С.БИЛЭГСАЙХАН: ЯДУУРЛЫН ТҮВШИН 36 ХУВЬД ХҮРВЭЛ ХУВЬСГАЛ БОЛДОГ

Сэтгүүлчийн үг

 Евроазийн Ард түмнүүдийн Ассамблейн Удирдах зөвлөлийн гишүүн, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханыг урьж ярилцлаа.

-Хоёулаа яриагаа Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв эсэхээс эхлэе. Учир нь та Үндсэн хуулийг батлалцаж явсан хүн. Тэр утгаараа үнэхээр эцэг хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэдэгтэй санал нийлдэг үү?
-Би 1990-1992 онд Ардын их хурлын депутат байсан. Үндсэн хуулийн талаар янз бүрийн л юм ярьдаг. Дордуулсан долоон заалт гэж л байдаг. Үндсэн хууль баталсан үе... Яг үнэндээ бид бүгд л социализмын үеийн бүтээгдэхүүнүүд байсан учраас сэтгэлгээ их сонин байсан. Монгол Улс гэдэг дээр л бараг 10-20 хоног маргаж байгаа юм. Нийслэл Улаанбаатар хот гэх үү гэж маргалдаад л... Нэршил дээр гэсэн үг л дээ. Улаанбаатар, Улаан-Үүд гээд л... Зарчмын асуудал дээр маргах гэхээр мэдэхээ больчихдог. Засаглалыг Ерөнхийлөгчөөс эхлээд аваад үзье л дээ. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш, УИХ-аас нэр дэвшүлээд зургаан жилээр томилдог, огцруулдаг байдалтайгаар хийх бодолтой байсан. Гэтэл заавал бүх ард түмнээс сонгодог болно гээд эхэлсэн. Тэгсээр байгаад бүх ард түмнээс сонгогддог хоёр субъекттэй болсон. Нэг нь УИХ, нөгөөдөх нь бас бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Одоо баталсан хуулийнх нь бүтцийг харахаар маш олон их хуралтай. Дээр нь Үндсэн хуулийн цэц... Их хурлын дээр байдаг Английн Лордуудын танхимын хэлбэртэй. Бүх ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн шийдвэрт хориг тавьдаг байгууллага... Эндээс л маргаан эхэлж байгаа юм. Үндсэндээ нэршил дээр л маргаад байснаас зарчмын асуудал дээр маргаагүй. Уг нь манайх шиг жижиг орны Үндсэн хуулийн цэц нь Дээд шүүх дээрээ байж болно ш дээ. За ингээд УИХ, Ерөнхийлөгч, Цэц дээр нь Засгийн газар. Засгийн газар нь бас их хурал байгаа байхгүй юу. Бас нэг танхим, доод танхим... УИХ-ын гишүүд нь өөрийн фракцийн хүнээ сайдад дэвшүүлдэг. Ерөнхий сайд нь юм хийх гэхээр энэ фракциас шалтгаалсан, тэр бүлэглэл дэмжээгүй гээд ажил явдаггүйгээс засаглалын хямрал үүсч байгаа юм. Ерөнхий сайд нь өөрөө огцорчихгүйн тулд фракциудтайгаа үг хэлээ ололцох шаардлагатай болж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүд нь бас энд тэндээс сонгогдсон учраас огцрохгүйг хичээдэг. Их сонин бүтэц бий болчихсон. Үүн дээр Ерөнхийлөгч гээд бас нэг тусдаа институци байна. Энэ дөрвийн эрх мэдлийн хуваарлилт зөрчилдөөд байдаг. Уг нь Ерөнхийлөгчийг ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг ч гэх юм уу билэгдлийн шинжтэй байлгах санаатай, Улсын ерөнхий командлагч гэхчлэн гол гол юмаа хариуцуулаад... Гэтэл парламент дотроо нэгдэхгүй тэмцэл өрнөхөөр эргээд сүүлийн 26 жил гол эрх мэдлээ Ерөнхийлөгч рүү өгөөд байсан.
-Бага багаар...
-Тэгсэн. Ерөнхийлөгч маш их эрх мэдэлтэй болчихоод байгаа юм. 

-Засаглалын энэ хямрал монголчуудыг хаана аваачих вэ. Байдал эвгүй л санагдаад, ажиглагдаад байдаг болчихлоо ш дээ?
-Нийгэм хямарч байна. Ядуурлын түвшин 18 хувьд хүрвэл нийгэм эмх замбараагүй болж эхэлдэг. 36 хувьд хүрвэл хувьсгал болдог. Гэтэл манайд 38, 50, 60 хувьд хүрчихсэн байж байна. Судалгаануудыг хар. Зарим дээр нь бүр 61 хүрчихсэн явж байгаа. Өөрөөр хэлбэл, цуст бослого гарах түвшинд хүрчихсэн юм уу, хаашаа юм бэ. Үнэндээ ч олигархиудыг, хүмүүсийг алъя, шийтгэе гэсэн уриалга гаргаад байгаа биз дээ. Энэ тохиолдолд уг нь Ерөнхийлөгч маань Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 12-т Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх... гэж заасанчлан эрх мэдлийнхээ хүрээнд, онцгой байдал тогтоож болно.  Мэдээж тэрийг нь УИХ баталгаажуулна. Энэ тохиолдолд онцгой байдлаа 10-20 жилээр үргэлжлүүлээд байж болно. 
-Хууль, эрхзүйн хүрээнд боломж байдаг юм уу?
-Боломжтой. Энийг хэн ч хэлэхгүй байгаа юм. Онц байдал өнгөртөл гээд байлгаад байж болно. Олон улсад ийм жишиг цөөнгүй бий. Бид нар Үндсэн хуулийг баталж байхдаа өнөөдөр нийгмийн бужигнаан болно гэдгийг харах нь бүү хэл, бодоо ч үгүй. Бахархаад л байдаг, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг зэрэг хийсэн гээд... Би эхний үед бухимдаад байдаг байсан. Угтаа 30 жил, 30 нас гэдэг хүний амьдралын нэг үе. Энэ үедээ Монголын хийсэн юм гээд харахаар бас ч боломжийн юм байна гээд сүүлийн үед жаахан тайван байгаа. Зарим улс бүр 100, 200 жил болж давж байгаа биз дээ. Гэхдээ хуулийн цоорхойнууд үүсээд байдаг, хүн амныхаа байдлыг харах хэрэгтэй. Нийт монголчуудын 0.6 хувь нь л хэт баян байна. Үлдснийх нь 40-50 шахам хувь нь ядуу байна. Бүр 100 доллараас бага цалинтай дэндүү ядуу... Товчхондоо нийгмийн эрс ялгаралт гарчихлаа. Гэтэл бид тухайн үед ирээдүйд ийм юм болно гэж тооцоолоогүй.


