З.НАРАНТУЯА: ЗАСГИЙН ГАЗРЫН НЭГДМЭЛ БАЙДАЛ, ЕРӨНХИЙ САЙДЫН КАБИНЕТАА УДИРДАХ УР ЧАДВАР ДУТАГДАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

 

-Эрх баригч нам эдийн засгийн таатай нөхцөл боломжийг ашиглаж чадахгүй байна гэж та хэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа энэ үеийг ашиглаж чадахгүй байна гэсэн үг үү?

 

-Энэ Засгийн газар улс төрийн эрх мэдлийн хувьд ч, төсөв, санхүүгийн хувьд ч хамгийн тааламжтай орчинд ажиллаж байгаа. Гадаад зах зээлийн үнийн цикл хамгийн тааламжтай үед байна. Нүүрс, зэсийн үнийн өсөлтөөс төсөвт төвлөрүүлдэг орлогын хэмжээ л гэхэд 3-4 дахин өсч, 300 орчим сая ам.доллар байсан орлогын хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Төсвийн урсгал зардлыг үр ашигтайгаар хуваарилж, хэмнэлт гаргах замаар эдийн засгийн бусад салбаруудыг дэмжих боломж гарч ирсэн хэдий ч ашиглаж чадахгүй байна.

 

65 суудал бол Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний эрх мэдэл. Ард түмэн МАН-д хангалттай итгэж, хангалттай эрх мэдлийг өгсөн. Эдийн засгийн хямралыг гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад маш хурдан хугацаанд даван тууллаа. Харин засаглалын хямрал нүүрлээд байна. Нэг үгээр, эдийн засгийн хямрал бус засаглалын хямрал руугаа анхаарах болсон байна. Нэг нам 65-уулаа, үнэмлэхүй олонх байгаа хэрнэ яагаад засаглалын хямралд хүргэчих вэ. Энэ бол эрх баригчдын хоорондын эрх мэдлийн төлөөх тулалдаан, түүний хор уршиг. Энэ хагарал, тэмцэл мэдрэгдэж байна. Энд ажиллаж байгаа жирийн гишүүд ажил хийх ямар ч боломж байхгүй. Эрх баригчдын хоорондын тулаан, зөрчлөөс болж Монголын төрд шийдвэртэй ямар ч ажил хийгдэхгүй байна. УИХ тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргахад түүнийг биелүүлэх, хэрэгжилтийг хангах нь Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаа. Энэ алдагдсан. Бүх яам, агентлаг дээр 2-3 бүлэглэл үүсчихээд байна. “чиний хүн, миний хүн” гэж ярьж байна. Үүнээсээ болоод төрийн ажил УИХ дээр ч, Засгийн газарт ч доод шатандаа ч явахаа болилоо. Үүний илрэл нь Зам тээвэр хөгжлийн яаман дээр болсон хүн амины хэрэг. Ийм байгаа тохиолдолд энэ Засгийн газраас юу ч хүлээгээд нэмэргүй гэдэг нь харагдаж байна. МАН-д 65 суудал өгсний үр дүн гарсангүй. Тиймээс чаддаг юм бол 65 хуралдаж Засгийн газрынхаа шинэ бодлогыг хэрэгжүүлж Монгол Улсыг үсрэнгүй хөгжилд хүргэж чадахгүй юмаа гэхэд өдөр тутмынх нь хэвийн үйл ажиллагааг хангаад явах Засгийн газар байгуул. Тэгж чадахгүй бол УИХ огцорсон дээр. Дахин сонгууль явуулж, хүчний харьцаагаа өөрчлөхгүй бол энэ байдлаараа дахиад хоёр жил явна гэвэл Монгол Улс зөвхөн эдийн засаг бус засаглалынхаа төвшинд хямралд ороод элгээрээ хэвтэх нь.

