АРДЧИЛСАН НАМЫН МЭДЭГДЭЛ

Сэтгүүлчийн үг

Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлагдсан байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан бөгөөд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа Турк улсын иргэн юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2-р зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадуур гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг баривчлах, албадан саатуулах, өөр улс уруу шилжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг ноцтой зөрчсөн, хүний хулгайн гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно.

 

Гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг Монгол Улсаас тухайн улс уруу шилжүүлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гагцхүү прокурорын саналыг харгалзан Монгол Улсын шүүх хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

Иймд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, Турк улс уруу шилжүүлэгдэх гэж байгаа талаарх мэдээллийг яаралтай шалган тогтоож, Монгол Улсыг үл хүндэтгэсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН У.ХҮРЭЛСҮХ та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, Монгол төрийн бие даасан байдал, хилийн халдашгүй байдлыг тууштай хамгаалж ажиллах болно.

 

АРДЧИЛСАН НАМ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [122.201.22.xxx]

    Коммунист Ман хаана бн

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?