-Яагаад?
-Туршлага байгаагүй. Коммунизм байгуулсан, бүгдээрээ... Ардчиллыг дагаад л байгуулсан туршлага байгаа. Эргэх үйл явцаа тооцоолоогүй. Өмч хуваасан. Уг нь тухайн үед ажлын хэсэг гарч, шилжилтийн үед хийх зүйлээ төлөвлөж бичсэн. Тэр бүх юм биелэгдсэн. Харин цаашаа яах вэ гэдгээ мэдээгүй. Энд их сонин байдал үүссэн. Энэ эрх мэдэл, хуулийн цоорхойн зөрчилдөөн дундаас хүн өмчтэй болох язгуур эрх ашгийн төлөөх тэмцэл явагдсан. Хэн яаж чадна тэр бүх боломжоо ашиглаж дайраад хийчихлээ ш дээ. Ихэнх нь олигархи, зарим нь хэтэрхий их идчихээд офшор луугаа явуулчихаж байгаа байхгүй юу. Тэр хүмүүсийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл хуулийн орчин нь тийм л өрсөлдөөнийг бий болгосон. Өчнөөн шаардлага тавиад ч нэмэргүй. Мэдээж тэр дээр байгаа хүмүүс өөрийн болгосон өмчийнхөө эрх ашгийг хамгаална. Ер нь хүний эрх ашиг их өчүүхэн. Эрэмбэлэх юм бол дээр нь улс орны эрх ашиг байна, тийм үү? Манай С.Зоригийн хэлсэн улс орны эрх ашиг. Тэрэн шиг нам, компани гээд явчихна. Ерөнхийдөө хувь хүний эрх ашиг улс орны тусгаар тогтнолоос даваад явчихаж байгаа юм. Энэ бол эмгэнэл. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагад тийм хүмүүс байж байгаа нь хэцүү ш дээ. Хар л даа. Маргаан их жирийн болсон байгаа биз дээ. Төдөн төгрөг идсэн гэхээр аягүй маргалддаг байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн байхад Ц.Шаравдорж гуай намайг утасны лимит хэтрүүлсэн гэж гомдол мэдүүлж, бөөн сенсаци болж байсан. Угтаа би өрөөндөө факс тавьсан. Ганцхан факстай гишүүн... Тэр хавийн бүх туслахууд гадагш дотогш явуулах факсаа гадаад харилцааны хэлтсээр явуулахгүй ганцхан манайхаар явуулаад байсан байгаа юм. Тэгээд би факсаа таслаад төлбөрийг нь төлж байсан гэж одоо яривал хүмүүс инээх биз. Одоо яаж байна вэ... Консерциумын хөрөнгө 700 саяыг идсэн, нэг тэрбумыг хэдэн сайд хувааж идсэн гээд нам хоёр хуваагдчихлаа. Утасны асуудал юу юм бэ? Энэ хоёрын харьцаа инээдтэй байгаа биз дээ. Анх гишүүддээ 10 саяыг хуваарилж байснаа нэг тэрбум, дөрвөн тэрбум болоод л явчихаж байна. УИХ-ын гишүүд хууль боловсруулж, батлах эрхтэй атлаа 76-уулаа сайд болох гээд гүйгээд байна. Гишүүн болохын тулд хамаг “өмдөө” шувталдаг. Луйвардсан бүх мөнгөө гаргаад Монгол Улсыг 76 овог мэт нийгмийн харилцаанд оруулчихаж байна. 76 хүнийг дагасан нийгмийн туйлшрал бий болчихлоо.
-Гишүүн болох маш чухал гэдэг гаж ойлголт, байдлаас гарахын тулд бид яах ёстой юм бэ. Яагаад ингэтлээ улангасаад гүйгээд байгаа нь тодорхой байгаа энэ нөхцөлд?
