Ц.ЦОГЗОЛМАА САЙД ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон тус яамны холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Хууль сахиулахын их сургуулийн сургалтын орчин, 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, 2018 оны хөрөнгө  оруулалтын ажлын явцыг хянах зорилготой тус арга хэмжээний үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Бид Монголын их, дээд сургуулиудыг судалгааны их сургууль болгох зорилт тавин ажиллаж байна. Оюутан бүр сонгон суралцаж буй мэргэжлээрээ өндөр түвшинд бэлтгэгдэх хамгийн том боломж, суурь нь судалгаа хийх явдал юм. Суралцагчдад судалгаа хийж,  мэргэжлээ төгс мэдлэг олгох нь дээд боловсролын чанартай шууд холбоотой. Тиймээс БСШУСЯ-наас дээд боловсролын чанарыг сайжруулах, төгсөгчид ур чадвараараа салбартаа гологдохгүй байхад анхаарал хандуулж ажиллана.

Цаашид олон оюутантай, том сургууль гэдэг байдлаар биш тухайн сургууль  ямар хөтөлбөр боловсруулж, эрдэмтэн судлаачдынхаа багийг хэрхэн ажиллуулж байгаа эсэхт хяналт тавина. Мөн тухайн хамт олны боловсруулсан хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн байдал, ижил төстэй олон улсын томоохон сургуулиудтай хэрхэн хамтарч ажилладаг, эрдэмтэн, судлаачдынхан бүтээл олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн зэрэг олон үзүүлэлтийг харгалзах болно гэв.  

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, зохион байгуулалт, менежмент, эмх цэгцтэй байдлаас зарим их, дээд сургуулийн удирдлагууд санаа авч, суралцах хэрэгтэйг онцолж, сургалтын таатай орчин бүрдүүлсэн  тус их сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.  

Мөн тэрбээр БСШУСЯ-ны зүгээс сургалтын явцад шаардлагатай  шинжлэх ухаан, инновацийн чиглэлийн оюутны болон багш нарын хамтарсан гарааны компани байгуулах, цахим хичээлийн танхимийг сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тохижуулах, багш нарын хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэдгээ дээрх арга хэмжээний үеэр дурдлаа.

ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Энэ хичээлийн жилд манай сургууль өөрсдийн зорилтоо бүрэн биелүүлэн ажиллалаа. Сургуулийн байр, сургалтын таатай орчин, алба хаагч, суралцагчдын дотуур байрны засварын ажлыг дуусгаж, өвлийн бэлтгэлээ  бүрэн хангаад байна.

 Шинээр элсэн суралцагчдыг хүлээж авах сургалтын таатай орчин бүрдсэн байгаа.

Хууль сахиулахын их сургууль нь сургалтын бодлого, үйл ажиллагаа, төгсөгчдийн чадвар, чадамжийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаардаг. Энэ ажлын хүрээнд ХЗДХЯ-ны харьяа агентлагуудын удирдлагуудтай уулзаж, судалгаа авсан.  Тусгай чиг үүргийн байгууллагуудын онцлог, боловсон хүчний бодлого, тэдний тавьж буй шаардлагыг сургалтад тусгахад анхаарч ажиллаж байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?