ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Я.ТӨМӨРБААТАРЫН ЭЭЛЖИТ ТОМИЛГОО

Сэтгүүлчийн үг

Түр гэдэг ер нь яг хэдий хэр гэсэн үг юм бол. Түр гарчихаад ирье, түр уулзаадахъя, түр зээлүүлээч, түр зуурын бороотой гэхчилэн түр гэдэг нь богинохон үргэлжлэх хугацааг хэлдэг гэж бид ойлгодог. Гэтэл манай төрийн албанд түр гэж очоод мөнхрөх дөхдөг үзэгдэл газар авчээ. Энэ байдал үе үеийн Засгийн газарт халдварлаж, зарим салбарт яамны Төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагынх нь удирдлагууд гээд тэр чигтээ түр орлон “тоглогч” байна.

 

Тэгвэл түр орлон “тоглогч”-оор томилогдсон нэгэн “эрхэм” оюуны их өргөө гэж тодотгодог Монголын ууган сургууль болох МУИС-ийг самарч дуусч байгааг та хэвлэлийн аль нэг хуудаснаас уншсан байх. Учир нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед буюу 2017 оны гуравдугаар сард МУИС-ийн захирлаар түр томилогдсон Я.Төмөрбаатарыг тойрсон хэл ам тасрахгүй байгаа нь тус сургууль яавч хэвийн биш болсныг илтгэнэ.

 

Өнгөрсөн хугацаанд багш, оюутнуудынхаа эгдүүлцэл, эсэргүүцэлтэй тулгарч Авлигатай тэмцэх газрын хаалгыг ч хүртэл татаад амжсан түүнийг өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа түр орлон гүйцэтгэж байгаад олон хүн гайхаж байна. Багш, ажилчдын үйлдвэрчний холбооноос түүнийг шалгуулахаар төрийн гурван өндөрлөг, салбарын сайд болон хууль хүчний байгууллагад хандаж, баримт фактыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад бас олон хүн гайхаж, эгдүүцэж байна.

 

Гэтэл түр орлон гүйцэтгэгч Я.Төмөрбаатар хичээлийн шинэ жил эхлэлтэй зэрэгцэн МУИС-ийн Удирдах зөвлөлөөр сургуулийнхаа шинэ бүтцийг батлуулж, өөрийн утсан хүүхэлдэйнүүдээ томилж эхэлжээ. Тодруулбал, менежментийн тэнхимийн багшаас МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны эрхлэгч, Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал болтлоо дэвшсэн Ч.Ундрамыг шинэхэн бүтцээр Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал болгон дэвшүүлжээ. Хачирхалтай нь, энэхүү бүтцийн өөрчлөлтийг боловсруулах Ажлыг хэсгийг Ч.Ундрам ахалж, гардан гүйцэтгэсэн байна. Угтаа бол Сургалтын нэгдсэн албаны эрхлэгч байхдаа тухайн үеийн удирдлага болох МУИС-ийн захирал А.Галтбаяр, дэд захирал О.Мөнхбаттай нартай хамтран оюутан шилжүүлэн суралцуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон. Тодруулбал, 12 оюутныг МУИС-д шилжүүлэхдээ дүрмийг бөөнд нь зөрчиж,  Б.У,  Г.Н,  О.Г,  Э.М гэх  дөрвөн оюутныг төгсгөхийн тулд МУИС-ийн бүх дүрэм журмыг зөрчиж, дүнг нь хүртэл зассан байдаг. Үүнийг ч Авлигатай тэмцэх газраас тогтоож, засаж залруулах чиглэл өгсөн юм. Үүнээс гадна Ч.Ундрам бүтцийн өөрчлөлтийг боловсруулахдаа Мэдээллийн технологийн газрыг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд буюу Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын шууд удирдлага дор оруулжээ. Гэвч түүнийг хүсэлийг МУИС-ийн Удирдах зөвлөл хүлээж аваагүй аж. Мэдээллийн технологийн газар нь дүнгийн нэгдсэн программыг удирдах чиг үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, оюутны дүнг засдаг хэмээн маргааны дагуулаад буй Ч.Ундрам Мэдээллийн технологийн газрыг өөрийн шууд удирдлагадаа авахаар санаархжээ. Ийнхүү сургуулийнхаа дотоод дүрэм журмыг илт зөрчсөн атал дахин тушаал дэвшүүлж буйд олон хүн гайхаж байна.

 

