АН-ААС ХӨӨГДӨГСӨД...

Сэтгүүлчийн үг

 

Шуурганд уруудагсад... гэдэг шиг Ардчилсан намаас хөөгдөгсдийн тоо ахин нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс хассан талаар намынх нь гишүүд ярилцаж байна. Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн, намд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан, намын байр эд хөрөнгийг зарж үгүй хийсэн Н.Алтанхуягийг АН-ын гишүүнээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн намын хорооноос гаргасан бололтой. Угаас  АН-ын дүрэмд намын гишүүнийг түдгэлзүүлэхдээ анхны шатны нэгжээс нь шийдвэр гаргадаг журамтай.

Эх сурвалжийн өгүүлснээр АН-д хийгдсэн дотоод аудитын шалгалтаар Н.Алтанхуягийг даргаар ажилласан 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд  нийт  найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ. Тодруулбал, Н.Алтанхуяг Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан, "Намын шинэ байр барина" хэмээн  хандив цуглуулсан ба уг мөнгөнөөсөө "Лексус 570" автомашин авахуулаад түүнийгээ хүлээлгэж өгөлгүй завшсан гэнэ. Ийнхүү АН-аас хөөгдсөгдийн тоог Н.Алтанхуяг нэгээр нэмлээ. Өмнө тус намын гишүүн Д.Пүрэвдаваад сахилгын шийтгэл ногдуулж, түүнийг намын дүрмийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр дөрвөн жилийн хугацаатайгаар намын гишүүнээс хассан.

Мөн Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих намын улс төрийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Ж.Батзанданг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаагаар хассан. Бас тус намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тушаалаар С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан билээ. Ийнхүү АН-аас хөөгдөгсдийн цуваа үргэлжилсээр л байна...

Эцэст нь тэмдэглэхэд, АН дахь доторх бужигнаан эрчээ авч гишүүд нь намын дарга С.Эрдэнээ эсэргүүцэх эсрэг тэмцэл ид өргөжиж байхад намаас хөөгдөгсдийн цуваа нэмэгдсээр байх нь лав сайны ёр биш гэж үзэгсэд ч цөөнгүй байна.

                                                                                                                       У.Урсгал

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?