АЛТАЙ ТАВАН БОГДОД 7-9 ДҮГЭЭР САРД АВИРАЛТ ХИЙХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ

Сэтгүүлчийн үг

Зуны дэлгэр цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэллээ. Эрхэм уншигч та хаана, хэрхэн амрахаа хараахан шийдээгүй байгаа бол үзэсгэлэнт сайхан байгальтай, эртний хүмүүсийн ул мөр бүхий Алтай Таван Богдын цогцолбор газраар аялангаа амрахыг зөвлөж байна. 

 Алтай Таван богдод манай орны хамгийн том гурван мөсөн бий

Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун захад нийслэл Улаанбаатар хотоос 1821 км, Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумдыг заагт оршдог. Монгол Улсад «Богд» гэсэн үг орсон 280 гаруй уул байдгаас хамгийн өндөр нь Алтай Таван богд /4374/  юм. Түүнчлэн монголын түүх уран зохиолын хосгүй дурсгал болох "Монголын нууц товчоо" номонд "Улуг таг" /Их уул/ хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий зэрэг олон мөнх цаст оргилуудтай. Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол зэрэг манай орны хамгийн том гурван мөсөн гол тэнд оршдог юм. Эдгээрийн хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 20 км урт. Монгол Улсын хилийн нэгдүгээр багана мөн Алтай Таван богдод байрласан байдаг.

Хүйтний оргилд түүхэнд анх Москвагийн Их сургуулийн сонсогч ах дүү хоёр авирчээ

Г.Н.Потанин, М.В.Певцов зэрэг оросын судлаачид ХІХ зууны сүүлчээр хэд хэдэн удаа тус нутгаар аялж судалгааны ажлуудыг эхлүүлжээ. Мөн 1905, 1906, 1908, 1909 онуудад Томскийн Их Сургуулийн профессор В.В.Сапожниковын экспедиц Алтай Таван Богд уул болон мөсөн голуудыг судалжээ. Түүний "Эрчис, Ховд голын эхэн дэх Алтай" номонд Алтай таван богд уулын оргилуудыг өндөр, өнөөдөр устаж үгүй болсон мөсөн голууд, тэдгээрийн хэмжээг дурдсан байдаг юм. Мөн Москвагийн Их сургуулийн сонсогчид болох ах дүү Борис, Михайл Тронов нар 1915 онд Хүйтний оргилд түүхэнд анх удаа амжилттай авирсан байна. Харин манай орны иргэдийн хувьд 1956 оноос Алтай Таван Богд ууланд авиралт хийж эхэлсэн түүхтэй юм.


Алтай Таван богдод хэзээ авирвал тохиромжтой вэ?


Жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7-9 сард цаг агаар хамгийн тогтвортой байдаг тул илүү тохиромжтой юм. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлыг үзэж болдог. Уулын эргэн тойронд жуулчны бааз, зочид буудал байхгүй. Зөвхөн майханд, эсвэл нутгийн иргэдийн гэрт /өдөрт нэг хүн 20000-30000 төгрөг/ хонож болно.

Алтай таван богдод яаж очих вэ?

Тус уул нь Монгол Улсын хилийн бүсэд хамаарах тул Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас /Улаанбаатар хотоос ирэх хүмүүс Хил хамгаалах ерөнхий газраас/ хилийн бүс нэвтрэх зөвшөөрөл /үнэгүй/, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар /3000 төгрөг/ авсан байх шаардлагатай.

Алтай Таван богд уул нь Өлгий хотоос ойролцоогоор 200 км зайд оршдог. Тус газарт очихын тулд Өлгий хот-Улаанхус сум-Согог баг-Хөх хөтөл баг-Ойгорын гол-Алтай Таван богд, эсвэл Өлгий хот-Улаанхус сум-Цэнгэл сум-Загаст нуур баг-Шивээт хайрхан-Цагаан гол-Алтай Таван богд гэсэн үндсэн 2 маршрутаар машинаар явах боломжтой. Мөн морьтой, явган аялал хийж болно. Ихэнх газруудаас мобиком, юнител, жи-мобайлын сүлжээ барина.

Зам зуур юу үзэж болох вэ?


