ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 320 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо наймдугаар сарын 19-ний өдөр хуралдаж, одоогийн мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сард 320 мянган төгрөг, нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс сард 420 мянган төгрөг, нэг цагт 2500 төгрөгөөр тус тус 33.3-75 хувиар нэмэгдүүлэн шинэчлэн тогтоожээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал мэдээлэл өглөө.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай байгаа. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Үүнийг  2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа. Тиймээс хоёр жил тутамд нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтооно гэсэн  хуулийн дагуу гурван талт Үндэсний хороо хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, мэргэжил харгалзахгүйгээр энгийн ажил гүйцэтгүүлсэнд  өгч байгаа цалин хөлсний хамгийн доод хэмжээг хэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохдоо инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмж, эдийн засгийн өсөлт зэрэг хэд хэдэн  хүчин зүйлийг харгалзан үзсэний үр дүнд тогтоодог. Энэ удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн 1904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онуудад одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэнэ гэсэн УИХ-ын тогтоолын заалтыг хүчингүй болгох шаардлагатай байна гэдэгт гурван талт нэгдсэн. 2018 оны улсын хэлэлцээрт ҮЭ-ийн байгууллагуудын эзэд, Засгийн газар хамтран ирэх оны дөрөвдүгээр улиралд цалин хөлсийг тодорхой хэмжээгээр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэн гэсэн хэлэлцээр байгуулсан. ОУВС-тай уг асуудлаар тодорхой хэлэлцээрт хүрч зөвшилцөлд хүрсэн.

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд мөрдөгдөж эхлэх дээрх  шийдвэрийг таван сарын өмнө яаран мэдээлж байгаа нь эргээд эдийн засагт савлагаа бий болгоно. Хичээл сургууль орох гэж байгаа энэ үед үнийн хөөргөдөл бий болбол хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас хөдөлмөрийн доод хөлсийг шинэчилсэн. Яаран хэвлэлийн хурал хийж байгаа асуултад хариулахад олон түмэнд мэдээллийг тухай бүрт нь хүргэх хэрэгтэй гэж бодсон. 2019 оны төсвийг боловсруулах ажил ид явагдаж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй  холбоотой төсвийн төсөл боловсруулахаас өмнө шийдвэр зайлшгүй гарсан байх шаардлагатай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар үргэлжлүүлэн ярилцлана.  Нэгдсэн үр дүн гарч чадвал энэ асуудлыг Засгийн газарт өргөн барина.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр дагаад торгуулийн хэмжээ нэмэгдэх үү?

-Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон.

-Манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хэчнээн ажиллагсад байна вэ?

-Улсын хэмжээнд 1,1 сая ажиллагсад байна. Эдгээр ажиллагсдын найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгаа бий. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд, ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажил олгогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлэх нь сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ гурван талт хэлэлцээрийн үр дүнд 320 мянгаар тогтоосон.

-Энэ талаар ОУВС-тай тохирсон уу?

-Өнгөрсөн хоёрдугаар сард ОУВС-гийнхан манай улсад ирж ажилласан. Энэ үеэр бид төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлага байна гэсэн асуудлыг хөндсөн. 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмээгүй. Тиймээс зайлшгүй нэмэх шаардлага байна гэсний үндсэн дээр энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болоод байна. Өнөөдөр үргэлжлүүлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлаар хуралдана. Нэгдсэн ойлголтод хүрч чадвал төрийн албан хаагчдын цалин нэмэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

-Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр шаардаад байгаа. Хэрэв нэмэхгүй бол есдүгээр сарын 3-нд ажил хаяна гэсэн. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Багш нарын түр хороо цалин нэмэхгүй бол ажил хаяна гэсэн мэдээлэл байна. Гэхдээ манай яаманд, надад албан ёсоор мэдэгдсэн юм алга. Ер нь Монгол улс өөрийн хууль тогтоомжтой. Хэн дуртай нь ажил хаяна гэж нийгмийг донсолгоод айдаст автуулж, дарамталж байгаа юм шиг байдал үүсгэхгүй байхыг хүсч, уриалж байна. Ажил хаяна гэдэг бол хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа. Түр хороо гэж байгууллага гэв гэнэт гарч ирээд улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулчихдаг тийм эрх зүйн үндэс байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Засгийн газартай хэлэлцээрт орж байгаа байгууллага ажил хаях эсэх асуудлыг ярих эрхтэй. Ер нь хэн дуртай нь ажил хаяна гэж ярьж байдаг нь буруу. Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байгааг санах хэрэгтэй. Тэгэхээр ажил хаях асуудал байхгүй байх.

 

Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар:

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь арванхоёрдугаар  анги төгссөн, есдүгээр анги төгссөн, эсвэл цэргээс халагдсан мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүст өгөх цалин гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгө нэмэгдсэнээр өнөөдөр залуучуудын ажил хийх хүсэл эрмэлзэл илүү нэмэгдэнэ гэж бодсон. Одоо бүх ААН-үүд ирэх оны төсвөө хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 320 мянга болгон тусгаарай гэсэндээ бид өнөөдөр энэ талаар хэвлэл мэдээллээр зарлаад байгаа юм. Хэрэв та бизнес эрхэлдэг бол доод тал нь ажилчиндаа 320 мянган төгрөг өгч чадахгүй гэж бодож байвал бизнесээ зогсоо. Тиймээс залуу хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Бид судалгааны үндсэн дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон.

 

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

-2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгохоор бид шийдвэр гаргасан. Өмнө нь хоёр жил тутамд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож байсан. Тиймээс өчигдөр бид санал нэгдэж хоёр жил дараалан нэмэхээр шийдвэр гаргаж байна. 2020 он гэхэд одоогийн үнэлэмжээр цагийн хөлс 1 долларт хүрч байгаа юм. Энэ бол бүх салбарын ажилчдын цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх гол зүйл болдог.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?