ВЛАДИМИР ПУТИН: ТОМ ХАРИУЦЛАГА ҮҮРЧ БАЙГАА БОЛ АМЬДРАЛЫНХАА ЭХНИЙ БӨГӨӨД ЭЦСИЙН ӨДӨР МЭТ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

Сэтгүүлчийн үг

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн NBC телевизийн сэтгүүлч хөтлөгч Мегин Келлинд өнгөрсөн сарын эхэнд өгсөн ярилцлагаас хэсэгчлэн хүргэе.

-Та өнөөдөр Орос улс зэвсгийн шинэ систем боловсруулж, тив алгасах баллистик пуужинтай боллоо хэмээн зарласан. Барууны шинжээчид таны мэдэгдлийг хүйтэн дайн зарлалаа гэж дүгнэлээ? 
-Миний бодлоор таны дурьдсан хүмүүс шинжээчид биш. Тэдний хийж байгаа зүйл бол суртал ухуулга. Учир нь миний өнөөдрийн ярьсан зүйл бидний зорилго биш. Гагцхүү АНУ-ын хамгаалалтын баллистик пуужингийн хөтөлбөр, бас Вашингтон 2002 оны Баллистик Пуужингийн эсрэг олон улсын гэрээнээс гарсны хариу. Эхлээд бид тэдэнд хэлэлцээрээс гарахгүй байх санал тавьсан ч тэд гарсан. Үүний дараа ч бид тэдэнд хамтрах санал тавьсан. Хэрэв Орос бас АНУ-ын хамтарсан баг стратегийн аюулгүй байдлын салбарт хамтран ажиллавал хэрхэх, дэлхийн аюулгүй байдлын түвшин хэрхэн өсөхийг хэлсэн ч тэд татгалзсан хариу өгсөн.  
-Тэр үед та АНУ-ыг алдаа гаргалаа гэж байсан. Өнөөдөр та АНУ аюул заналхийлж байна гэж харж байна уу?
-Пуужингын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх нь аюул дагуулна гэдгийг бид үргэлж хэлж байсан. АНУ-ын түншүүд үүнийг ил тод хүлээн зөвшөөрөлгүй, пуужинг Ираны эсрэг чиглүүлсэн хэмээн мэдэгдэж байсан ч яриа хэлэлцээрийн явцад манай цөмийн хоригийн боломжийг үгүй хийнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нөхцөл байдлыг төсөөлье. 1972 оны хэлэлцээрт ямар зорилгоор гарын үсэг зурсан билээ... АНУ болон ЗСБНХУ-д пуужингийн довтолгооноос хамгаалагдсан хоёр л бүс байсан. Уг хоёр бүсийг болзошгүй аюул заналхийлэл учруулагчдад хариу үзүүлэх зорилгоор байгуулсан. Харин 2002 онд АНУ уг бүсийг хэрэггүй гэж үзсэн. 
-2001 оны есдүгээр сарын 11. Үйл явдлын дараа АНУ аюулгүй байдлын бодлогоо өөрчилсөн нь зөв байсан гэдэгтээ та санал нийлэх үү?


-Үгүй. Ямар ч утгагүй тайлбар. Пуужингийн довтолгооны системийг террористуудад байхгүй баллистик пуужингаас хамгаалах зорилгоор бүтээсэн. Энэ бол танай нэвтрүүлгийг үздэг гэрийн эзэгтэй нарт зориулсан тайлбар. Хэрэв гэрийн эзэгтэй нар миний хэлэхийг сонсож байгаа бол есдүгээр сарын 11-ны үйл явдал бас пуужингаас хамгаалах систем хоорондоо ямар ч холбоогүй гэдгийг ойлгоно. Террорист халдлагаас хамгаалахад их гүрнүүд хүчээ нэгтгэх хэрэгтэй болохоос бие биедээ заналхийлэх ёсгүй.    