-Ядуурлын түвшин ийм өндөр байхад бослого тэмцэл гарахгүй байгаагийн бас шалтгаан энд бий. Хөдөө хүмүүс малтай учраас хоол ундаа болгоод байдаг. Хотод бол монголчууд цөөхөн учраас бие биенээ тэтгээд яваад байгаа юм. Хамаатансаг учраас... Солонгост ийм нөхцөлд орвол аль хэдийнэ бослого гарчихсан л байгаа. Францад талхны жин, найрлагад өөрчлөлт оруулахад л бослого гаргаж байна. Манайхан бол юмны үнийг нь нэмээд л байна, нэмээд л байна. Байгаад байна. Тийм биз дээ. Ийм сонин байдал үүсчихээд байгаа юм. Байдал ингэтлээ дордчихоод байхад бослого гарахгүй байгаагийн шалтгаан нь 76 нөлөөллийн хүрээнд хуваарлигдсан учраас тэр. Монгол Улс 76 вант улс, аймаг нь нэмэгдээд 21 холбооны бүгд найрамдах улс болчихсон. Энгийнээр тайлбарлавал, УИХ, Засгийн газар, Ерөнхий сайдынхаа өмнөөс ажлыг нь хийдэг. УИХ-ын гишүүд нь тойрогтоо очоод би ийм юм хийнэ, барина гээд амлаад гүйгээд байдаг. Японд их хурлын гишүүд гэр лүүгээ орох газар доогуурх тусгай унаа байна. Жирийн хүнтэй харьцуулахгүй гэж тэр... Манай төсөв тэдний төсвийн хажууд инээдтэй л дээ. Гэхдээ л тэр улс орныг хөгжүүлэх бодлогыг батлах ёстой болохоос өөр зүйлд сатаарах эрхгүй. Бас нэг жишээ татъя. Банкны асуудал байна. Дэлхийн улс орнуудын зээлийн хүүгийн хувийг хараарай. Жилийн 12-14 хувь л байгаа. Гэтэл манайд сарын 2.4-3 хувь. Ломбард энэ тэр гэвэл 6-10 хувь болоод явчихдаг. Монгол бизнесмэн жилийн 36 хувийн хүүтэй богино хугацааны, дээр нь торгуультай  зээл авдаг бол урд хөршид үсрээд л 3-6 хувийн хүүтэй зээл авна. Оросууд ч бас хямдхан. Япон бол жилийн нэг хувийн хүүтэй урт хугацааны зээл авна ш дээ. Дээр нь гурван жил татваргүй. Зээл авсан хүн, орос, хятад монгол ялгаагүй ашгаа л бодно. Манай хүн бултахаас өөр аргагүй. Автоматаар... Хараарай, Монголын бизнесмэнүүд дунд шоронд орж үзээгүй хүн бараг л байхгүй. Ийм байдал яагаад үүссэн юм бэ гэхээр энэн дээр 180-200 мянган хүнтэй бүхэл бүтэн аппарат ажиллаж байна. Нийт ард түмний 16-17  хувь нь төрийн албан хаагч. Амьдраад л байгаа биз дээ. Бага цалинтай мөртлөө ажиллаад л төрийн албанд орох гэж зүтгээд л... Учир нь бултах гээд гүйгээд байгаа бизнесмэнийг бүгд харж байгаа байхгүй юу. Дор нь нэг харх гүйгээд л... бултаж гүйгээд л байна, энд тэндээс нь шахаж байгаад хавханд оруулна ш дээ. Хавх гэдэг нь шорон... Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч болох нь амьдрах арга болчихоод байгаа юм. 
-Бизнесийн орчноос гадна эрдэс баялгийн салбарт эргэж буй мөнгийг Монголд байлгахын тулд гадны банк оруулах нь зөв гэдэгтэй та санал нийлдэг үү?
-Гадны банк оруулах нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гээд байдаг. Үнэндээ тав, зургаахан гэр бүл, 10-аадхан хүний бизнесийн эрх ашигт л нөлөөлөх асуудал шүү дээ. Яагаад Европын холбоо биднийг офшор гээд байгаа юм бэ. Хадгаламжийн сарын хүү 1.4 гэхээр жилд 16.5. Тэндээс нэг хувийн хүүтэй зээл аваад энд мөнгөө хийчихсэн нь дээр байгаа биз дээ. Ихэнх улсад ашиг нь 7-10 хувь бол максмум ашиг байхгүй юу. Гэтэл зүгээр банкинд хадгалуулаад 16 хувийн ашиг олчихно. Төрийн мөнгөний бодлого гэж ярихад, бодлогын хүү гэж тогтоодог биз. Зарим улсад бодлогын хүү 0.1, 0 үсрээд л нэг хувьтай байна. Гэтэл манайд 13 хувь. 13 хувиар бодлогоо тогтоочихоод дээр нь нэмж Засгийн газрын бонд, Төв банкны үнэт цаас зарлана. Энэ чинь арилжааны банкинд хэрэггүй. Жишээ нь чамд зээл авах ямар ч хэрэг байхгүй. Зүгээр л 16 хувийн ашигтай ажиллаж байхад чинь, тийм биз дээ. Тэрний оронд арай өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллага, доор нь ломбард байгуулах нь дээр. Банкны систем дээрээсээ хүнийг мөлжих зарчмаар ажилладаг. Өөр мөнгөний эх үүсвэр байхгүй. Монголын банк, банк бус санхүүгийн байгууллага, тэгээд ломбард. Эндээс эх үүсвэрээ авдаг хүмүүс яаж ийж байгаад амьдрах гээд арга чаргаа бараад л гүйж байна. Сүүлдээ Монголыг бартерийн компани гэж хэлэгдэхэд хүрлээ. Бүр дундад зууны үе рүү орж байна. Өөр аргагүй, бүгд мөнгөгүй юм чинь... Гол том том мөнгийг өнөө олигархиуд нь офшорт аваачаад хийчихсэн энэ тохиолдолд эргэлдэх мөнгөний эргэлт байхгүй болох нь зүй ёсны асуудал биз дээ. Ер нь хүү өндөр байна гэдэг чинь эрэлт өндөр байгаагийн л илрэл. Зохиомол хомсдолыг бий болгочихсон. Нэгэнт бүгд мөнгөгүй юм чинь мөнгөтэй хүн рүү л явна шүү дээ. Өрийн сүлжээнд бүх хүнийг оруулчихсан. Тэтгэврийнхэн, төрийн албаныхан, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, компанид ажиллагсад бүгд өрийн сүлжээнд орчихсон. Дээр нь улс орон нь өөрөө өрийн сүлжээнд орчихсон. Зах зээлийн хуулиар өр байна гэдэг эрэлт байна гэсэн үг.  
-Мөнгөний хомсдол бий болсон бол эрэлт байна гэсэн үг гэлээ. Тэгвэл гарах гарц нь юу юм бэ?