Үндэстэн ястнуудын амьдралтай танилцах.
 Зам зуур казах, тува түмний амьдрал ахуй, бүргэдчинтэй хамт явж бүргэдээр ан хийх урлагтай танилцах /өдөрт 50000-80000 төгрөг/, мөн гартаа бүргэд суулгаж дурсгалын зураг татуулах боломжтой. Зам дагуух айлуудаас морь хөлслөн авч болно. Морины хөлс өдөрт 25000-30000 орчим төгрөг байна.

Цагаан салаагийн хадны сүг зураг. Алтай Таван богд уулын эргэн тойронд эртний хүмүүсийн үлдээсэн түүхэн дурсгалууд олноор тохиолддог. Тэдний нэг болох Цагаан салаагийн хадны сүг зураг нь Монголын соёлыг дэлхийд гайхуулдаг түүхэн дурсгалуудын нэг юм. Цагаан салаагийн хадны сүг зураг нь аймгийн төвөөс 165 км-т оршдог. Уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг. Уртаашаа 15 км, өргөөшөө 500 м орчим зайд үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 10000 орчим зургаас бүрддэг байна. Сүг зурагт хүмүүс араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлж, ан гөрөө хийх, тариа ногоо тариалах, мал амьтан гаршуулах, үхэр тэргээр тээвэр хийх зэргээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг ч дүрслэн үлдээсэн байдаг. Эдгээр зургаас хүмүүс эдий үед ямар багаж, хэрэгсэл хийж эхэлснийг, тухайн үед ямар амьтад энэ газарт зонхилон амьдарч байсныг, хэзээ ямар амьтныг гаршуулж уналга эдэлгээнд хэрэглэж эхэлснийг, хэзээнээс газар тариалан эрхэлж анжис, нум сум, дугуй зэргийг хэрэглэх болсныг, цэрэг дайны бэлтгэлээ яаж хийдэг байсныг, ямар зүйлийг шүтээнээ болгодог байсныг, хэзээнээс малдаа тамга хэрэглэж ирснийг, сүг зургийн тархалтаар тухайн үед монгол орны хаана хүн амьдрах таатай орчин бүрдэж байсан зэргийг тодорхойлох боломжтой.


Шивээт хайрханы хадны зургийн цогцолбор
.
 Хар салаа, Цагаан салаа голуудын хөндийд байрладаг. Зурагтай талбайн нийт хэмжээ нь ойролцоогоор 12 хавтгай дөрвөлжин км. Уг хадны зургийн дурсгалыг эртний анчид, малчид үлдээсэн гэж эрдэмтэд үздэг. Цаг хугацааны хувьд хүрлийн түрүү үеэс эртний түрэгийн үе хүртэлх түүхийн урт удаан хугацааг хамарна. Ихэнх зургуудад янгир, буга агнаж байгаа анчид, дайн байлдаан хийж байгаа хүмүүс, элдэв домгийн амьтад дүрслэгдсэнээс гадна зарим нэгэн буга, үхэр, араатнуудын их бие, эвэр дээр төрөл бүрийн тамга сийлсэн харагдана.  Шивээт хайрханы хадны зураг Цагаан Салаа, Арал толгойн хадны сүг зургийн хамтаар онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна.
Хадны сүг зургууд нь эрт дээр үеэс Төв болон Хойд Азид  оршин амьдарч байсан олон үндэстэн, ястныг судлахад үнэтэй хувь нэмэр оруулдаг.


Хүн чулуу. Алтай Таван богд ууланд явах дээрх маршрутын дагуу Цэнгэл сумын нутагт орших Цагаан голын баруун хойших дэнж, дэвсэг хөндий, мөн голын зүүн хойд талд Цагаан салаа хэмээх газарт байрлах хүн чулуунууд, Улаанхус сумын Хар ямаатын голын хөндийд орших хүн чулууны цогцолборыг үзэж сонирхох боломжтой юм.

Хэрвээ та Алтай Таван богд очихоор шийдсэн бол дулаан хувцаслан хувийн бэлтгэлээ сайтар хангаж, найдвартай унаа, хөтчөөр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн хилийн бүсээр аялахдаа иргэний үнэмлэх, гадаадын иргэд паспортаа биедээ заавал авч явах шаардлагатай юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?