ВАКЦИНЖУУЛСАН МАЛЫН МАХНААС ТАТГАЛЗЪЯ

Сэтгүүлчийн үг

Хөдөө тал минь малаар дүүрэн хөрсөн доороо эрдэнээр баян... Баян, арвин дүүрэн... Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харвал өмнөх оны эцэст Монголын малын тоо 55 сая 957.6 мянган толгой болж, өмнөх оныхоос гурван сая 975.0 мянган толгой буюу 7.6 хувиар өсчээ. Үүнээс адуун сүргийн тоо толгой гурван сая 294.6 мянга, үхэр гурван сая 779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24 сая 933.4 мянга, ямаа 23 сая 582.2 мянгад хүрсэн байх аж.

Тэгвэл аливаа улс орны оршин тогтнох, эс тогтнох, нийгмийн амьдралын өгсөх, уруудахын үндэс нь тухайн улсын “Хүний хөгжил”-ийн асуудал байдаг. Хүний хөгжлийн индексийг тодорхойлоход зайлшгүй харгалзан үздэг үзүүлэлтийн нэг бол тухайн орны хүн амын эрүүл мэнд-насжилтын асуудал бөгөөд энэ нь нийгмийн эрүүл мэндийн бодлогоор зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, монгол хүний удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үүднээс зайлшгүй хөндөгдөх асуудлын нэг яах аргагүй мөн. Бүр тодруулбал, монгол хүний өдөр тутмын хүнсний хэрэглээний зонхилох хэсгийг монгол малын мах, сүү бүрдүүлдэг. Үүнээс үүдэн бидний байнгын хэрэглээ болсон дээрх хүнсний бүтээгдэхүүн үнэхээр экологийн цэвэр, эрүүл хүнс мөн эсэхийг бодох цаг нэгэнт болжээ. Мал сүрэг нь бэлчээрийн маллагаанд байдаг манай оронд малын халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь вакцинжуулах явдал. Гэвч мэргэжилтнүүд, мал аж ахуйг эрхлэн хөтлөх манай орны өвөрмөц онцлог болон малын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч үзвэл, энэ нь байж болох арга  мөн ч эцсийн зорилготойгоо төдийлөн нийцэхгүй болохыг хэлдэг.

 

Монгол Улс бараг бүх малаа вакцинд хамруулж, вакцинжигдсан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг. Судалгаанаас харвал, Монгол Улс жил бүр дунджаар 6-8 тэрбум төгрөгийг малын халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд зориулан төсөвлөж, нэг малд зургаан сараас багагүй хугацааны интервалаар 5-6 нэр төрлийн вакцин тарьдаг. Дээр нь халдварт өвчнийг эмчлэхэд хэрэглэж буй төрөл бүрийн нэмэлт антибиотик, сулфаниламидийн бэлдмэлүүд бас бий. Эрүүлжүүлэх үүднээс хийдэг эм бэлдмэлүүд малын маханд тодорхой хугацаагаар байж байдаг бөгөөд энэ үед нь махыг нь хоол хүнсэндээ хэрэглэснээр хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг тухай нэгэнтээ УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир хэлж байж билээ. Үнэндээ малыг вакцинжуулсны дараа хүнсэнд хэрэглэвэл зохих хугацааг бодит байдал дээр хэрхэн мөрдөж буйг тогтоох хяналтын боловсронгуй тогтолцоо манайд байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээгээр нийгмийн эрүүл мэндийн бодлого алдагдаж, цианит натри, метилийн спирт шиг шууд хордлого, үхэлд хүргэхгүй ч аажмаар монгол хүний удмын сан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг үл тоох нь гачлан. Статистикийн дүн мэдээллээс үзэхэд, сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын өвчлөлийн зонхилох хэсгийг тэжээл боловсруулах системийн эрхтний, ялангуяа элэг, цөс, ходоодны өвчин, хорт хавдар эзлэх болж, энэ байдал даамжрах хандлагатай болсон нь нууц биш. 

 

 Тэгвэл дэлхийд малын тоогоороо манлайлдаг ХБНГУ, Голланд, Бельги зэрэг орныхон малаа огт вакцинжуулдаггүй гэнэ. Хэрэв тухайн фермерийн аж ахуйн малд ямар нэгэн вакцин таригдсан л бол тухайн цэгээс малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах эрх нь тодорхой хугацаагаар хаагддаг учраас тэр. Тэр ч утгаараа ямар нэгэн вакцин тарихаас илүү фермерийн аж ахуйнхаа дотроос аливаа өвчний үүсгэгч гадагш гарах, гаднаас орж ирэх боломжийг хаахад чиглэгдсэн мал эмнэлэг, ариун цэвэр, ариутгал, халдваргүйжлүүлэлтэд анхаарлаа хандуулдаг аж. Түүгээр ч зогсохгүй хөгжилтэй улс орнуудад вакцинжсан малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүн амдаа зориулж зах зээлд борлуулахыг хориглож эхэлжээ. Харин манайд эсрэгээрээ, улсын төсвөөс асар их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж, мал сүргээ вакцинжуулах нүсэр арга хэмжээг жил тутам зохион байгуулсаар...

