5 НАСТАЙ ОХИНЫГ 37 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХУЛГАЙЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Дархан-Уул аймгаас таван настай охин алга болоод хоёр хонож багйаа талаар бид мэдээлсэн. Охиныг усанд живсэн байж магадгүй хэмээн эрэн хайж байсан боловч нэгэн этгээд охиныг хулгайлсныг цагдаагийн байгууллага илрүүлэн, шалгаж эхэлжээ. 

Энэ сарын 19-ны өдөр 20 цаг 30 минутанд Дархан уул аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд “манай 5 настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга боллоо” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд 2 хоног эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж 5 настай охин “Э”-г олжээ. 

5 настай охин “Э”-г 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн “Б” нь, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Одоогоор охины биед гадна харагдах гэмтэл шарх, сорви байхгүйг цагдаагийн байгууллага мэдээллээ. 

Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг “ХҮн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг.

Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуулийн заалт:                                           

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?