ЗАРИМ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол, Оросын хамтарсан “Русский сургууль", “Онол”, “Хөгжлийн гүүр” зэрэг таван сургууль, “Хишиг-Эрдэм”, “Төгсзаяа”, Цоглог жаалууд”, 36 дугаар цэцэрлэг зэрэг 17 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа нийслэлийн Боловсролын газарт хүргүүлжээ.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

-Өнгөрсөн тавдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг, сургуулиудад хяналт шалгалт хийхэд цөөнгүй нь шалгалтад бүдэрсэн гэсэн. Тиймээс тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналаа хүргэсэн байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, НМХГ-ын даргын баталсан 62-01/135 тоот удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудад хийсэн хяналт шалгалтаар боловсролын стандартыг зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй таван сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг өнгөрсөн зургаадугаар сарын 6-ны ,өдөр БСШУСЯ-д албан бичгээр хүргүүлсэн. Түүнчлэн их эрсдэлтэй үнэлэгдсэн 17 цэцэрлэгийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн.

-Танай албан бичигт хэдий хэр хугацаанд хариу өгөх ёстой юм бэ?

-Ирэх хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-наас өмнө хариу өгөх ёстой. Ерөнхийдөө бол нийслэлийн Боловсролын газар хурдан шуурхай ажиллаж байгаа гэж ойлгож болно. 

Өнгөрсөн зургаадугаар сарын 28-ны өдөр Газрын даргын зөвлөлийн хурлаар дээрх таван сургуулийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаргахад 29-ны өдөр нь нийслэлийн Боловсролын газраас тус таван сургуулийн захирлуудад энэ талаар сонсгол хийсэн байсан.

-Өмнө нь танай байгууллага энэ чиглэлээр хяналт шалгалт хийж, бүдэрсэн сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа хүргэж байсан. Гэтэл танай санал хэрэгжсэн мэдээлэл байдаггүй.

-Өмнө нь 2015 онд боловсролын стандартыг зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй буюу их эрсдэлтэй үнэлэгдсэн сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоож байсан. Нийслэлийн боловсролын газраас манай саналыг дэмжиж ажилласан.

-Дээрх сургууль, цэцэрлэгийг их эрсдэлтэй гэж үнэлсэн гэсэн. Үнэлгээг хэрхэн хийдэг юм бэ?

-Улсын байцаагч 6.2 кодтой “Ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны асуултын хүрээнд тухайн шалгуулагч байгууллагуудад шалгалт хийхдээ асуулт бүрээр үнэлгээ тавьдаг. Өөрөөр хэлбэл, 83 асуулттай асуулгын хүрээнд хяналт шалгалт хийдэг гэсэн үг. Энэ үнэлгээг нэгтгэж тухайн шалгуулагч этгээдийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид зааснаар шаардлага хангаагүй асуултын тоо 50-аас дээш бол их эрсдэлтэй гэж үздэг.

-Хичээлийн шинэ жил ганцхан сарын дараа эхлэх гэж байна. Ойрын хугацаанд энэ төрлийн хяналт шалгалтыг дахин хийх үү?

-Хийхээр төлөвлөсөн. Ирэх наймдугаар сарын 15-наас эхлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын үйл ажиллагаанд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийнэ. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн урсгал болон их засварын ажлын чанар, гүйцэтгэл болон орчны эрүүл ахуйн нөхцөл, багшлах боловсон хүчний хангалт, хичээлийн хөтөлбөр, хуваарь, сурах бичгийн хүргэлт, түгээлтийн байдалд хяналт шалгалт хийнэ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?