 

Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, "Биокомбинат" Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрлэл технологийн албаны дарга Ц.Өлзийтогтох, “Халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг эрсдэлтэй бүс нутгийн малд л тарих ёстой. Гэтэл социализмын үеэс вакциныг цагаан сарын бэлэг тарааж байгаа юм шиг бүх нутагт тэгш хуваарилаад сургачихсан. Энэ зарчим л анхнаасаа буруу болгочихож байгаа юм.” гэж хэлснийг сануулахад илүүдэх юун.

Түүнчлэн малчдын өргөн хэрэглэдэг, мал таргалуулдаг гэгдэх ивомек гэж эм байдаг. Энэ эмэнд мал таргалуулах ямар ч үйлчлэл байхгүй бөгөөд паразит хорхойтох өвчинг л эмчлэх үйлчилгээтэй. Тэгээд ч эл эмийг зориулалтын дагуу хэрэглэсэн ч тодорхой хугацаа өнгөрсний дараа мах сүүг нь хүнсэнд хэрэглэх заалттай аж. Гэвч үүнийг малчин ч анзаарч мэддэггүй, малын эмч нар нь ч хэлдэггүй. Хэдхэн хоногийн дараа сүүг нь ууж, махыг нь идчихдэг. Энэ чиглэлээр судалгаа хийж мэргэшсэн нэгэн эрхэм "Монголд элэгний хорт хавдрыг үүсгэхэд голлох нөлөө үзүүлж буй шалтгаануудын нэг нь энэ" гэж хэлж байж билээ. Хэн ч анзаараагүй. Монгол хүн малынхаа махнаас хордоно гэж байхгүй ээ гэж үгүйсгээд л өнгөрсөн. Эцэст нь тэмдэглэхэд хүн, малгүй эмийн зохисгүй хэрэглээнд дадчихсан монголчууд элдэв хавдраар өвчлөхөд  нэг их гайхаад байх юм огт алга. Эх сурвалжийн хэлснээр Монголд ойролцоогоор 400 гаруй нэр төрлийн малын эм бүртгэгдсэн байдаг ба мал угаадаг, туулгадаг, боловсруулдаг гэх ивомек, креолин гэх мэт эм бэлдмэлүүд бүгд химийн гаралтай. Өөрөөр хэлбэл цэвэр хор. Антибиотикууд ч гэсэн ялгаагүй. Амоксициллин, пенициллин, стрептомицинийг хэрэглээд наад зах нь 10 хоног эсвэл сарын дараа мах сүүг нь хэрэглэх ёстой.  Бруцеллёз, галзуу, боомоос сэргийлэх амьд вакцинуудыг тарьсны дараа наад зах нь 20 хоногийн дотор мах, сүүг нь хэрэглэж болохгүй гэх заалт байдаг ч хэн ч үл анзаарна. Хянаж шалгах газар ч байдаггүй нь гашуун үнэн.

 

Жишээ нь шүлхий гарах магадлалтай аймгийн үхрийг л вакцинжуулах хэрэгтэй болохоос бүх мал сүрэг, ан амьтныг вакцинжуулах шаардлагагүйг мэргэжилтнүүд хэлж байна. Харамсалтай нь аль нэг аймгийн нэг суманд малын өвчин гарахад тухайн аймгийн бүх малыг вакцинжуулдаг. Шуудхан хэлэхэд, аймгаар нь хавтгайруулан, вакцинжуулж байгааг цаанаа малын эмийн худалдаачдын захиалга явж байна гэж хардах бүрэн үндэслэл биш гэж үү?

 

Бруцеллёз өвчний вакциныг зөвхөн 3-6 сартай охин тугал, хурга, ишгэнд хийдэг заалттай атал манайхан бүх л малыг тарьдаг. Ер нь бол малд зайлшгүй хийх ёстой вакцин гэж байдаггүй агаад зөвхөн өвчин гарах магадлалтай бүс нутгийн малыг л тарих ёстой тухай мал эмнэлгийн салбарын эрдэмтэн судлаачид хэлсээр, сануулсаар л... Хэн ч үл анзааран хэрэглээнээс хэрэгцээнээс давсан вакцин оруулж ирсээр... Улсын төсвийн мөнгө их хэмжээгээр нь үр ашиггүй үрэгдсээр л... Ингэхэд хүн, мал хоёрын аль нь илүү чухал вэ? Хэдэн халтар төгрөг, хэсэг бүлэг нөхдийн шахааны бизнесийг дэмжихийн тулд нийт монголчуудаа хордуулж суудаг. Хордуулж байгааг нь үл мэдэн идэж л байдаг бид малаасаа чухам юугаараа илүүрхэх юм бэ. Хоол биш хорт хавдрын эсийг сэргээгч хор идээд байгаа юм биш үү, бид!

                                                                                                                                                                                                                З.Урансүх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?