-Таны өнөөдрийн ярьсан тив алгасах баллистик пуужинг туршсан уу. Туршилт амжилттай болсон уу. Шинжээчид туршилт хийсэн ч амжилтгүй болсон гэж мэдээлсэн болохоор асууж байна л даа? 
-Би өнөөдөр хэд хэдэн системийн талаар ярьсан. Та алийг нь ярьж байна. Тив алгасагч хүнд баллистик пуужинг хэлж байна уу?
-Тийм ээ...
-Миний өнөөдрийн ярьсан бүхэн пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хөгжлийн тухай байсан.   
-Та Орос болон танай холбоотнуудын эсрэг дайралт өгсөн үед эдгээр зэвсгийг хэрэглэнэ гэж мэдэгдсэн. Миний таниас асуух асуулт бол та ямар ч хамаагүй дайралт гэсэн үү, эсвэл зөвхөн цөмийн цохилтыг онцолсон уу? 
-Би өнөөдөр аль 2004 онд Авангард пуужингийн системийг хөгжүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан тухайгаа дурьдсан. Энэ талаар АНУ сонсоод хамтрах талаар хэлэлцэнэ гэж найдсан ч санаснаар болсонгүй. Нөгөөтэйгүүр стратегийн зэвсэглэлийн тоог бууруулах, пуужингаас хамгаалах систем хоёр хоорондоо ялгаатай.  
-Та стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээний хэлэлцээрийг үргэлжүүлэх сонирхолтой байгаа юм уу?
-Энэ гэрээ удахгүй дуусгавар болно. Хэлэлцээрийг үргэлжүүлэхэд бид бэлэн байгаа. Бидэнд юу чухал вэ гэхээр нөхцөлийг хэвээр үргэлжүүлж, пуужин тээвэрлэгч болон цэнэгт хошууг цөөрүүлэх саналыг зөвшөөрөх. Гэхдээ АBM системийг эсэргүүцэх чадалтай зэвсэг бий болж байхад тоог бууруулах нь  тийм ч чухал биш. 
-Хэлэлцээрийн нэг хэсэг нь энэ зэвсгийн тухай байх уу?
-Хэдэн тооны пуужин тээвэрлэгч болон цэнэгт хошуу байхыг тооцоолох хэрэгтэй. Цэргийн салбарынхан үүнийг яаж хийхээ сайн мэддэг. Тэд хамтарч мэргэжлийн түвшинд ажиллаж чаддаг. Юу хийхээ ч сайн мэддэг. Гагцхүү улстөрчид л баахан дэмий ярьцгаадаг.
-Та өөрөө улстөрч мөн биз дээ?
-Би цэргийн хүн. Оросын зэвсэгт хүчний командлагч. Бас 17-н жил тагнуулын оффицер байсан. 
-Та үүгээрээ бахархдаг уу. КГБ-д алба хаших танд таалагддаг байсан уу. Хүмүүс энэ тухай мэдээсэй гэж хүсдэг үү?
-Сэтгэл хөдлөлөөр ханддаггүй. Энэ байгууллагад ажилласнаар өөр бусад салбаруудад ч ажиллах туршлагатай болгосон. Иргэний салбарт ороход минь энэ эерэг туршлага их хэрэг болсон. 
-Яаж?
-Тагнуулын албанаас гараад Санкт-Петербургийн их сургуульд ректорын туслахаар ажилласан. Хүмүүстэй хамтран ажиллаж, холбоо тогтоон, тэднийг зоригжуулж, нэгтгэж чадсан. Академик орчинд энэ чадвар их чухал. Дараа нь  Санкт-Петербург хотын дэд даргын илүү өндөр хариуцлагатай албыг хашсан.  Таван сая хүн амтай их хотын олон улсын харилцааг хариуцдаг байлаа. Энэ үед би Хэнри Киссингертэй анх уулзсан. Энэ бүх туршлага хожим намайг Москвад томилогдоход нөлөөлсөн болов уу... 
-Сонгууль хоёр долоо хоногийн дараа болох гэж байна. Та 65 настай. Ихэнх хүмүүсийн хувьд амьдрал удааширч эхэлдэг. Ирээдүйгээ та ингэж хардаг уу?