-Гадны банк оруулж ирэх. Гадныхантай уулзаад ярихад бүгдэд нь л 10, 20 банк орчихсон л байж байна. Харин Монголын Төв банк, алтныхаа баталгаагаар монгол төгрөгийн эргэлтээр хангаж байх ёстой. Зүгээр л чөлөөтэй болгочих ёстой. Гадны банк гэхээр үндэсний эрх ашиг гээд байдаг. Энд ямар ч үндэсний эрх ашиг байхгүй. Мөнгөнд үндэсний эрх ашиг байхгүй. Үндэсний эрх ашиг бол монгол хүний эрх ашиг...Үндсэн хуульд заачихсан байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл бид 500-600 хууль баталсан. Харамсалтай нь дандаа монгол хүний эсрэг. Дандаа эрэмбэлнэ, гадаадын хөрөнгө оруулалт гэхээр дээдэлнэ. Гадаад гэхээр гадаадын хөрөнгө оруулалт гэхээр Монгол Улсын иргэн биш биз дээ. Тэр бүхэнд хөнгөлөлт үзүүлнэ. Ялаа эдэлдэг, шоронд ордог нь монгол хүн. Шуудхан хэлэхэд монгол хүний эрх ашиг гурав, дөрөвт явдаг. Явж явж Монгол чинь хэний улс орон юм бэ гэж бодож сууна. Жишээ нь монгол хүн Австрид байр худалдаж авч болно. Гэхдээ заавал Австри хуульчаар гэрээгээ хийлгүүлнэ. Мэдээж маш өндөр хувь авна. Зөвхөн байр авахад л ийм. Цаана нь тэр австри хүнээ баяжуулж байгаа биз. Харин манайд ийм бодлого байхгүй. Нэгэнт эх орондоо гурав дөрөвдүгээр зэрэгт байгаа юм чинь тэр зэргийн байдлаар л амьдарна биз дээ. Энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ гэвэл бид Үндсэн хуульдаа монгол хүнийхээ эрх ашгийг улс орныхоо эрх ашигтай зэрэгцүүлээд тавьчихсан. Тэгсэн атлаа салбар хуулиудаараа давуу эрхийг нь эдлүүлчихсэн. Ийм болно гэдгийг яг үнэндээ тухайн үед бид тооцоолоогүй. Мэдэх ч үгүй байсан. Логикийн хувьд...
-Үр дүн нь өнөөдрийн бужигнаан... Эсвэл хямрал...
-Монгол хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө л явдаг. Монголын болон монгол хүний эрх ашиг ч тэр хүнд хамаагүй. Тэгсэн мөртлөө бид нар бүгдээрээ шаагилдаад гадны хөрөнгө оруулалт, оруулагчдыг хараагаад байх шаардлагагүй. Хууль нь ийм юм чинь. Дээр нь Үндсэн хууль, хүний эрхээрээ баталгаажуулаад өгчихсөн юм чинь. Үндсэн хуулийн  зургаадугаар зүйлийн нэгд, Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гээд заачихсан байгаа. Тэр газрын баялгаасаа хэн хүртээд байгаа юм бэ, цөөхөн хэдэн хүн. Нэг хүүхэн 220 лиценз авчихлаа гээд бүгдээрээ хашгиралдаад л байдаг. Боломж гарч байгаа юм чинь авна ш дээ, тэр чинь. Тэр хүн зөв менежмэнт хийсэн байна. Угтаа хуулиндаа лиценз авч байгаа хүн заавал монгол, хөрөнгө оруулагч нь заавал Монголын аж ахуйн нэгж байх ёстой. Гадны хөрөнгө орсон байж болох ч заавал Монголын аж ахуйн нэгж... Мэдээж мөнгө нь Монголоор эргэлддэг... Өнөөдөр Монголд мөнгөний хомсдол үүсчихсэн, хэдэн миллиард доллар нь гадуур яваад байна. Хулгайлсан офшор, дээр нь эрдэс баялгийн салбарын гадны хөрөнгө оруулагчдын мөнгө гадуур л яваад байгаа биз. Шүүрэн шанага шиг... Дотор нь хэдэн боорцог... Боорцог хийхэд л шүүрэн шанага хэрэгтэй болохоос тосоо аваад явж болохгүй биз дээ. Тэрэнтэй адил байдал үүсээд байна. Энэ утгаараа бид Үндсэн хуулийн бололцоог нь сайн ашиглаж чадаагүй юм. Үндсэн хуулийн зарим зүйлийг ашиглаад монгол хүнээ хамгаалах салбар хууль хийх хэрэгтэй байсан юм. Зарим хуулийг хар л даа. Төрийн албан хаагч яагаад давуу эрхтэй байгаа юм бэ. Сонин хууль их гарч байна ш дээ. Төрийн албан хаагчид нэг удаагийн тусламж үзүүлнэ, амжиргаа сайтай айлын хүүхдийн мөнгийг хасна ч гэх шиг. Хүний эрх л бол хүний эрх. Тэр хүүхэд амжиргаа сайн орчинд төрсөн нь буруу биш ш дээ. Төрийн албан хаагч жирийн иргэн хоёр адилхан байх ёстой. Нэгд нь хөнгөлөлт үзүүлээд нөгөөд нь үзүүлдэггүй байж болохгүй.Тэгш бус байдлыг үүсгэх боломж нь хуулиараа бий болчихож байхад төрийн алба руу зүтгэхгүй яах юм бэ?
-Тэгэхээр бид эцэг хуулийнхаа боломжийг бүрэн ашигладаггүй, ашиглаж чаддаггүй гэж ойлгож болох нь ээ?
