СОЛОНГОСЫН ВИЗ ДАГАСАН БИЗНЕС

Сэтгүүлчийн үг

Монгол Улс  эдийн засгийн 18 хувийн өсөлтөөрөө дэлхийг шагшуулсан хэдхэн жилийн хугацаанд харийн улсад ажиллаж, амьдарч байсан элэг нэгтнүүд байтугай гаднын иргэдийн цуваа хэсэгтээ биднийг чиглэж байв.

 

Гэвч улс төрийн тогтворгүй байдал, улстөрчдийн хувийн тоглолтоос болж эдийн засаг хасах баланс руу ортлоо сэхээнд орсныг эдийн засагчид ямар нэг хэлбэрээр хэлдэг. Ямартай ч эдийн засаг сэхээнд орсны нөлөөгөөр эх орноосоо дүрвэх монголчуудын цуваа дахин сэдэрсэн гэхэд хилсдэхгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд өдөрт 800-1,000 иргэн БНСУ руу зорчих виз хүсдэг гэхээр танд нэгийг эрхгүй бодогдуулах байх. Тиймээс энэ асуултад хариулт эрэхээр урьтаж виз мэдүүлгийг дагасан бизнес цэцэглэснийг сурвалжлахаар зорьсон юм.

 Өдөрт 800-1,000 иргэн БНСУ руу зорчих виз хүсдэг.

 
 

Өөрөөр хэлбэл, БНСУ нь гаднын улсаас хөдөлмөрийн хүч олноор авдгаараа Азидаа дээгүүрт бичигддэг. Тэр хэрээрээ улс орны эдийн засаг өсөх үндсэн шалтгаан болдог гэж улстөрчид нь хүртэл хэлдэг юм билээ. Гэтэл манай улс хөдөлмөрийн насны залуусаараа тэдэнд бэлэглээд зогсохгүй багагүй валют гадагш урсах боломжийг нээж өгснөө анзаараагүй бололтой. Элчин сайдын яамнаас хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан виз мэдүүлгийн төвийн олонх нь солонгос иргэдийн хөрөнгө оруулалттай байдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, виз мэдүүлэхэд нэг иргэний халааснаас дунджаар 50-60 мянган төгрөг гардаг. Дээрх тоог 1,000-аар үржүүлбэл өдөрт 60 сая, сард 1.8 тэрбум төгрөг болох нь. 

Ийм их хэмжээний мөнгө эргэлддэг болохоор виз мэдүүлэх төвийнхөн баталгаагүй материалыг хүртэл хүлээж авахдаа нэг их зовнидоггүй гэсэн.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ВИЗ МЭДҮҮЛЭХ төвийнхөн АЖИЛДАА ХАЙНГА ХАНДДАГ

Виз мэдүүлгийн төвийнхөн иргэдийг хохироодог, тэдэнтэй мэргэжлийн ёс зүйгүй ханддаг зэрэг асуудал бугшсаар нэлээд удаж буй. Харин бугшсан идээ бээрийг Элчин сайдын яамныхан оны эхээр бага боловч шахаж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдийн үзэмжээр хандаж, бусдад давуу боломж олгох замаар дараалал дайруулсан виз мэдүүлгийн төвийн тусгай зөвшөөрлийг цуцалж, дахин тендер зарласнаар “Дидо” аялал зуучлалын компани, “Бамбай сеьюрити сервис” гэсэн хоёр компани жагсаалтад нэмэгдэж, виз мэдүүлгийн төв найм болж өргөжсөн нь энэ.

Угтаа бол виз мэдүүлгийн төвийнхөн хилийн дээс алхах хүсэлтэй иргэдийн хүсэл тэмүүлэл дээр тоглолт хийгээд удсан байтал виз мэдүүлгийн төвийн тоог ийнхүү нэгээр нэмсэн нь эрхгүй хардлага төрүүлнэ. Энэ нь нэг талаасаа тус улсыг зорих иргэдийн тоо олширсон. Нөгөө талаасаа бүртгэлийн хураамжтай шууд холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Ингэж хэлэх шалтгаан нь ажилдаа хариуцлагагүй, харилцааны соёлгүй гэж олон удаа шүүмжилж, санал хүсэлтээ хүргүүлсэн атал үүнийг нь Элчин сайдын яамныхан өнгөрсөн хугацаанд хайхарсан нь цөөхөн. Тэгсэн хэрнээ виз мэдүүлгийн төвийн тоог нэмсэн нь ингэж хардахад хүргэж буй.

Харин энэ оны эхээр нэг төвийн эрхийг цуцалснаар дураараа аашилдаг тэдний хазаарыг татахад бага боловч дэм болсон юм. Гэвч “Гээндээ ч, гоондоо ч" гэдэг шиг асуудлын зангилаа Элчин сайдын яам, виз мэдүүлгийн тевийн аль алинд бий гэдэг нь доорх хэдэн жишээгээр батлагдах байх. Яг ийм асуудлаар манай сонинд хандсан иргэн Э-гийн гомдлыг сийрүүлэн хүргэе.

