ЗАСГИЙН ГАЗАР Д.ЖИГЖИДНЯМААГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Он гарснаас хойш төмөр замтай холбоотой хэд хэдэн ноцтой осол гарлаа. Осол гарах бүрт УБТЗ-аас байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан, төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан гэхчлэн өөрсдөөсөө зайлуулж, биднээс болоогүй гэсэн амиа хаацайлсан тайлбар тависаар ирэв. Энэ бүхэнд ч ард түмэн нээрээ ч аргагүй биз, байгалийн гамшгийг яалтай билээ гэхчлэн өрөвдөж, хаацайлсаар ирсэн нь эцэс сүүлдээ өөрсдөө ч амиа алдаж мэдэхээр аюултай нөхцөл байдалд хүргэж байна. 

Байгалийн гамшиг байж болно, дэр мод хуучирч ялзарсан байж болно. Гэхдээ энийг наана нь үзлэг шалгалтаар тогтоож, хүчтэй борооны ая даахааргүй байвал цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, чиглэлд гаргах, байнгын хянаж шалгаж байх нь УБТЗ-ынхны үүрэг байлтай. Нэн ялангуяа УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа удирдаж буй газраа удирдлагаар хангаж, үүрэг чиглэл өгч байх ёстой. Гэтэл хүн ичмээр инээдтэй тайлбар хийгээд сууж байх юм. 

Тиймдээ ч УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг яамныхаа удирдлагууд шиг хариуцлагаа хүлээж, ажлаа өгч, огцрохыг олон түмэн шаардаж эхлээд байна. Харин иргэдийн энэхүү саналыг Засгийн газар дэмжиж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Зөвхөн иргэдийн шаардлагаар ч бус төмөр замтай холбоотой хэд хэдэн ноцтой асуудал гарсан, мөн ажил нь урагшлахгүй байж өөрөө улсын хөрөнгөнөөс тэрбум гаруй төгрөг завчуулсан хэрэгт нэр нь холбогдсон гээд олон шалтгаанаар түүнийг огцруулах асуудлыг хөндөхөөр болсон байна. 

Зөвхөн 2018 он гарсаар төмөр замтай холбоотой дөрвөн осол гарсан байна. Энэ бол маш их тоо. Тодруулбал, Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Дархан-Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн гал тэрэгний хамгийн урд талын зүтгүүрт гал гарсан ноцтой хэрэг гарсан. Осол Дархан хотоос Эрдэнэт хот руу салдаг автозамын уулзвар дээр болсон бөгөөд хоёр машинист уг галыг унтраасан байдаг. Хэрвээ зүтгүүрт гал гарсныг машинистууд тэр даруйд мэдээгүй бол гал арын вагонууд руу маш хурдан тархаж, тухайн галт тэргээр зорчиж байсан олон зуун хүний амь, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох байжээ.

 Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 03-ны өдөр “Дархан-2 өртөөний нэгдүгээр замд байсан хоёр вагонд ивүүр тавиагүйн улмаас вагон өнхөрч гол зам руу орсон” талаар тус өртөөний хоёр ажилтан хоорондоо бичсэн мессэж олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Уг ослын улмаас ямар нэгэн бодит хохирол учраагүй ч гэлээ цаг тухайд нь уг асуудлыг шийдвэрлээгүй бол тус вагонууд орон нутгийн болон олон улсын вагонтой мөргөлдөж болох байжээ. 

Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард Дархан-1 өртөөний 16 дугаар замаар ОХУ-аас БНХАУ-ын хооронд тээвэрлэлт хийж явсан 2508 дугаартай ачааны галт тэрэгний дунд хэсэг буюу 15-24 дэх вагон замаасаа гарч унасан юм. 

Хамгийн сүүлийн жишээг дурдахад, Улаанбаатараас Сайншандыг чиглэж явсан 328 зорчигчтой галт тэрэг өнгөрсөн ням гаригийн үүрээр осолдож, дөрвөн вагон замаасаа гарав. Ослын улмаас 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэнээс хоёр хүний биеийн байдал тааруу байна. Түүний нэг нь элэг задарсан, баруун хавирганууд хугарсан, тархины доргилттой хэмээн хагалгаанд ороод байгаа юм. 

Тэгэхээр энэ бүх асуудалд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тухайн газрыг удирдаж байгаагийн хувьд зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Байгалийн гамшиг, дэр мод ялзарч муудсан зэрэг тайлбар тавьж, өөрсдийгөө хаацайлдаг байдлыг үүгээр зогсоох хэрэгтэй. Мөн хуучирч муудсан 1000 вагон оруулж ирсэн хэргийг АТГ дээр шалгагдаж байгаа гээд УБТЗ-тай холбоотой асуудлууд түм бумаараа байна. Д.Жигжиднямаа дарга хэдий хүртэл асуудал бүрийг байгал цаг уур, хуучин муухай болгон руу чихэж өөрөө хариуцлагаас мултрах билээ дээ. Энэ бүгд ажлын хариуцлага алдсаны учраас, удирдаж буй газраа удирдлага, арга зүйгээр хангаж чадаагүй учраас л төмөр замтай холбоотой асуудлууд шил шилээ даран гарч ирсээр байгаа юм. Үнэн хэрэгтэй төмөр зам Монголд анх хэзээ тавьсан тэр цагаасаа хойш хэдэн удаа урсгал засвар хийгдсэн, хамгийн сүүлийн засвар үйлчилгээ хэзээ хийгдсэн гээд асуудлыг шийдвэрлэхийг хүсвэл хэдхэн удаагийн шалгалт зохион байгуулаад л одоогийн энэ аюултай нөхцөл байдлыг алдаа эндэгдэлгүй даван гарах боломж байсан уу гэвэл байсан шүү дээ. Төмөр замтай холбоотой өнөөдөр үүсээд буй бүх асуудалд та болон таны шууд удирдлага дор байгаа хүмүүс анхаарлаа хандуулж, бас хариуцлагаа хүлээх нь зүйтэй.

                                                                                                             Эх сурвалж: zaluu.com

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?