Я.Төмөрбаатарын утсан хүүхэлдэй ганцаар зогсохгүй. Хуурамч докторын цол хамгаалагдсан нь түмэн олонд илчлэгдсэн П.Лхамсүрэнг энэ удаад мөн л тушаал дэвшүүлж, толгойг нь илсэн байна. Анх буюу 2017 оны гуравдугаар сард МУИС-ийн захирлаар томилогдохдоо Я.Төмөрбаатар П.Лхамсүрэнд зориулан цоо шинэ хэлтэс байгуулж, даргаар нь томилсон. Бүтцийн өөрчлөлт батлагдаагүй байхад Я.Төмөрбаатар Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийг байгуулж, даргаар П.Лхамсүрэнг томилсон байдаг. Тэгвэл энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр түүнийг Хяналт, мониторингийн газрын даргаар томилж, эрх мэдэл, ямбыг нь нэмжээ. Угтаа бол түүнийг хууль бусаар докторын цол хамгаалсан гэдгийг илчилсэн баримт олон нийтэд цацагдсан. Тодруулбал, Эрдмийн их сургуулийн доктор хамгаалах эрх олгох эрдмийн зөвлөл нь Дээд боловсролын тухай хуулийн 8-р хэсгийн 8.8, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 492 дугаар тушаалаар батлагдсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийн 2.2, 2.5 хэсэг үндэслэн хүчингүй болж, 2017 оны есдүгээр сарын 29 татан буугдсан атал 2017 оны аравдугаар сарын 5-ны өдөр эрх нь хүчингүй болсон доктор хамгаалуулах зөвлөлийг хуйвалдан хуралдуулж хамгаалуулсан. Мөн салбарын сайдын тушаалаар цуцлагдсан Эрдмийн их сургууль докторын зэрэг хамгаалуулах ямар ч боломжгүй. Учир нь сайдын тушаалаар батлагдсан Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалуулах албан ёсны зөвлөлөөр хамгаалуулах ёстой. Үүнээс гадна хамгийн их анхаарал татаж буй зүйл нь докторын зэрэг хамгаалахдаа Монгол Улсын Эрдмийн их сургуулийн докторант хэмээн хамгаалсан байх юм. Докторын зэрэг хамгаалахын тулд заавал үзэх тодорхой хичээлүүдийг тухайн сургууль дээр үзэж, тооцуулах ёстой. Гэтэл П.Лхамсүрэн нь МУИС-д докторант гээд явж байсан хүн Эрдмийн их сургуульд докторант болсон гэхээр хоёрын хоёр сургуульд докторын түвшинг нэг зэрэг үзэж явсан болж таарах нь…? Түүнчлэн МУИС-ын докторт үзсэн хичээлүүдээ Эрдмийн их сургуульд авч очоод тооцуулсан бол адаглаад ДҮН байх ёстой, гэтэл тийм дүн сургуулийн программд шивэгдээгүй гэхээр сургалтын дүнгүй хүн докторын зэрэг хамгаалсан болж таарав. Хэрэв Эрдмийн их сургуульд доктор хамгааллаа гэвэл тухайн сургуульд заавал үзэх ёстой хичээл, хичээлийн дүнтэй, журам хангасан бол тухайн сургуулийн зөвлөлөөс доктор болох боломжтой. Гэтэл тус сургуулийн доктор олгох зөвлөл 2017 оны есдүгээр сарын 29 татан буугдсан харин доктор горилогч 2017 оны аравдугаар сарын 5-ны доктор болсон гэдгийг эргэн сануулъя.

 

 

Ийнхүү хуурамчаар докторын зэрэг хамгаалсан түүнд Я.Төмөрбаатар “баяр хүргэж”, Хяналт, мониторингийн албаны даргад томилсон байдаг. Энэ бүхний баримт хэвлэлийн шар хуудаснаа үлдсэн байдаг. Үүнийг шалгуулахаар холбогдох байгууллагад хандаж, салбарын сайдаар тусгайлан арга хэмжээ авахыг үүрэгдсэн ч МУИС-ийн түр орлон тоглогч Я.Төмөрбаатар П.Лхамсүрэнгийн эрх ямбыг нэмэж, албыг нь газар болгон өргөтгөжээ. Энэ бол Я.Төмөрбаатарын түр орлон “тоглогч” байхдаа хийсэн ичмээр үйлдлүүдийн зах зух нь.

 

Угтаа бол түр орлон гүйцэтгэгч хуулиараа ямар нэг шийдвэр гаргах, элдэв томилгоо хийх эрхгүй. Өөрөөр хэлбэл, эзгүй байгаа албан тушаалыг түр хугацаагаар манаж байх л үүрэгтэй гэсэн үг. Гэтэл манайд түр орлон гүйцэтгэгч жинхэлсэн дарга нараасаа эрх мэдлээр дутахын зовлон байхгүй. Хална солино, тушаал шийдвэр гаргана, төсөв хөрөнгө хуваарилна гээд.

 

Тиймээс түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Я.Төмөрбаатарын өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийсэн хууль бус үйлдлүүдийг холбогдох яам, хүчний байгууллага анхааралдаа авахгүй бол Монголын ууган сургууль болох МУИС-ийг самарч дууслаа гэдгийг багш, оюутнууд нь хэлж байна. Нэн яаралтай МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж, хууль ёсны томилгоо хийхгүй бол ууган сургууль маань уршиггүй нэгний гарт үрэгдэж дуусах нь.

                                                                                                                         эх сурвалж: 24 цаг.мн

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Bagsh [202.126.89.xxx]

    Yg iim asuudal Anagaahad ch bolj bna. MANgar huuhen guaid chadah yum baihgui bolohoor halaa, solio hiihees tsaashgui.Yunaas emeegeed baigaa yum bagsh nariin mailiig hyanaastai. Tur gej baigaa bol ajlaa hiij, zuv shiidver gargaach. Bolovsroliin said nertei bolovsrolgui, namiin suudert horgodson Tsogzolmaagaa, Tsolmontoi ni manai surguulias zailuulaad uguuch. Archaagui turtui azgui humuus yumaa bid.

  • Зочин

    Иргэн [64.119.21.xxx]

    Арай хэтэрхий юм

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?