-Заримыг нь ашиглаж чаддаггүй атлаа заримыг нь хэтрүүлээд ашиглачихдаг. Ялангуяа хүний эрхийг бариад Газар, газрын баялгийн тухай хуулийг хэтрүүлэн ашигладаг. Уг нь Монгол Улс монгол хүнийхээ эрхийг дээдлэх ёстой. Яагаад бид нар европ руу дандаа визтэй явдаг юм бэ... Улс орнууд өөрийнхөө иргэний эрхийг хуулиараа нэгд тавьдаг. Өнөөдөр Монголд 180 мянган хүн төрийн алба хашиж байна. Зөв ш дээ, баталгаатай юм чинь. Бодоод үз. АТГ нэг хэрэг илрүүлэхийн тулд 640 сая төгрөг зарцуулсан гэх тооцоо байна. Тэгвэл Улсын мөрдөн байцаах газар, орон нутгийн цагдаагийн газар нэг хэргийг илрүүлэхийн тулд хэдэн төгрөг зарцуулж байгааг олоод харчихаарай. Их сонин тоо гарна. Жилд мөрдөн байцаах газар хэдэн хэрэг, АТГ хэдийг илрүүлсэн юм бэ. Эцэст нь хэлэхэд бид бүх хуулиуддаа нэгдсэн журмаар мониторинг хийж, монгол хүнийхээ эрх ашгийг нэгд тавих ёстой. Яагаад хоёр адилхан бизнесмэн байж гадаад хүнийх нь 100 саяыг нэг хувь, Монгол нь 36 хувийн хүүтэй авч байгаа юм бэ. Яагаад нэг хувийн хүүтэй зээл авчихаад гурван жил татвараас чөлөөлөгддөг юм бэ. Мэдээж нэг хувийн зээл авсан нөхөр бүх татвараа төлнө ш дээ. Дэс бланс  ингэж өөрчлөгдчихөөр эхлээд ашгаа нууна, татвараас нуугдана. Эрх ашгаа нууна. Эцэст нь офшор л үүснэ ш дээ. Хууль эрхзүйн орчноо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Нэгдсэн мониторинг хийхгүйгээр... Одоо бүх зүйл өнгөрлөө, цаашаа явъя. Газрын тухайд гэхэд өнөөдөр нийт монголчуудын тал хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Ийм том газар нутагтай байж, шахалдаж, утаандаа хордоод л... Шалтгаан нь газар үнэгүй байна. Газар өмчлөх асуудал яригдах үед нэг га газар өгье гэж байсан. 10 га-г өгсөн ч яадаг юм бэ. Нэг хүнд нэг га гэвэл 33.5 мянган кв км л болно шүү дээ. Гэтэл манай улс нэг сая 222 кв км газар нутагтай. 33.5 мянга гэдэг чинь Армян улсын нутаг дэвсгэрийн хэмжээ. Тэр газар дээр бүхэл бүтэн улс хөгжиж цэцэглээд яваад байна. Бид нэг хүнд 10 га газар хувьчлаад өмчлүүлээд өгөх ёстой л байхгүй юу. Тэрийгээ эдийн засгийн эргэлтэнд оруул. Даже тэр газар доор нь эрдэс баялаг байвал тэр хүний өмч болох ёстой. Газар доороос агаар хүртэл тэр хүний өмч. Агаар дээр тодорхой өндөрт хүртэл хувийнх байх ёстой. Агаарын шугам татахдаа мөнгө төлөх ёстой. Нийслэлд ийм их утаа униар түгжрэл байгаа ч хүмүүс ирсээр л байна. Яагаад гэвэл амьдралын эх үүсвэр нь энд байна. өөр газар бизнес байхгүй. Яг газартай адилхан. Тэгвэл бүсчлээд татварын хөнгөлөлттэй бүс байгуул. Өнөөдөр 10 хувь байгаа. Тэгвэл хөдөө орон нутагт таван хувийн татвартай бүс байгуулаад Улаанбаатарт 15 хувь болгочих. Бүх компаниуд тийшээ очиж татвар төлнө. Зүгээр л татварын бодлогоор зохицуулах асуудал. Эндээс эхлээд уул уурхайн газар ус ашигласан, байгаль орчин бохирдуулсан асуудлыг шийдэж болно. Одоо манай Дорнодын талд зээр байхгүй болчихсон. Хэдэн мянгаараа бэлчдэг байсан одоо юу ч байхгүй. Шөнө машинаар аччихдаг. Өдөр олон машин цуваад байвал монголчууд хамаг юм зөөчихлөө гээд босдог юм байна л даа. Тиймээс харанхуй болохоор л машинууд явдаг. Тэнд юу ачиж яаж байгааг мэдэхгүй. Монгол хүн нь өөрөө хувийнхаа эрх ашгийг дээдэлдэг. Хүний хувийн эрх ашиг жижигхэн ш дээ. Тэр хүнд таван сая төгрөгийн эрх ашиг орж болно. Улсад 5 миллиардын хохирол учирна. Үүгээрээ би зовлонгийн эх үүсвэртэй тэмц гэж хэлээд байна. Нэг хүн хавдар туссан байна гэж бодоход нүүр амыг нь гоё будаад л гоо сайхны хагалгаанд оруулаад босох уу? Монголын тухайд онош нь саяных. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх, эс өөрчлөх тухай асуудал яг энэ раман дээр хийгдэх ёстой. Ерөнхийлөгч нэг бол ард түмнээсээ сонгогдог, эс бол парламентын засаглалтай байх ёстой. Эрх мэдлийг нь Ерөнхий сайдад өгөх ёстой. Эсвэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн хоёр албан тушаалаа нэгтгээд Засгийн газраа бүрдүүлдэг сонгодог жишээ рүү орох ёстой. 


-Түүнээс гадна Ерөнхийлөгч офшор данстнуудыг сайн дураараа хөрнгөө оруулж ирвэл эхний 10 хүнийг өршөөнө гэсэн. Хэн ч алга байна?
-Хэн итгэх юм бэ. Ил гарчихвал гэр бүлээр нь муулаад, заналт дайсан л гэнэ. Татаж ирүүлмээр байвал Ерөнхийлөгч санаачлаад хууль гаргачих хэрэгтэй. УИХ нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээ хийнэ. Их хуралд офшор данстнуудын олонх нь сууж байгаа юм чинь асуудал нааштайгаар шийдэгдэнэ. Гурван сарын дотор хууль гарцаагүй юм чинь хэн оруулж ирэх юм бэ, тийм биз дээ. Санаа нь зөв ч эрхзүйн орчин нь алга. Товчхондоо тэмцлийн арга нь буруу. Үнэндээ боломж байгаа. Боломжоо ашиглах л хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүд нь сонин л байгаа биз дээ. Та хувьдаа бандаашгүй гарсан ш дээ гэхээр би өмсөөд гарсан гэх түвшинд л ярьж байна. Би яах гэж тайлбар өгсөн юм бэ гэж л бодсон. Төрийн бодлого ийм түвшинд байх ёсгүй. Зүй нь УИХ-ын гишүүд байгаа хуулиудаа салбар салбараар нь хувааж аваад, хүний эрхийн стандарт шаардлагад нийцүүлэх юмаа хийх ёстой. Энийг бусад улс орон бүгд хүлээн зөвшөөрнө.
-Яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Манайх 3.3-хан сая хүн амтай. Гадныхан бүгд өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байна. Гэтэл бид баян амьдарч чадахгүй байна. Бидний тэнэгийг гайхсаар байгаад хар жагсаалтанд оруулчихлаа.  17 орноос есд... Ерөөлийн ес гэж хөөрцгөлөх үү... Энэ чинь ердөө л татвараас бултдаг систем байна гэдгийг л харуулж байгаа юм. Түүнээс биш монголчууд есийг бэлэгддэг гээд есдүгээр байранд оруулсан юм биш.