-Дэлхийн эргэн тойронд надаас настай идэвхтэй ажиллаж байгаа улстөрчид байгаа.
-Манай улс ч үүнд орж байна? 
-АНУ төдийгүй бусад олон оронд байгаа. Ийм хүмүүс Европт ч олон. Хэрэв их том хариуцлага үүрч байгаа бол амьдралынхаа эхний бөгөөд эцсийн өдөр мэт ажиллах хэрэгтэй. Үндсэн хууль гэж бий. Би Үндсэн хуулийг хэзээ ч зөрчиж, бас өөрчилж байгаагүй. Хэрэв сонгогчид надад дахин боломж олговол би бүх чадлаа дайчлах болно. 
-Ерөнхийлөгчийн хувьд таны хамгийн том амжилт бас алдаа юу вэ. Алдаа онооноос та юуг суралцсан бэ?
-Бидний том амжилт бол улсын маань эдийн засаг үндсээрээ өөрчлөгдсөн явдал. Хэмжээний хувьд бараг хоёр дахин. Ядуурлын шугамнаас доогуур амьдралтай хүмүүсийн тоо тал хувиар буурсан. Үүнтэй зэрэгцэн ядуурлын шугамнаас доогуур амьдралтай хүмүүсийн үлдсэн хувийг эзлэх тоо том хэвээр байгаад анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй. Их, бага орлоготой иргэдийн ялгааг арилгах шаардлагатай. Энэ контекстийн хүрээнд том амжилтанд хүрсэн ч шийдэгдээгүй асуудлууд бас бий. 2000-аад оны эхээр манай улсын хүн ам жилд нэг саяар багассан. Гамшиг.... Та төсөөлж байна уу, бараг 900.000 хүн. Харин өдгөө өөрчлөгдсөн. Хүн амын тоо өссөн. Нярайн эндэгдэл буурч, эхийн эндэгдэлгүй болсон. Эх хүүхдийг дэмжих том хэмжээний хөтөлбөрийг бэлтгэн хэрэгжүүлж байна. Бидний дундаж наслалт өссөн. Манай эдийн засагт олон өөрчлөлт гарсан. Гэхдээ хараахан эдийн засгийн бүтцийг шаардлагатай хэмжээнд өөрчилж чадаагүй л байна. Товчхондоо бид гол зорилгодоо хүрээгүй байна. Бас хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт шаардлагатай хэмжээнд хүрээгүй байгаа ч бид яаж хийхээ мэдэж байгаа. Хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ салбарт тодорхой арга хэмжээ авах макро эзийн засгийн нөхцөл бүрэлдээгүй байснаас хийх боломж саяхныг хүртэл бидэнд байсангүй.  
-Та АНУ-ыг Оросын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлдөг хэмээн ил тод мэдэгдсэн. Зөв үү?
-Дандаа л оролцдог шүү дээ. 
-Гэхдээ Орос, Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцоогүй гэж үү?
-Бидэнд тийм зорилго байхгүй. Боломж ч байхгүй. Нэгд, бид өөрсдийн дотоод хэрэгтээ бусдыг оролцуулахгүй,  бусдын хэрэгт ч хошуу дүрэхгүй гэсэн зарчмыг баримталдаг. Хоёрт, бидэнд бусдын сонгуульд хөндлөнгөөс оролцох хэрэгсэл байхгүй. 
-Оросын 13 иргэн, гурван байгууллага манай Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн нь таныхаар хэвийн зүйл үү?
