ХҮНИЙРХЭЛ

Сэтгүүлчийн үг

Туничихжээ... Нэг л жихүүн. Намрын налгар өдрүүд алсарч, уйтан бороо айлсах энэ л үес... Нэг л хүйтэн, цаанаа л жиндүү харилцаа. Сэтгэлд жавар хургачихаж.  Өөрийгөө хүчлээд ч сэтгэлийн буйдад мэдрэгдэх гуниг дундрах янзгүй. Анзаарахгүй л яваад байснаас биш аль хэдийнээс энэ мэдрэмжинд хүлэгдчихсэн, айл саахалт юм шиг ижилчихсэн байсан юм биш байгаа гэх эмзэглэл. Гудамжаар гараад алхаад үзээрэй. Нийгмийн бухимдлыг нийт олны ая зангаас амархаан илрүүлчихэж болдог гэдэг. Уцаартай, ундууцсан хүмүүс нийслэлийн гудамжаар дүүрэн байна. Хашааны буланд нарлах хөгшчүүд, нийтийн хоолны газар дугаарлах идэр залуус... Өглөө босоод л өнөөдөр яана даа гэх турьгүй цухалдал. Бидний бодит ертөнц энэ. Өглөө гэрээс гараад автобусанд хэн нэгэнтэй шүргэлцэхэд ч уцаар мэдрэгдэнэ. Угаасаа бидний монголчууд тэр чигээрээ бухимдчихаж. Санаандгүй шүргэлцчихээд, өө уучлаарай хэмээн инээмсэглэн зөрөх хүмүүн их ховор байгаа нь шууд ажиглагдана. Төр засаг болохгүй байна, эдийн засаг хямраад байна, авдаг хэд маань амьдралд хүрэлцэхгүй байна, хүүхдийн сургалтын төлбөр өндөр, ядаж байхад цэцэрлэгт оруулж чадахгүй нь гэхчлэн хаа сайгүй бухимдсан улс. Гэвч бид, буруу буруу, буруу бүхэн бусдын буруу гэдэгчлэн аливаад хэтэрхий хүнийрхэж хандчихаад гарах үр дүнд нь бухимдаад байгаа юм биш биз.

Өнөөдөр Монголд тулгамдсан асуудал олон байгаа нь үнэн. Үүнийг шийдвэрлэх арга зам байгаа ч төр барьсан манай удирдагчид өөрийн хүссэнээ хийж ард түмнийхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүй байна гэх шүүмжлэл түүнээс ч их. Хүмүүс, тэтгэврийн зөрүүг ойртуулж, ажлын байрыг нэмэгдүүлж, цалин хөлсийг нэмж, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт хөөрөгдлийг төрийн бодлогоор зохицуулж чадахгүй байна хэмээн гомдоллодог. Төрийн бодлого боловсруулагчдыг харин бид өөрсдөө сонгодог. Сонгогдсон учраас тэд хийх ёстой хэмээн үглэдэг. Иргэд ядуурал маш их байна хэмээдэг гэх ядуурлаас гарахын тулд би энгийн иргэний хувьд ядаж ийм юм хийчихмээр байна гэх нь өдрийн од мэт. Нэхээд л байдаг, нэхээд байдаг хэрнээ нэг юмыг нь бид байр гудамжаараа нийлээд хийчихье гэж ам ангайдаг нь ховор. Эрүүл мэндийн үйлчилгээ муу байна гэдэг. Эрүүл байхын тулд хувь хүн наад захын дэглэм бариад байх ёстойг төдийлөн анзаарахгүй. Өвдөж, эцсийн шатандаа оччихоод, өө ингээд л үхүүлдэг болчихож гэж уйлагнана. Хамгийн наад зах нь хогны асуудал хүнд байна, хог муу авч байна гэх шүүмжлэл хачин их. Тэгсэн атлаа хашаагаа цэмцийтэл цэвэрлэчихээд хаалгаараа цухуйнгуутаа угаадсаа гаргаад гудамж руу цацчихна. Тэнгэр баганадсан өндөр шилэн байрныхаа 12 давхарын салхивчаар сүүжний ясаа эргэлзэх юмгүй чулуудчихна. Зөвхөн хар амиа бодсон хүнийрхэх сэтгэлгээ биднийг ядууруулаад, ядраагаад, сульдаагаад байгааг үл тооно. Бас үл анзаарна.

Эцсийн эцэст энэ бүх нийгмийн тулгамдсан асуудлуудын гол цөм нь монголчууд бидний хүнийрхэх сэтгэлгээний гажуудалд оршоод байгааг мэдээгүй царайлна. Хүнийрхэх сэтгэл арвидахаар ганцаардал мэдрэгддэг аж. Энэ ганцаардал сэтгэлд минь сүүдэр тусгачихаж. Нар гартал, сүүдэр арилахгүй нь ээ. Ер нь бидэн шиг эх оронч дүр эсгэдэг иргэн олонтой улс хэр олон байдаг бол. Хэдийгээр бидний олонхи эх орон хэмээн хөөрөлхдөг ч хийж буй үйлдэл нь эх оронч гэдэг үгтэй даанч дүйхгүй. Үг, үйлдэл нь дүйдэггүй учраас бид хүнийрхдэг. Харь газар хар бор ажил эрхэлдэг монголчууд биесээ танимхайран дотносох нь бүү хэл монгол гэж мэдчих вий гэж хүнийрхэн зэнзийрхдэг гэдэг.

Яг түүн шиг л бид эх нутагтаа байгаа атлаа гадны мэргэжилтэнд хөл алдан хамт 10 жил ажилласан хамтрагчаа ахиухан амжилтанд хүрчих вий гэж хүнийрхэн атаархдаг. Эдийн засаг хямарч, энэ улсын нэр дээрх өр талийжээ гэх мэдээллийг сонсоод дайны дараа эдийн засгаа аврахын тулд солонгосын иргэд алтан эдлэлээ авчирч тушааж байсан тухай дуулснаа саналаа. Харин яг маргааш ийм уриалга гаргавал манайхан яах бол... Хамаг авьяасаа шавхан хатуу эдлэлээ нуух арга сэдэх болов уу. Арай үгүй болов уу. Гэхдээ энд нууж хаах, харамлаж, хоргодохоос илүүтэй хүнийрхэх сэтгэлгээ л хана босгоод байна. Хүнийрхэх... Хамтдаа цугтаа байх ёстой, байхаас ч өөр замгүй атлаа хүнийрхэх сэтгэлгээ... Хамаг юмны эх чухам эндээс л гараад байх шиг. Хүнийрхэхээ больж өөриймсөхсөн... Гуравхан сая монгол хүн өөриймсөхөд юу нь тийм хэцүү гэж... Айлын эмээ боорцог хийчихээд зуслангийн багачуудыг дайлж суудаг шиг, атга боорцогонд нь цадсан балчирууд гол руу гүйхдээ эмээгийн усны бидоныг сайн дураараа шүүрээд оддог шиг тийм өөриймсөг мэдрэмж үгүйлэгдээд байна, монголчуудад...

                                                                                                                                                                              З.Урансүх 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.55.188.xxx]

    Яг үнэн бичжээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?