-Та монголчууд 21 муж, 76 вант улсад хуваагдчихлаа гэж хэлсэн. Тэгвэл зөвхөн Дорнод аймаг гэх тодотголтой ажилд цаг заваа зарцуулж явааг чинь яаж ойлгох вэ. Та ч бас нэг муж байгуулах сонирхолтой юм биш үү?
-Би аргагүйн эрхэнд энэ ажлыг авсан. Энэ вант улсууд чинь бүгд өөрийн гэсэн жижигхэн хүрээлэл үүсгэчихсэн. Тэрэндээ л үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хууль үйлчилдэггүй нэг хүрээлэл байна. Тэрэн доор бас нэг хүрээлэл байна. Тэрэнд нь ч мөн хууль үйлчлэхгүй. Тэрнийхээ төлөө бусдыгаа дараад бүгдээрээ зүтгээд байна. Би бодож байна л даа. Монголд маш олон дээд сургууль байна. Зарим улс найм есхөн дэлхийн зиндааны дээд сургуультай байхад манайх хэдэн зуун сургуультай. Эхэндээ би үүн шиг хэрэггүй юм алга гэж бодож байсан. Сүүлдээ зөв юм байна гэж бодсон. 
-Яагаад тэр вэ?
-Хүнд амьдрах анхан шатны эрхийг  өгч байна. Хотод таатай орчинд амьдарч, мэргэжил эзэмшиж, нийгэмшиж болдог гэдгийг мэдрүүлж өгч байна. Өнөөдөр хуульчаар төгссөн хэдэн мянган хүн байна. Би, хууль зөрчиж болохгүйг мэдэх мэдлэгтэй хүмүүс гарч байна гэж л харж байгаа. Дөрөв таван жил сураад хууль зөрчиж болохгүй юм байна гэсэн ойлголттой гарч байгаа байхгүй юу. Хуульчаар төгсөөд /ресепшн/ манаач, эдийн засагчаар төгсөөд нярав л хийж байна шүү дээ, бодит амьдрал дээр. /инээв/  Гэхдээ сайн тал бас байнаа. Ядаж л хүнийг төлөвшүүлж байна. Бүхэл бүтэн үе... Үүнээс болж, монголчуудын суурь ахуй алга болчихлоо. Хөдөөгүүр малчид гэхээр хэдэн хөгшид л байна. Ийм гоё амьдрал үзсэн залуус хөдөө очоод амьдарч чадахгүй. Эндээс нийгмийн дэс бланс үүсч байгаа юм. Сүүлийн үед хятадуудыг үзэн ядах үзэл хүчээ авч байна. Магадгүй монголчуудад тааруулж гаднаас явуулж байгаа бодлого байх. Монголчууд ядарсных нь талд ордог. Харумафүжиг хар. Зодуулсан хүн нь хөөрхий гэж бодож байтал баалуулсаар байгаад эцэст нь Харумафүжи хамгийн мундаг болж таараа байгаа биз. Монголчуудын онцлог нь энэ. Хятадуудыг муулаад байвал ад үзэхээ болино, тийм үү. Бид нарын писхлогид тааруулж тоглож байна. Телевизээр  солонгосын цувралууд гарч байна. Үр дүнд нь гудамжаар гонжийсон өмдтэй, солонгос үс засалттай туранхай жорго жорго гэсэн явдалтай залуучууд явж байна. Сая хятадууд Монголд 200 кино өгсөн гэсэн. Удахгүй гарч эхэлнэ. Удахгүй Хятадад бүгдээрээ сайн болно. Солонгосыг дуурайж байсан бол Хятад руу хошуурна. Өнөөдөр Монгол Улс 70 сая малтай атлаа хуурай сүү уудаг. Энгийнчилбэл, бид Үндсэн хуулинд мониторинг хийхээс гадна нийгмээ бодох ёстой гэж хэлээд байна.
-Та болохгүй  юм руу яваад байна гэж мэдсэн учраас нэг хэсэг улс төрөөс холдсон хүн үү, эсвэл?
-Бид нар хийх юмаа хийсэн, гаднаас хамааралгүй боллоо гэж бодсон. Нөгөөтэйгүүр 1990-2000 хүртэл маш их депресст үеийг өнгөрөөсөн. Хүнийг хүн гэж харахгүй, энэ чинь МАХН-ын хүн байна гэж хардаг болчихдог. Тийм байдлаар би хүүхдээ өсгөж болохгүй, миний хүүхдүүд хүнтэй тэгж харьцаж болохгүй л байхгүй юу. Хүнийг, эмэгтэй хүн бол эмэгтэй хүн, хүүхэд бол хүүхэд, хөгшин хүн бол хөгшин хүн л гэж харах ёстой. Би тийм өрөөсгөл болсноо гэнэт л мэдсэн. Хоёрт, бидний эхлүүлсэн юм хэвийн зөв явах юм байна гэж бодсон. Тийм итгэл үнэмшил байсан. Гэтэл бүр эсрэг тийшээ явсан. Одоо бүгдээрээ шагшин шуугиж байна. Биднийг муу гэдгийг Европын холбоо хэлчихлээ. Тэгээд би эргэж орж ирсэн. Эдийн засаг, нийгмийн шилжилтийн эхлэлд тэргүүн эгнээнд явж байсан хүний хувьд эргэж орж ирээд засч залруулахын тулд явсан. Миний гол сонирхол, дотор нь орж үзэх. Манай ардчиллынхан ямар болчихсон, нөгөө намынхан ямархуу байгаа юм бэ гэдгийг мэдэхийн тулд дунд нь орж унаж босч явна. Намайг нам дээр хоёр гурван удаа унагасан. Мэдээж мөнгө өгөөд дээшээ гарч болно. Нэр дэвших эрхийн төлөө нэг хүнд хоёр сая төгрөг өгөөд эрхээ авчихаж болно. 180 хүн л ирдэг биз дээ, тэр хуралд чинь. Тэдний 80, 90 хувь нь ирнэ. 46 хүнд хоёр хоёр сая төгрөг өгөөд л гараад явчихна, тийм үү?


