ШИНЭ ХУУЛИЙГ ШИНЭ ХАНДЛАГААР ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ САНУУЛЛАА

Сэтгүүлчийн үг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /ЗАА/-наас ирүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдөр /2018.10.22/ Монгол Улсын Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-өөс  сургалт зохион байгууллаа. Ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хууль хийгээд төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал, Төрийн албаны хуулийг  хэрэгжүүлэх, төрийн албыг  бэхжүүлэх чиглэлээр бусад улс орнууд хэрхэн ажилладаг талаарх туршлага зэрэг сэдвээр   ТАЗ-ийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан  лекц  уншиж,   ЗАА-ны  40 орчим ажилтан, албан хаагчид оролцлоо.

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр УИХ-аар баталсан Төрийн албаны тухай хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хамгийн гол үүрэгтэй төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн захиргааны албан хаагчид юм. Тиймээс ч шинэ хуулийн талаар мэдээлэл сонсох, сургалт авах  хүсэлт олонтаа ирдэг.  Шинэчлэн баталсан  Төрийн албаны тухай хууль нь 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйл заалттай. Хуулийг дагалдаж 47 дүрэм журам гарч буй бөгөөд тэдгээрийн есийг нь УИХ, 25-ыг Засгийн газар, 11-ийг Төрийн албаны зөвлөлөөс боловсруулж байна. /  ТАЗ-өөс боловсруулж буй журмуудын төсөлд http://csc.gov.mn/b/56/30/ линкээр орж саналаа өгөх боломжтой/

 

 

Өнөөдрийн сургалтад хамрагдсан ЗАА-ны ажилтан, албан хаагчдын зүгээс шинээр батлагдсан Төрийн албаны хуулийг дагаж мөрдсөнөөр төрийн албаныханд мэдрэгдэх эерэг өөрчлөлт юү байх тухай, түр орлон гүйцэтгэгчид болоод улс төрийн томилгоог бууруулж чадах эсэх талаар болон төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, зэрэг дэвийн талаар илүүтэй сонирхон асууж байлаа.  Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албаны хүний нөөцийн бодлого тогтворжиж, албан тушаалд тавигдах шаардлага тодорхой болохын дээр албан хаагчдын бие даасан хараат бус байдлыг хангаж, төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангижруулах боломж бүрдэнэ гэдгийг онцолсон юм. Мэдлэг чадварт тулгуурласан “мерит” буюу “Чадахуйн зарчим”-д сууриласан, мэргэшсэн тогтвортой төрийн албыг хөгжүүлж бэхжүүлэх үндэс суурь  болсон шинэ хууль байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илтгэгч тодотгосон.  Одоо мөрдөж буй Төрийн албаны хуулийн 50 гаруй хувьд өөрчлөлт орж буй бөгөөд шинэ хуулийг  хуучны  ойлголтоор хэрэгжүүлэхгүй гэдгийг сануулж, төрийн албан хаагч бүр шинэ хандлага, шинэ соёлыг төлөвшүүлэн ажиллахыг уриаллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?