 

Улс төрийн нөхцөл байдлын хувьд бодлогын томоохон шийдвэрүүдийг ямар ч саадгүйгээр гаргах сайхан боломжийг сонгогчид бүрдүүлж өгсөн. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эдийн засаг, санхүүгийн таатай орчныг бий болгож өгч байгаа хэдий ч эв нэгдэлгүй талцаж хуваагдсан байдал, бодлогын тодорхой шийдэлгүй зэргээсээ шалтгаалан энэхүү таатай боломжийг ашиглаж чадахгүй, цаг хугацааг бодит үр дүн муутай өнгөрүүлж байгааг шүүмжилсэн юм.

 

-АН-аас шаардлагаар эрх баригч нам Засгийн газраа өөрчлөх ч юм уу цаашилбал, УИХ-аа тараана гэж мэдээж байхгүй. Тэгэхээр цаашдаа АН-аас энэ асуудалд ямар байр суурьтайгаар хандах вэ?

 

Эрх баригчид мэдээж Засгийн газраа унагахгүй ч ёс зүй, хариуцлагын асуудлыг нь авч хэлэлцэж, шийдэл, чиглэл өгөх байх гэж найдаж байна. Цаг хугацааны үнэ цэнэ, алдагдсан боломж, түүний өртөг төлөөс гэдэг ойлголт эдийн засагт байдаг. Энэ агуулгаар нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэвэл, Засгийн газартай хариуцлага ярих улс төрийн болон хууль эрх зүйн нөхцөл аль хэдийн бүрдсэн. Сонгуулийн хугацааных нь 60 хувь өнгөрсөн байтал мөрийн хөтөлбөрийн биелэлт нь 40 гаруйхан хувьтай байна. Эдийн засагт ногоон гэрлийг асаалаа гэж хоёр жил гаруй ярьсан. Макро эдийн засгийн энэ хэдэн тоо сайжирснаар нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлууд бүхэлдээ шийдэгдчихгүй. Таатай орчинд ямар бодлого, арга хэмжээг хэр зөв, оновчтой тодорхойлж, үр дүнтэй зохион байгуулж, удирдаж чадна, тэр хэмжээгээр л бодит өсөлтүүд гарч, удаан хугацаанд тогтвортой үргэлжлэх эерэг нөхцөл бий болж, дараагийн ололт амжилтын суурь болж зохицолдож явах учиртай. Төрийг удирдаж, ийм үр дүнд хүргэж чадах эсэх нь ЗГ-ын нэгдмэл үйл ажиллагаа буюу цэвэр Ерөнхий сайдын ур чадвар, кабинетаа удирдах авьяас чадвараас хамаарна гэсэн үг. Энэ өнцгөөс нь АН дүгнэж, энэ Засгийн газар ч чадварын хувьд Монгол улсын хөгжлийн өнөөгийн дүр зургийг зөв оношилж, богино хугацаанд шинэ шатанд гаргах дорвитой бодлого, шийдэмгий шинэчлэл, өөрчлөлтийг эхлүүлж чадсангүй гэж үзсэн. Ядаж ойрын дөрвөн жилд хэрэгжүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд ч бодит үр дүн, ахиц гаргаж чадахгүй хугацаагаа дуусгахаар харагдаж байна.

 

-Шалтгааныг нь та юу гэж харж байна?

 

-Бодлогоо нэгтгэж чадахгүй байна. Монгол Улсын хөгжлийн концепцийг зураад, чиглүүлээд өгөх ерөнхий стратегич буюу лидер нь тодорч харагдахгүй байна. Төрийн институциудын хэвийн үйл ажиллагааны хэм хэмжээ улам л алдагдаж байгааг зөвхөн сүүлийн хэдэн хоногийн үйл явдлууд бодитойгоор харууллаа. Яам, агентлагуудын хооронд, бүр нэг байгууллагын доторхи газар, хэлтсүүд хүртэл удирдаж байгаа дарга нарынхаа хувийн харьцааны улмаас эвлэж, нэгдэж ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш болж.

 

-Засгийн газраа огцруулахгүй бол УИХ-ыг тараах тухайд хуулийн үндэслэл нь ямар байдаг юм бэ?

 

-УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ыг тараах гурван тохиолдол бий. Хуулийн 31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон; 31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон бол.