Иргэн Э-ийн нагац эгч нуруу, нугасны хорт хавдар гэдэг оноштой болох нь батлагдаж, улмаар Солонгос Улсад яаралтай хагалгаанд орохоор болжээ. Хагалгаа хийх эмнэлгээс нь долоодугаар сарын эхний 10 хоногт багтаж ирэхийг сануулсан байдаг. Энэ дагуу өвчтөний ар гэрийнхэн “Passport Express International" буюу яаралтай виз мэдүүлгийн төвд долоодугаар сарын 2-ны өглөө материалаа бүрдүүлж өгчээ. Энэ үеэр тус төвийн ажилтан “Гурав хоногийн дотор хариу өгнө. Г эхдээ яг энэ хугацаанд амжихгүй байх магадлалтай учир 4-5 хоног хүлээлгэх байх" гэж хэлжээ. Гэтэл товлосон хугацаа хэдийн нь өнгөрч улсын баяр наадамтай залгасан байна.

Учрыг тодруулахаар “Элчин сайдын яамнаас хариу ирээгүй” гэхээс өөрийг хэлээгүй учир арга буюу Элчин сайдын яамтай холбогдоход “Таны материал долоодугаар сарын 4-ний өдөр манайд ирсэн. Энэ хугацаанаас хойш ажлын гурав хоног гээд тооцвол долоодугаар сарын 10-нд буюу өнөөдөр хариу өгөх ёстой. Материал шалгаж дууссан учир хариугаа авч болно” гэж мэдэгджээ. Ингэж цаг хугацаа алдах хооронд өвчтөний биеийн байдал улам муудаж, өвчин намдаагч тариа ч нөлөөлөхөө больсон байна. Ямартай ч зөвшөөрсөн хариу ирсэн учир Солонгос Улсад хагалгаанд орж амжилттай болжээ. Гэвч цаг хугацаа хэт алдсанаас болж хавдар тархаж, бусад эрхтэндээ нөлөөлсөн байх талтай гэдгийг эмч нар дуулгасан байна. Үүнийг сонссон дүү нь сэхээнд орсон эгчийгээ сахихаар виз мэдүүлсэн гэнэ.

Эгчийгээ асрахаар виз мэдүүлэхэд дүүд нь виз олгох боломжгүй гэж. Учрыг нь лавлатал “Хагалгаа хийсэн эмнэлгээс хоёрдогч асран хамгаалагч хэрэггүй гэсэн учир татгалзсан хариу өгсөн” гэжээ. Ийм хариу сонссон ар гэрийнхэн нь гайхах нь ойлгомжтой. Тиймээс Солонгос дахь эмнэлэгтэй холбогдож ийм хариу ирүүлсэн эсэхийг тодруулахад “Тийм хариу өгөөгүй. Харин ч Элчин сайдын яамны ажилчин утсаар ярихдаа “Найдваргүй хүнийг урих хэрэг байна уу’’гэх маягийн зүйл ярьсан” гэжээ. Татгалзсан хариу өгсөн шалтгаанаа худал тайлбарласан гэдгийг Элчин сайдын яамныханд дамжуулж “Ямар учраас” гэж асуухад “Гадаад харилцааны яамтайгаа холбогд. Бидэнд өөр хэлэх зүйл алга” гэсэн байна. Эндээс үзвэл, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилчид виз хүссэн иргэдийн материалыг судлахдаа хайнга ханддаг бүр цаашлаад өөрсдийн үзэмжийг хэт голчилдог байх нь. Нөгөөтэйгүүр виз мэдүүлгийн төвийнхөн тэр дундаа яаралтай үед визэнд зуучлах эрх бүхий “Passport Express International” төвийн ажилчид ажилдаа хайнга ханддаг болох нь харагдаж буй байх. Тэдний эл хайнга, хүнд суртлаас болж хэдэн ч иргэний амь нас дээсэн дөрөөн дээр очсоныг таашгүй юм. Ямартай ч дээрх иргэний хувьд азаар хагалгаанд орж амжсан. Гэхдээ дүүгээрээ асруулж, элгээ дэвтээх боломжоо хасуулсан. Мэдээж Элчин сайдын яамны ажилчдын буруутай үйлдлээс болж тэр шүү дээ.

