ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАВХАН АЙМГИЙН АР ГАНГА УУЛЫН ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн Их-Уул багийн нутаг Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. Шатсан ойг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаагаас гадна ахлах ангийн сурагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн гар бие оролцож байсан юм.

Учир нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сэдэвт сургалт зохион байгуулах захирамж гаргасан бөгөөд уг захирамжийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдыг хамруулан сургалт зохион байгуулахаар болжээ.

Энэ сургалтын нэг хэсэг нь шатсан ойн цэвэрлэгээ бөгөөд сурагчдад Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл орж, дараа нь мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээнд оролцуулсан байна.

Статистик мэдээллээс харахад:

  • Монгол Улсын хэмжээнд 18,7 сая га ой байгаагаас 1,708,266 сая га буюу 9.4 хувь нь шатсан
  • Завхан аймагт 732,065 га буюу улсын нийт ойн дөрвөн хувь байдаг ч ойн 133,089 га буюу 18,17 хувь нь шатсан байна.
  • Харин Их-Уул сумын 123,569 га ойн 27,799 га буюу 22,5 хувь нь шатжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцах үеэр Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат:

“Ар ганга уул нь 2002 оны их түймрээр шатсан. Түймэр 577 га талбайг хамарсан. Энэ удаагийн цэвэрлэгээний ажлаар 168 га талбайг цэвэрлэх юм. 66 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагч, нийт 2200 гаруй хүн ойн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, оролцож байна. Мөн ойн цэвэрлэгээ хийхийн тулд Тосонцэнгэл сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 200 хүнд хөрөөчний мэдлэг олгож, сургалтад суулгасан.

Ойн цэвэрлэгээнд сайн дураараа оролцож байгаа хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангахын тулд мэргэжлийн олон зааварчилгаа өгсөн.

Таван сурагчид нэг мэргэжлийн зааварлагч оногдож байгаа. 168 га талбайг цэвэрлэхийн тулд нэг мэргэжлийн байгууллагад 4 хүртэлх га талбайг оногдуулж өгсөн.

Цэвэрлэгээний ажлыг наймдугаар сарын сүүлээс өнөөдрийг хүртэл зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд ачихад бэлэн 60 машин мод гаргасан. 168 га талбайд хэмжилт хийж үзэхэд нэг га талбайгаас 25 куб метр мод гарна гэж тооцвол 4200 куб метр мод бэлтгэгдэх тооцоо гарч байгаа” гэсэн юм.

Мөн Тосонцэнгэл, Их-Уул сумдад “Зил-30” машин мод 200-250 мянган төгрөг, аймгийн төвд 550-600 мянган төгрөгийн ханштай байдаг байна. Харин цэвэрлэгээнээс гарсан модыг зах зээлийнх нь ханшаар тооцож үзвэл, сумын ханшаар 131 сая төгрөгийн мод, аймгийн ханшаар 288 сая төгрөгийн үнэлгээтэй мод цагаалан бэлтгэсэн байна. Улмаар аймгийн төсөвт байгууллагуудад эдгээр модыг хүргэлтээр өгөх юм байна.

Харин ойн цэвэрлэгээний ажилд оролцож байгаа сурагчдын асуудлаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

“2200 гаруй хүн ойн цэвэрлэгээнд оролцож байна. Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нар, мөн аймгийн ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн эх оронч хүүхдүүд зүтгэж байна. Тэд тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд өөрийн нүдээр ой шатах нь ямар хэмжээний гамшиг учруулдаг вэ гэдгийг харж байна. Хүүхдүүд багаар ажиллах чадвартай болж байна. Өдөр сурсан зүйлээ орой нь хэрэгжүүлж сурч байна. Би хүүхдүүддээ их баярлаж байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд ойг цэвэрлэж, нөхөн сэргээх ажил тасралтгүй хийгдэж 160 га талбайг л цэвэрлэсэн. Харин 15 хоногт хөрөөчид, хүүхдүүдтэй нийлээд 168 га газрыг цэвэрлэлээ. Энэ бол улсын хэмжээнд маш том амжилт” гэсэн юм.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан:

“Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтын гол зорилго нь хүнийг хүн болгоход чиглэж байгаа. Бид ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдээ өөртэйгөө тэмцдэг чадвартай, ирээдүйдээ зорилго тэмүүлэлтэй, эх орноо хайрлаж хамгаалдаг болгох зорилгыг тавьж, эдгээр ур чадварыг суулгах сургалт, хичээл орж байна. Мөн энэ сургалтын хүрээнд нийтийг хамарсан, нийгэмд тустай үйл хэргүүдийг хийж байгаа. Жишээ нь, 24 суманд, сум бүрд 2-7 айлын хашааг шохойдож будаж, цэвэрлэж өгсөн. Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож, авто зам баригдаж байгаа гурван хэсэгт хог, чулууг түүж цэвэрлэсэн. Харин өнөөдөр шатсан ойг цэвэрлэх ажилд оролцож байгаа. Энэ бол хүүхдээр юм хийлгэх биш, нийгмийн тустай үйлсэд гар бие оролцуулж, түүгээрээ дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх зорилготой юм” гэлээ.

Мөн энэ үеэр ойн цэвэрлэгээнд оролцож байгаа хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцсан юм. Тухайлбал, Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 12а ангийн сурагч н.Ариунзаяа “Томчууд энэ ойг үнэхээр аймшигтай болгосон байгааг үнэн голоосоо мэдэрч байна. Би өөрийн гараар ойг цэвэрлэж байгаадаа бахархаж байгаа. Мод их унаснаас болж маш олон зулзаган модод далий ургаж байгаа нь харамсалтай харагдаж байлаа. Харин бид унасан моддыг авч, зулзаган моддыг өндөр ургах боломжтой болгож байна. Нуулгүй хэлэхэд энэ ой үнэхээр өрөвдөлтэй, маш их тортогтой байна. Бид гар бие оролцсон учраас хэдэн жилийн дараа өндөр мододтой ой болох байх гэдэгт итгэлтэй байна. Олуулаа хамтарч ажиллаж байгаа учраас ядрахгүй, санаа нийлж хамтран ажиллаж, найз нөхөдтэй болж байна” гэлээ.

Мөн тус сургуулийн сурагч “Анх аянд оролцохдоо сэтгэл дундуур байсан. Танихгүй олон хүүхэд байх учраас ирэх эсэхдээ эргэлзэж байсан. Харин одоо би баг, хамт олноороо ажиллах, олон янзын үйл ажиллагаанд оролцох зэргээр олон зүйл сурч байна. Өчигдөр хил хамгаалах сэдвээр маш сонирхолтой лекц сонсож, олон сонирхолтой арга хэмжээнд оролцлоо” гэсэн юм.

Мөн цагаалан бэлтгэсэн моддыг ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийж байгаа “Мегавүүд” компанийн захирал Ц.Ариунбат:

“Монгол Улсын газар нутгийн 9 хувь нь ой байдаг. Сүүлийн тооллогоор 400-500 сая куб метр ойг цэвэрлэж ашиглах тооцоо гаргасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, шатсан ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, гаднаас шахмал төрөл бүрийн хавтан авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломжтой юм. Энэ их ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулбал улс оронд өндөр өгөөжтэй байх болно. Өмнө нь ойг цагаалах асуудлаар төр тодорхой бодлого баримталдаг байсан нь одоо үед эргээд сэргэж байх шиг ажиглагдаж байна. Манай улсад хавтан үйлдвэрлэх үйлдвэр байхгүй. Харин бид ирэх жил энэ үйлдвэрийг нээнэ” гэсэн юм.

Ойн цэвэрлэгээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ойн цэвэрлэгээнд оролцож байгаа хүүхдүүдтэй уулзаж, “Нутаг орноо, шатсан ойг үе тэнгийнхэнтэйгээ нийлэн цэвэрлэж байгаа та бүхнээр бахархаж байна” гээд сурагчидтай уулзаж, ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр сурагчдын сургалт, хөтөлбөртэй танилцаж, “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалтад оролцсон хүүхдүүдэд батламж гардуулна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?