 

-Эрх баригч намын бүлэг хоёр хуваагдаад жил гаруй боллоо. АН-ын бүлэг нөгөө бүлэгтэй нь нийлж Засгийн газрыг огцруулах тоглолт хийж байна гэсэн хардлага ч гараад байна?

 

-Сөрөг хүчний хувьд эрх баригч намын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилт, амласан амлалтыг нь шахаж ажиллах үүргээ гүйцэтгэж байгаа. Энэ хэвээрээ үргэлжилбэл Засгийн газар өдөр тутмын үйл ажиллагаагаа ч хэрэгжүүлж чадахгүй, төрийн ажил зогсонги байдалд орох дүр төрх ажиглагдаж байна.Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаа, санаачилгагүй үлбэгэр, сул байдлыг шүүмжилж өчигдрийн мэдэгдлийг хийсэн. Үнэхээр ч олон олон хариуцлагагүй үйлдлүүд гарлаа шүү дээ. АН МАН-ын 33 ч юм уу 32-ын аль нэгтэй нь нийлээд улс төр хийгээд, Засгийн газрыг тогтворгүй байлгах тухай огт яригдаагүй. Эрх баригч намынхан хагаралтай байдлаа нэн даруй зогсоож, эрх барьж байгаагаа ойлгож, хариуцлагатай, ёс зүйтэй, ухамсартайгаар улс төрөө хийгээсэй гэж хүсмээр байна.

 

-УИХ-ын ээлжит сонгууль болоод хоёр жил болж байна. Энэ хугацаанд Засгийн газраа хоёр ч удаа өөрчилсөн. Гэтэл гурав дахь удаагаа өөрчлөх шаардлагыг АН-аас тавилаа. Засгийн газраа өөрчлөөд байх нь ард түмэнд ашиггүй байна шүү дээ?

 

-Засгийн газрыг ойр ойрхон огцруулах нь мэдээж таатай зүйл биш. Гэхдээ улс орон даяар хариуцлагагүйн зуд нүүрлэчихээд байхад ЗГ-ын бүрэн эрхийн тухай ярих л ёстой. Энэ бол зарчим.

 

-ОУВС-гийнхан долдугаар сард манай улсад ажилласан. Та ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

 

-ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эерэгээр үнэлж байгаа. Төсвийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн хямралыг даван туулахад чиглэсэн богино хугацааны зорилт бүхий хөтөлбөр л дөө.

 

-Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг ОУВС-гийнхантай зөвшилцөж байж шийднэ гэж байгаа. Харин ОУВС-аас энэ асуудлаа Монгол Улсын Засгийн газар өөрсдөө шийдэх ёстой гэсэн тайлбар өгөөд байгаа?

 

-Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын шийдэх асуудал мөн боловч ОУВС-тай тохирсон зардлын тооцоонд нөлөөлөх учраас тохиролцсон тоонууддаа нийцүүлэхийн тулд зөвшилцөх шаардлага үүснэ.

 

-АН нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Сөрөг хүчний хувьд энэ чухал сонгууль. Танай намаас ямар хүн нэр дэвшүүлэх вэ?

 

-Хуульд заасны дагуу АН нөхөн сонгуульд оролцоно гэдэг шийдвэрээ гаргаад, СЕХ-д бүртгүүлсэн. Хэнтий аймгийн иргэдийг төлөөлөх учраас аймагтаа танигдсан, аймгийн нийт иргэдийг төлөөлж УИХ-д ажиллах чадвартай гэдгээ харуулсан хүн байх ёстой. Нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүс бий. Гэхдээ тухайн хүний рейтингийн судалгаа болон бусад нөхцөл байдлыг үндэслэн намын эрх бүхий байгууллага шийдвэрээ гаргана. Тэгэхээр ҮБХ дахин хуралдаж эцсийн шийдвэрийг гаргах болов уу. Нөхөн сонгууль эрх барьж байгаа намын хувьд чухал биш байж магадгүй. Аль болох энэ сонгуулийг явуулахгүй, Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгээд байж байх санаархал байх шиг байна. Харин АН-ын хувьд мэдээж чухал сонгууль.

 

                                                                                                              ЭХ СУРВАЛЖ: WWW.ITOIM.MN



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?