-Тийм байх аа...
-Тэрнээс илүү надад энэ хүмүүсийн үзэл бодол чухал. Энэ хүмүүсийн үзэл бодол яагаад ингэтлээ өөрчлөгдчихөв, яагаад бид нийгмээрээ хямарчихав... Монгол тэр чигээрээ хямарсны учиг юу байна вэ гэдэг л чухал. Хэдэн хүнийг үзэн ядаад офшортой улсаа үр хүүхэдтэй нь устгаад асуудал шийдэгдэх үү, Монгол хөгжих үү гэдэгт анхаарал хандуулсан. Үгүй л байхгүй юу. Тэр ч утгаараа би эргэж улс төрд орж ирчихээд тогоонд нь хутгалдаад байж байна. Миний амьдралын утга учир Монгол Улсын тусгаар тогтнол, хүний эрх чөлөө. Монгол тусгаар тогтносон тохиолдолд бид нар үлдсэн юмаа хөдөлгөж чадна. Гэтэл өнөөдөр хүмүүс тусгаар тогтнолыг хөдөлгөх бүх юмыг хийж байна. Энэ тохиолдолд Үндсэн хуулийг баталж байсан мань мэтийн хүмүүс дуугарах ёстой. Энэ талаар дуугардаг Ч.Чимэд гуай байсан, байхгүй болсон. Хүмүүс нь байхгүй бол ам нь үдэгдэж байна.  Хүн болгон хүний халаасанд орсон байна. Бөгс долоогч, цүнх баригч гэж янз янзаар нэрлэж л байна. Гэхдээ энэндээ гол нь биш. Хамгийн их санаа зовоож буй нь тусгаар тогтносон Монгол Улс. Хоёр том гүрний дунд манайх тэсээд үлддэг нь сонин. Энийг баталгаажуулах нь чухал. Урдных шиг манай Монголыг гупер улс гэж үзэхээ больж байна. Машины урдах гупер... Гупер гэдэг чинь хамгаалалт гэсэн утгатай үг. Дайн болбол манай улсын нутаг дэвсгэр дээр болно. Биднийг ийм л гупер улс гэж үздэг байсан. Өдгөө даяаршаад гупер хэрэггүй болж эхэлж байна. Бод л доо. Хятадыг Европтой холбосон төмөр зам Казакстанаар дамжаад Лондон хүртэл явчихлаа. Газ пром нь Сибирь гээд тээр хойгуур явчихлаа. Манайх, Монгол хэрэггүй байхгүй юу. Ийм тохиолдолд бид сэрэмж алдаж болохгүй. Дэлхийн хамтын нийгэмлэгт ороод тусгаар тогтнолоо бэхжүүлээд авах л асуудал байна. Хуучин шигээ биш шүү. Яагаад Сталин хоёр Монголыг нэгтгээгүй юм бэ. Хүчирхэг Монголыг байгуулах дургүй л байсан байна... Угаасаа улс орон, хүмүүсийн бодол, бодлого байнга өөрчлөгдөж байдаг. Оросын бодлого ч гэсэн аймаар өөрчлөгдөж байгаа ш дээ. Монголыг шал өөрөөр бодож эхэлж байна. Одоо бид Монголын эрх ашгийн бодлогыг тавих хэрэгтэй шүү дээ. Түүний тулд эхлээд монгол хүний эрх ашгийг бод. Монгол хүний эрх ашиг бол үндэсний эрх ашиг мөн. Гэтэл бид эрх ашгийнхаа дарааллыг алдчихсан. Монгол үндэстний эрх ашиг гээд банкаа, мөнгөө ингэж болохгүй гээд салбарлуулаад яваад байдаг. Үнэндээ монгол хүний эрх ашиг л номер нэг. Таны хүний эрх хамгийн чухал. Таны амьдрах орчин хамгийн чухал. Та эрүүл орчинд амьдарч, хүчээр баяжих ёстой гэсэн бодлогууд хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, буруу тийшээ салбарлаад явчихсан бодлогоо хүчээр эргүүлэх ёстой. Мэдээж Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхдөө нэг бол Ерөнхийлөгчийн засаглалтай бол. Эс бол хүчтэй Ерөнхийлөгчтэй болж, Ерөнхий сайдынхаа албыг нэгтгэ. Аль эсвэл хүчтэй парламенттай бай. Аль эртний 76 хүнийг худалдаж авч чадахгүй гэх ойлголт одоо эргээд харахад сонин байгаа байхгүй юу. Өнөө 76 чинь улс орноо худалдаад гүйгээд байгаа биз. Нэг биш 76 хүн... Асуудал үүсч байна. Тэгээд одоо баяжсан хүмүүсээ шүүмжлээд атаархаад байна. Өөрсдөө боломж гаргасан, боломжийг нь ашиглаад л баяжчихсан байна. Баяжаагүй нь доороо байж л байна. Би боддог юм, хээл хахууль авч тэр боломжуудаас тэдэнтэй адилхан ашиглаж явсан бол өнөөдөр ийм юм ярих эрхгүй л байх байсан байх. Чи ч гэсэн ийм хахууль авч байсан гэгдэх биз. Надад ямарч уул уурхайн лиценз байхгүй. Би өөрийнхөө толгойгоор, янз бүрийн юм байгуулаад явж л байна. Хэцүү байгаа... Гэхдээ давах аргаа олоод л цаашаа явна шүү дээ. Чи яагаад Дорнод руу хандаж байгаа юм бэ гэж асуусан. Дорнодын хүүхдүүд маш доошоо орчихож. Улс төрд Дорнодын залуу алга, ерөөсөө байхгүй. Учир нь мөнгө их идээд баяжсан хүмүүсийн хүүхдүүдийн боловсрол нь өндөр байна. Тэр хүүхдүүдийн буруу биш. Өндөр боловсролтой хүүхэд өндөрт ажиллах нь зөв. Нөгөөтэйгүүр тэр хөдөөний хүүхдийн буруу бас биш. Монгол ахуйд өсөөд хотод ирж, манаач хийж яваа нь буруу биш ш дээ. Би энэ жил зургаан хүүхдийн магистр, дөрвөн хүүхдийн баклаврын төлбөрийг даагаад төгсгөж байна. Надад тийм их мөнгө байхгүй. Заримдаа дутагдана шүү дээ, амьдрал л юм чинь. Үнэндээ тэр 10 хүн Монголд юу ч биш. Тэгэхээр цэцэрлэгийн хүүхэд рүү анхаарал хандуулж унаган орос хэлтэй болгоё гэж бодож байна. Оростой эдийн засгийн харьцаа нойль руу орчихлоо. Төмөр замаас өөр юм бараг алга. Гэхдээ том гүрэн гэдэг утгаараа эдийн засгийн коридор гэхчлэн том юм яривал автоматаар орос хэлтэй хүн хэрэгтэй болно. Тиймдээ зүүн бүсийн нутгийн зөвлөлийг байгуулсан. Ганцхан бус дөрвөн аймаг нийлээд... Би энэ жил цэцэрлэгийн багш бэлдэхээр 20 хүүхэд Агын буриад руу явууллаа.
