ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ: ХУУЛЬ БУС ТОМИЛГООТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн яаманд Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт шалгалт хийх Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг ажилласан байна.

 

Шалгалтаар тус яамны 5 газрын дарга, 9 хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа, төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй 5 иргэнийг хууль тогтоомж зөрчиж төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрлээ. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа нь хууль журам зөрчсөн үйлдэл болжээ.

 

Энэхүү шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд дээрх зөрчлийг арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэх хугацаатай үүрэг чиглэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан тогтоол гаргажээ. Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудад төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд зөвлөмж болгосон байна.

 

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн дүнг Төрийн албаны зөвлөл хуралдаанаар хэлэлцэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 4 зүйл 11 заалт бүхий тогтоол гаргалаа.

 

Тус тогтоолоор хууль тогтоомж зөрчин томилогдсон тус яамны 8 газар, хэлтсийн дарга, 15 мэргэжилтний ажлын байрыг нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтаар нөхөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах хугацаатай үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгасан байна.

 

Мөн салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын 30 байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвлөмж болгожээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?