ЗОГС, ХҮҮХЭД ЯВЖ БАЙНА.

Сэтгүүлчийн үг

 

 Дэлхий дээр өдөрт 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амиа алддаг нь хүн амын нийт нас баралтын 12 хувийг  эзэлдэг гэх судалгаа байна. Хамгийн харамсалтай нь ослын улмаас амиа алдагсдын гуравны нэг нь 1-40 насныхан байдаг аж. Эдгээр осол гэмтлийн 25 хувь буюу дийлэнх нь зам тээврийн ослоос шалтгаалдаг бөгөөд зам тээврийн ослын шалтгаант нас баралтын 50 хувийг 15-44 насныхан эзэлдэг байна. Зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 85, зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой хөдөлмөрийн чадвар алдалтын 90, хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын  96 хувь нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолддог ажээ. Түүнчлэн дэлхий дээрх зам тээврийн осол гэмтлийн шууд хохирол 518 тэрбум ам.доллар, харин бага орлоготой орнуудынх 65 тэрбум ам.доллар буюу энэ нь эдгээр орнуудын хөгжилд зарцуулагдаж буй нийт санхүүжилтээс ч илүү байдаг гэнэ.

Тэгвэл Монголд 1997-2007 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр осол гэмтэл нь Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаарт, өвчлөлийн шалтгааны  тавдугаарт ордог байна. Улсын хэмжээнд 2008 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр осол гэмтлийн шалтгаант нас баралтын 18.9 хувь нь зам тээврийн осол, 15.4 хувь нь амиа хорлох, 12.4 архины шалтгаант осолт хордлого, 48.1 хувь нь бусад ослоор нас барсан байна. Улсын хэмжээнд 2009 оны Замын цагдаагийн газрын мэдээгээр 0-16 насны нийт  564 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс  36 нь нас барсан байна. Насаар нь авч үзвэл, 0-6 насных 16.3 хувь, 7-16 насных  83.4 хувийг эзэлджээ. Харин 2004-2008 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр Монгол Улсад зам тээврийн ослоос болж өдөр бүр 1-2, сард дунджаар 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна гэсэн тооцоо гарч байсан ч осол хэргийн тоо жилээс жилд өссөөр байна.

 

Тухайлбал, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэдээллээр 2014 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс, 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтсэн байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 281 гарсны улмаас нийт 48 хүүхэд амь насаа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан харамсалтай тоо байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэнээс, 138 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авчээ.

 

Өөрөөр хэлбэл, нийслэлд хүүхдийн нас баралт долоо байсан бол 10 болж, 42.8 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 116 байсан бол 138 болж, 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэсэн үг.  Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл 74.2 хувь нь явганаар, 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1.4 хувь нь дугуйгаар хөдөлгөөнд оролцож байжээ. Тэдгээрийг насны байдлаар нь ангилан үзвэл, 0-7 хүртэлх насны хүүхэд 421 буюу  39 хувийг, 8-14 насны хүүхэд 523 буюу 48.5 хувийг, 15-17 насны хүүхэд 135 буюу 12,5 хувийг эзэлдэг. Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-Сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад, хичээл тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарцтай, гарамтай газрын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсгээр явах, утсаар ярих, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, сургууль, цэцэрлэг орчмын зам нь хүүхдийг хөдөлгөөнд аюулгүй оролцуулах нөхцөл бүрдээгүй, эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ хэрхэн сургууль, цэцэрлэг рүүгээ явдаг болон гэртээ харьдагийг мэддэггүй, бие даалган, харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа ч хөдөлгөөнд аюулгүй  оролцох заавар зөвлөгөө өгдөггүй, өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг зэрэг нь хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцлийг бий болгодгийг албаныхан сануулдаг. Анхаар жолооч нараа цаана чинь хүүхэд...

 

Статистик

 

2012 онд Улсын хэмжээнд 9129 зам тээврийн осол гарсны 7065  нь нийслэлд гарсан байна. 2014 онд Улсын хэмжээнд 8809 зам тээврийн осол бүртгэгдсэн 6879 нь нийслэлд гарсан байна.

Сүүлийн таван жилд 3542 зам тээврийн осол гарч, 3588 хүүхэд бэртэж 68 хүүхэд нас барсан байна. Үүнийг оноор нь авч үзвэл:

2015 онд зам тээврийн ослын улмаас 541 хүүхэд гэмтэж, 16 хүүхэд нас барсан.

2011 онд 798 хүүхэд гэмтэж, 16 хүүхэд нас барсан.

2012 онд 720 хүүхэд гэмтэж, есөн хүүхэд нас барсан.

2013 онд 548 хүүхэд гэмтэж, 10 хүүхэд нас барсан.

2014 онд 484 хүүхэд гэмтэж, найман хүүхэд нас барсан.

2015 онд 514 гэмтэж, есөн хүүхэд нас барсан байна.

Зам тээврийн ослоор сүүлийн хоёр жил нийт 637 хүн нас барсан байна. Харин энэ оны эхний улиралд 58 хүн зам тээврийн ослоор нас баржээ.

 

                                                                                                                                                З.Урансүх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    ЗОЧИН [122.201.22.xxx]

    ЭНЭ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧ БҮР СОЁЛТОЙ БАЙМААР БАЙНА

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?