-Энэ чинь надад хамаагүй. Учир нь тэдгээр байгууллага бас хүмүүс Засгийн газрын төлөөлөл биш.  Хэрэв та үүнд сэтгэл зовниод байгаа бол албан ёсоор мэдэгдээд, баталгаагаа бичиг баримтаар илгээж, тэдгээр хүмүүсийг юунд буруутгаж буйгаа тайлбарла. Бид тэдгээр хүмүүсийг Оросын хуулийг зөрчсөн эсэхийг шалгана. Та хэдэн хувь хүн бас оросууд гэлээ. Тэгээд юу гэж? Тэд оросууд атлаа Америкийн компанид ажилладаг байх магадлалтай. Магад тэдний нэг нэр дэвшигчдийн нэгт ажилласан байж болно. Би энэ тухай мэдэхгүй. Энэ бол миний асуудал биш. Жишээлбэл, та Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Трамп ялсан байхад Украйны албатууд Хиллари Клинтонд баяр хүргэснийг мэдэх үү. Бид энэнтэй ямар хамаатай юм бэ?
-Танаас тэгвэл би ингэж асууя. Та ОХУ, сонгуульд оролцохыг тушаагаагүй гэлээ. Тэгвэл та сонгуульд оролцохыг хүлээн зөвшөөрөх юм уу?
-Бид хүлээн зөвшөөрдөггүй эсвэл тушаадаггүй. Гэхдээ АНУ-ын дотоодын улс төрд “юм” болгож, үр дүнд хүрэх гэсэн хүмүүс байгаа. Тэд бусад улсуудад ч үүнийгээ хэрэглэсэн байх. Франц, Герман, Ази, Оросоос ч хамаатай гэсэн мэдээллээ аваа биз. Энэ нь тэгээд бидэнд ямар хамаатай юм бэ. Мэдээж, хэрэв таны нэр дурьдсан хүмүүс Оросын хуулийг зөрчсөн бол тэднийг яллах л болно. Орост амьдарч байгаа бол Америкийн биш Оросын хуульд захирагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм ч байдаг. Хэрэв та нар бидэндэй тохиролцоонд хүрмээр байгаа бол хэлэлцээрийн субьектээ сонгон хэлэлцээр хийж, гарын үсэг зурах ёстой. Гэхдээ та нар татгалзсан. Би танд гуравдахь удаагаа хэлж байна. Бид та нарт кибер орон зайд хамтран ажиллах саналыг тавьсан ч татгалзаж,  оронд нь Оросын 13 иргэний нэрийг хэвлэлээр цацсан. Магад тэд Орос биш, Оросын иргэншилтэй украйн, татар, еврейчүүд ч байж болно. Нягтлах л ёстой. Хоёр иргэншилтэй ногоон карттай ч юм билүү, хэн мэдэх юм бэ. Эсвэл нэгдсэн Улс тэдэнд үүнийг хийсний төлөө мөнгө төлсөн ч юм билүү...
-Тэр хүмүүсийн нэг нь таны сайн найз Евгений Пригожин байсныг та мэдэх үү?
-Мэднэ, гэхдээ Евгений Пригожен миний найз биш. Бас төрийн хүн ч биш. Бидэнтэй огт хамаагүй.
-Замбараагүйтэл үүсгэх нь Оросын зорилго биз дээ?
-Сонс... Ерөнхийлөгч Трамп маш зөв зүйл хэлсэн. Хэрэв Оросын зорилго замбараагүйтлийг тарих байсан бол амжилттай байжээ. Гэхдээ энд Оросын оролцоо байгаагүй, харин танай улс төрийн систем, дотоодын асуудал, гажуудал бас хуваагдал. Орос ямар ч хамаагүй. Эхлээд өөрсдийнхөө хэргийг дэг журманд нь оруул. Та нар эхлээд хамтрагчдаа хүндэл... Харин дараа нь хамтрагчид чинь та нарыг хүндэлнэ. 
-Оросыг бид кибер дайнд орно гэж ойлгож болох уу?
-Оросыг юунд ч оролцуулах хэрэггүйг та ойлго. Хойд Солонгосыг ч оролцуулж болохгүй. Та юу яриад байг юм бэ. Бид бие бие рүүгээ довтлох ямар хэрэгтэй юм бэ... Бид хамтрах санал л тавьж байна шүү дээ. 

Г.БАЯНЖАРГАЛ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?