Тэгвэл Элчин сайдын яамныхан зөвхөн иргэн Э-гийн нагац эгчид л ингэж харгис хандсан юм биш. Өнгөрсөн зургаадугаар сард БНСУ-д суралцахаар хоёр жил бэлтгэл хийсэн иргэн Я.Эрдэнэ-Отгонд тэднээс болж мөн л хохирч үлдсэн юм. Тодруулбал, БНСУ-ын Ионсей их сургуульд суралцахаар хүсэлт гаргасан Я.Эрдэнэ-Отгоныг өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд ярилцлагад орохыг урьсан байна. Иймээс Баянзүрх дүүргийн “С” визний мэдүүлгийн төв буюу иргэдийн мэддэгчлэн Багшийн дээд сургуулийн автобусны урд байрлах виз мэдүүлгийн төвд материалаа бүрдүүлж өгсөн байна. Гэтэл тус төвийн ажилтан Гэрлээ нь иргэн Я.Эрдэнэ-Отгоны материалыг Элчин сайдын яаманд материал хүлээлгэж өгөх хугацаанаас хоцроож өгснөөс болж виз нь хугацаандаа амжиж гараагүй аж. Түүгээр зогсохгүй иргэн Гэрлээ нь эл хэргээ нуун дарагдуулахын тулд Элчин сайдын яамны ажилтантай үгсэж, оффисын утсаар нь Ионсей их сургуультай холбогдож, ярилцлагынх нь цагийг цуцлуулсан байдаг.

Эндээс үзвэл, виз мэдүүлгийн төвийнхөн Элчин сайдын яамны ажилчидтай хамтарч иргэдийг хохироох явдал цөөнгүй гардаг болох нь батлагдаж буй байх. Гэтэл ийм үйлдэл удаа дараа гарсаар байхад Элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтнууд нэг ч удаа албан ёсоор тайлбар хийсэнгүй. Арга ч үгүй байх. Учир нь Монгол Улсын эдийн засаг сэхээнд орсноос болж харийн улсад хар ажил хийх сонирхолтой залуусын цуваа нэмэгдсэн. Дээр нь элэг, улаан хоолойн хорт хавдраар монголчууд Азидаа битгий хэл дэлхийд дээгүүрт бичигддэг. Хавдартай иргэд ихэвчлэн Солонгос Улсад хагалгаанд ордог. Ийм байхад Солонгосын Элчин сайдын яамныхан дээгүүр харж, пээдийхгүй гээд яалтай билээ.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЖИЛТНЫ ТАЙЛБАР

Элчин сайдын яамны ажилтнаас зарим нэг зүйлийг тодруулахад “Өдөрт 800-1000 иргэний материалыг хүлээж авдаг. Гэтэл наймхан ажилтантай учир ачааллаа дийлдэггүй” гэв. Түүнчлэн “Виз мэдүүлэхтэй холбоотой ямар асуудал үүссэнийг шалгаж үзэх хэрэгтэй. Тэгж байж үнэхээр бодитой гомдол эсэхийг мэднэ. Зарим иргэд хэтэрхий өөрсдийгөө өмөөрдөг. Хэрвээ бүрдүүлж өгсөн материал асуудалгүй бол виз олгоход татгалзах зүйлгүй. Татгалзсан хариу өгчхөөд үүнийгээ тайлбарладаггүй гэдэг. Гэтэл паспортын арын хуудсанд тусгай номер тавьсан байгаа. Номер бүр ямар шалтгаанаар татвалзсаныг илэрхийлдэг. Элчин сайдын яамны цахим хуудсанд хандаж, номероо хийвэл тус бүрт хамаарах шалтгааныг мэдэх боломжтой ” гэсэн юм.

Ямартай ч Солонгос Улс руу зорчих хүсэлтэй иргэдийн тоо сараар бус өдрөөр өсч байна. Төрийн эрх баригчид ажлын байр нэмэгдүүлэх дорвитой алхам хийхгүй хойргошох зуур зарим нэг иргэн бүртгэлийн хураамж, орчуулга, анкет гэсэн тогтмол хэдхэн нэршилд дулдуйдан тэрбум тэрбумаар нь халаасалж суугаа. Тэгсэн атлаа виз мэдүүлсэн нийт иргэдийн 80 орчим хувьд нь татгалзсан хариу өгдөг гэхээр магадгүй бохир бизнес цэцэглэсэн ч байх гэж хардахад хүргэж буй юм. Учир нь өвчтөний материалыг цаг хожимдуулж өгчихөөд буруугаа бусад руу чихдэг. Виз хүссэн иргэний материалыг нь дутуу судалж татгалзсан хариу өгчхөөд буруугаа хил дамжуулж зүг буруулдаг гээд энгийн иргэн бидний санаанд ч багтахааргүй булхай, луйвар хийж чаддаг хүмүүс тэр байтугайг хийж чадах нь ойлгомжтой. Тиймээс л виз мэдүүлгийн төвийн ажилчдад хуулийн хүрээнд цочроо өгөх нь зүйн хэрэг биз ээ.

 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?