-Ингэхэд Зүүн бүсийн нутгийн зөвлөлийн хэтийн төлөв, төлөвлөгөө сонирхол татаж байна шүү?
-Зүүн бүсийн нутгийн зөвлөл зүүн бүсийн хөгжилд Солонгосын Шинэ тосгон гэдэг хөгжлийн загварыг оруулж байна. Шинэ сум төслийг хэрэгжүүлэх санаа байна. Сонирхуулахад өвлийн олимп болсон Пёнчан 1970 онд туйлын ядуу, байгалийн баялаггүй, 24 м газар ногоо тарьж амьдардаг 4000 хүнтэй суурин л байсан. Дээшээ уул руугаа гараад туулайн бөөрөө иддэг нөхөд. Ямар ч дэд бүтэцгүй... Тэгсэн эмэгтэйчүүд нь нэгдэе гээд шуудай, хувцас оёх захиалга аваад ажлаа эхлүүлсэн. Дээр үеийн солонгос кино үзээрэй. Бүх эмэгтэйчүүд нь тайрмал үстэй. Нөхдүүд үсээ тайрч парик хийсэн байгаа юм. Ургахаар нь тайраад хиймэл сормуус хийдэг. Өдгөө Пёнчаны хиймэл үс, сормуус технологиороо дэлхийд гайхагддаг. Тэгж байгаад тосгоноороо цуглараад, нэг хүн 70 вон гаргаж, хуримтлал үүсгэсэн. Манайхаар 140 төгрөг. 4000 мянгаар үржүүлээд 2.8 сая төгрөг. Ярилцаж байгаад тариа таръя гэсэн чинь газаргүй улс чинь яах вэ, уулаа буулгаж эхэлсэн. Их хэмжээний чулуу гарахаар нь тосгоныхоо зам, сүүлд нь хашаа, байшин бариад сүрлэн дээвэр хийсэн... Айл болгон чулуун хашаа, байшинтай, чулуун замтай улс чинь орон нутгийн зам руугаа орно биз. 1970 онд Пак генерал очоод, энэ их зөв ажил байна гээд Шинэ тосгон гэж улсын хороо байгуулан 12 мянган тосгонд зэрэг төсөл эхлүүлж. Пёнчанынхан удалгүй 4 сая төгрөгтэй болж, 15 үхэр авч баяр хийжээ. Уулаа буулгасан улс талбай дээрээ наранцэцэг тарьж, үйлдвэрт тушаадаг байсан бол удалгүй өөрсдөө үйлдвэр байгуулсан. Угаас Пёнчанынхны зорилго нэгд, хүүхдийн дэлхийн энтэй дээд боловсролтой болгох, хоёрт, хөгширөхөөрөө хамгийн сайн эмнэлэгт эмчлүүлж, сувилуулах, гуравт, сайн хувцаслаж, чанартай хооллох байсан юм гэдэг. Тэд хүссэндээ хүрсэн. 50 жилийн өмнө тартагтаа тулсан байсан ядруухан тосгонд өнөөдөр хүн төрөлхтний их наадам болох өвлийн олимп болж байна. Тэндхийн эмнэлэг Солонгост бүү хэл дэлхийд яригддаг. Ер нь бол 50 жил гэдэг дунджаар хүний амьдралын нэг үе. Харин бид одоогоор бүх юмаа ширээн доор хийчихсэн байж байна. Өнөөдрийн хэрүүл бол юу ч биш. Дэндүү жижиг асуудал. Тэр хүн "бандааш"-тай айлаас гарна уу, яана ёстой падгүй асуудал. Улсын хөгжлийн асуудлын дэргэд үнэхээр юу ч биш шүү. Гагцхүү тэр хүн кноп дарахдаа зөв юман дээр л дарах ёстой. Тэр ч утгаараа өнөөдөр болж буй маргаан шуугиан бүгдийг нойллоод, хуулиа гаргаад, монгол хүн бүр хамт суугаад үндэсний зөвшилцөл хийх хэрэгтэй. Одоо муудахаа больцгооё. Тэртээ тэргүй Монголыг бүх хүн муу болгоод дууссан. Албан тушаалтнууд нь эндээ, хулгайч нар нь дэлхийгээр тарж, брэндийн бараа хулгайлж авчираад хямдаар зарж, муу муухайгаа гайхуулцгаачихсан. Тэгэхээр одоо бүгдийг нойллоод, цаашдаа яаж хөгжихөө ярих хэрэгтэй. Солонгосууд 15 үхэртэй болчихоод баяр хийж байхад манайхан 1000 хоньтой мөртлөө төр засгаа хараагаад сууж байдаг. Үнээгээ саагаад, сүүгээ зарахын оронд төр засгаа хараагаад, хуурай сүү уугаад байж байдаг. Ийм байж болохгүй ээ. 

З.УРАНСҮХ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.120.234.xxx]

    Ерөнхийлөгчийн ард түмнээс биш парламентаас сонгодог байх хэрэгтэй. Үгүй бол монгол улс сүйрнэ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?