхгүй. Сургуульд явж байж л амьдралд хөлөө олно гээд гуйгаад суучихсан. Сүхээ хөөцөлдөж байж халуулж өгсөн дөө. Тэгэхдээ Увс руу халлаа гэдэг байгаа. Би чинь Увсад сургууль төгссөн юм. Тэгсэн хаанаас татагдаж ирсэн тийш нь халдаг гээд. Би Дундговь аймгийн хүн Увсад танил, ах дүү байхгүй гэлээ. Дахиад л бөөн юм болж гуйж уулзаж байж Дундговь руу халагдсан. Бараг сар хэртэй болсоон. Цэргийнхээ доод нисэх рүү очоод хоол идчихээд хариугаа хүлээгээд л байна. Увсын халагдсан цэргүүд яваад өгсөн. Ямар тэдэнтэй халагдалтай нь биш...

-Яагаад Увсаас цэрэгт татагдсан юм бэ?

-Ээж маань эрт бурхан болсон. Ах маань Увс аймагт трактор комбайны курс байгуулагдахад жолооч, орчуулагчаар очиж ажилласан болохоор ахыгаа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд очиж тэнд дунд сургуулиа дүүргэсэн хэрэг. Дээр нь Увс аймгийн газар нутаг маш сайхан байгальтай... Зураач, зохиолч болох хүн байгаль, хүн амьтантай танилцаж сайн тэнэх хэрэгтэй гээд уншчихсан явлаа шүү дээ. Нээрээ манай дивиозон гайхалтай номын сантай байсан. Одоо өнгөрсөн байна лээ. Хэдэн жилийн өмнө цэргйин хэдэн нөхөдтэйгөө хэрэг болгож очсон юм. За тэгээд,  одоо бидний үеийнхэн улам л цөөрөөд байна... Яарах л хэрэгтэй болж дээ. Номоо ч бичиж зургаа ч зурах  хэрэгтэй. Нээрээ ирэх зургаан сард хятадад шог зургйин үзэсгэлэнд оролцох урилга ирсэн, бэлтгэлээ базааж байгаа юм байна. /зургаа үзүүлэв/

-Хөөх ямар гоё юм бэ?

-Одоо сайн зурахгүй бол хэзээ зурах вэ дээ. /инээв/  Тайлбараа дандаа уйгаржингаар бичсэн, үзэсгэлэн маань Хятадад гарах юм чинь. Ямар хятадаар бичилтэй нь биш... Хятад хэл мэдэх ч үгүй юм чинь... Зургуудаа би орчин үеийн аргаар зурсан. Хэвлэмэл юм шиг харагдаж байгаа биз. Орчин үед шинжлэх ухаан,  техник хөгжиж байна. Намайг голно. Хятадад зураг их хөгжсөн орон шүү дээ, гологдоно.

-Та ч завгүй л байгаа юм байна. Ингэхэд дараагийнхаа залуу үеийг бэлдээсэй гэх хүсэл зүгээр суулгадаггүй ээ. Хэрвээ таныг зориод шавилъя гээд ирвэл та хүлээж авах уу?

-Авалгүй яадаг юм бэ. Хүн ирээсэй гэж санадаг ч ирэхгүй байгаа юм чинь. Их сургуульд монгол бичиг заадаг байхдаа шог зургийн хичээл оруулч гэсэн чинь эрхтэн дартхнууд инээлдэж,  тийм юм гэж хаа байсан гэж билээ. Уг нь сэдэв өгөөд ийм байдаг, тийм байдаг гээд хөгжүүлж болно. Хөгждөг юм ш дээ. Долдугаар ангид байхдаа “Утга зохиол” сонин дээр Буттнерын зургийг анх харсан. Ойлгодоггүй ээ, Ганболд багш дээрээ очлоо. Би учрыг нь ойлгодоггүй ээ гэсэн. Цуврал зургийг нэг нэгээр нь хараад ойлгохгүй нийлүүлээд хар гэсэн. Хүүхэд байхдаа аяга хагалаад зодуулдаг. Гадаа тоглож байгаад бөмбөг өшиглөөд айлын цонх хагалаад сэргийлэхэд очдог. Том болоод санхүүгийн газар ажиллаад мөнгө идээд, шоронд ордог. Бүүр сүүлд нь бөмбөгдөгч онгоц жолоодоод бүхэл бүтэн хотыг бөмбөгдөөд хэдэн сая  хүнийг алчихаж байгаа юм. Тэгсэн чнь шагнаж байгаа зураг... Үнэхээр  биширч гайхсан. Түүнээс хойш гарсан болгоныг нь цуглуулсан даа.  Хожим Москвад гараас нь шог зургийн шагнал авч байсан. Монголд ирэхэд нь уулзаад номоо дурсгаж байлаа. Тэгэхэд их хөгшин хүн шиг санагдаж байж билээ. Одоо бодоход ануухан 72-той байсан юм билээ. Гэтэл одоо би өөрөө 77 хүрчихлээ ш дээ. Тэр үед одоогийн надаас дүү л байсан байгаа юм. Тийм л байдаг юм байна даа...

-Шүүмжлэлээс айгаад халгаад байдаг, нөхөрсөг шог зурганд хэр ханддаг вэ?

-Би өөрөөр зурдаг. Адилхан царайтай, ажил хөдөлмөртэй нь холбоод зурахаар хүн дуртай байдаг юм...Нөхөрсөг шог зураг гэдэг их өөр юм байгаа юм. Тэр хүнийг адуу нохой шиг зурчихвал дургүйцдэг ч уг нь тэр нь зөв юм байгаа юм. Жинхэнэ нөхөрсөг...

-Шог зохиол ч гэсэн үзэгдэхээ больж, бичдэг хүн байна уу, ер нь?

-Ёстой байхгүй. Доржготов дургүй нь хүрээд уран зохиол бичээд байдаг болчихсон, Цэнддоо фельитон маягтай бичиж байгаа. Надаас өөр байхгүй шүү. Ингээд энэ хошин шог юм дууслаа даа. Байгаагаас хошин шогийн продакшнууд л байна... Би ичээд байдаг юм аа.

-Миний уцаар төрөөд байдаг ш дээ. Шоглох биш доромжлоод байх шиг санагдаад?

-Харин тийм ээ. Хамагүй үг хэлж ч байх шиг... Үзэгчдэд хэлэх үг, хэлэхгүй үг бий. Бичихэд ч ялгаагүй бичих үг, бичихгүй үг гэж байна ш дээ. Тоншуул дээр хүртэл хачин юм гаргаад, надаас асуухаар нь  би,  ичмээр юм битгий бичээрэй гэсэн. Ичмээр юм гэдэг шог юм биш шүү. Шоглох доромжлох хоёр огт өөр.

-Тасрах нь дээ?

-Нэг цагт гарч ирнэ л дээ. Хэрэгтэй юм чинь... Нильсон амьдралдаа 26 удаа шоронд орсон гэдэг байх аа. Тийм  л хэцүү урлаг шүү дээ.

З.Урансүх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    ннннн [66.181.167.xxx]

    Үг үсгийн алдаагаа жаахан цэгцэлчихвэл

  • Зочин

    Yanjmaa [202.55.191.xxx]

    Sain baina uu. Ene hezeenii yariltslaga we? Yariltslaga hiisen udur, haana hiisenee bichij baiwal ug ni zugeer um da.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?