З.НАРАНТУЯА: ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЯВУУЛНА

Сэтгүүлчийн үг

Засгийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй ажил, түүнд зарцуулсан хөрөнгийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдээлэл хийлээ.

УИХ-аас 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль баталсан. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны төсөвт нийт 5 тэрбум төгрөг суулгасан. Мөн ХЗДХ-ийн сайдын багцын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 1.8 тэрбум, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зардалд 130.8 сая, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 245.2 сая, ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 84.5 сая төгрөг тус тус тусгасан. Харин ХНХ-ын сайдын багцад хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр 8.5 тэрбум төгрөг, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 6 тэрбум 54 сая төгрөг хуваарилжээ. Гэвч уг хөрөнгийн 9.9 хувийг бодлого төлөвлөлтөд, 12 хувийг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад зарцуулсан бол дийлэнх хэсгийг нь ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулах, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах, судалгаа хийх зэрэгт зарцуулсан байна хэмээн З.Нарантуяа гишүүн мэдээллийнхээ эхэнд дурьдлаа. Мөн тэрбээр уг хөрөнгийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эх, асран хамгаалагчдын архидан согтуурах явдлыг бууруулах, таслан зогсоох чиглэлд түлхүү зарцуулах шаардлагатай байгааг онцлоод, “Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр холбогдох байгууллагуудын зүгээс 2017 онд 1752 хүүхэд, 2018 онд 1028 хүүхэд гэмт хэрэгт өртсөн гэсэн судалгааг танилцууллаа. Тиймээс УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос 2018 оны намрын чуулганы эхэнд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар Нээлттэй сонсгол явуулах асуудлыг тавих болно. УИХ-ын тухай хуулийн дагуу дэд хорооноос санал тавьсан тохиолдолд заавал Нээлттэй сонсгол явуулах ёстой” гэлээ.

Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 311 тэрбум 267 сая, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилгоор 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн ч хэрэгжилт мөн л хангалтгүй байгааг дурьдсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?