С.БИЛЭГСАЙХАН: ОФШШОРЫН МӨНГИЙГ ОРУУЛЖ ИРЬЕ ГЭВЭЛ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ...

Сэтгүүлчийн үг

 

 Евроазийн Ард түмнүүдийн Ассамблейн Удирдах зөвлөлийн гишүүн, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа.

 

-Та  болд ардчиллын анхдагчдын нэг. Монгол ардчиллын замаар замнаад 30-н жил боллоо. Ардчиллын амжилт ололт, алдаа оноо юунд байна вэ анализ хийж л суугаа байх, хувьдаа?

-Ухаантнууд хувьсгалыг санаачилж, зоригтнууд хийж, луйварчид завшдаг гэдэг юм л боллоо.Бидний бүр тодруулбал, МоАХ-ны зорилго Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Улсын эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөө гэсэн дөрвөн юман дээр л тогтноно. Бусад нь аажимдаа болно. Бид 90 онд Москвагийн гараас гаръя гээд  хамт зүтгэсэн... Би бодоод байгаа юм. Луйварчдын шалгуур байна. Бүгд л энэ талаар ярьж байна. Хүний эрх чөлөөнд байх асуудал байх л даа. Гэхдээ Монголын тусгаар тогнолын баталгаа нь хэр найдвартай вэ гэдэг тэр үзүүлэлт...  Бидний байж байгаа баталгаа хэзээ нуран унах вэ. Их гүрэн гээд Монгол 13 дугаар зуунд байлаа. Их гүрэн задарсаар тарж бутраад бүр 300-н жил алга болчихсон биз дээ. Тэр байдал яг өнөөгийн байдалтай адил байна. Улсын хөрөнгө, уул уурхайгаа гадныханд зарж байгаа байдал...

Хүнд эрх чөлөөг нь өгчихөөр хамаагүй задгай болчихдог юм байна . Гэхдээ 1991 онд баталгаажсан. Үндсэн хуулиар баталгаажсан тэр эрх чөлөөний баталгаа хэр их байна вэ гэдэг ойлголт их чухал. Одоо аймгууд лиценз нэрээр газраа зарчихсан  байна. Их хурлын гишүүд нь феодлууд болчихсон. Нутаг орноо ил далд зарлаа энэ тэр гээд өчнөөн хэл ам... Багцлаад харахаар тусгаар тогтнолын үнэ цэн, баталгаа даац, нөөц боломж нь хэр байна вэ гэдэг л асуудал. Түүнээс биш хүн бүгд л эрх чөлөөтэй болчихсон. Төрөөс хэдэн миллиард, триллионоор нь хулгайлж байна. Ганцхан МАК гэхэд л улсын төсвийн зарлагын 10 хувьтай тэнцэх зээл авчихсан байх жишээний. Мэдээж би баяжихын эсрэг хүн биш. Хүн болгон баян байх ёстой. Гэхдээ шударга баяжаад үндэсний баялгаа бүтээгээд явах ёстой.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд монголчууд хэн нь хэн бэ гэдгээ ойлгочихлоо. 1989 онд төрсөн хүүхэд 30 хүрчихлээ. Хүүхэд шуухадтай болчихож. Гэтэл амьдралын баталгаа байхгүй. Яахав сүүлийн үед ардчиллын нэр хүнд уналаа л гэх болж.  Ардчиллын нэр унадаг юм бол тэрэн шиг хэрэггүй юм байхгүй биз дээ. Үгүй шүү ардчилал байж байгаа. Монгол Улс ардчиллын хүчээр тусгаар тогтнол, хүний эрх чөлөөгөө олж авсан.

Хүн эрх чөлөөтэй болсон. Бүгдээрээ дураараа ярьж байна ш дээ, өнөөдөр. Тийм биз. Ардчилал тэр эрх чөлөөг олгосон. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн 80-90 хувийг хувийн аж ахуйн нэгж бүрдүүлж байгаа. Бас орон сууц, мал бүгд хувийнх байна. Юуны буян юм бэ? Ардчиллынх... Маргааш бүх орон сууцыг захиран зарцуулах эрхгүй гээд хурааж авч, малыг нйигэмчилнэ гэвэл зөвшөөрөх хүн олдох уу. Юу нь буруу гэж... Захын залуу л европын орноор явж ирчихээд кофе шоп ажиллуулж, амьдралаа залгуулж байна... Хүмүүс сэтгэлгээнийхээ хүрээгээр л ажиллаж байна. Юу нь болохгүй байга юм бэ. Бид баян хүмүүсээ муулах хөдөлгөөн өрнүүлж атаархаж болохгүй. Өөрийнхөө юмыг хураалгах дургүй мөртлөө бусдынхыг хураах гээд байж болохгүй биз дээ.

-Тэр ч тийм. Тэгэхдээ тэрбумтангуудын маань олонх нь төрөөс төрсөн болохоор хандлага тиймхэн байх шиг. Яг өөрийнхөө хүчээр өсч өндийсөн хэд вэ гэвэл бас л сонин тоо харагдах байх шүү?

-Хүч хөдөлмөрөөрөө боссон хүн олон байлгүй яахав. Би л гэхэд 30-н жил бизнесийн орчинд явлаа. Дуугүй байгаа болохоос... Нөгөөтэйгүүр улс орны хөгжил удаан ч гэсэн урагшилж байна. Хүмүүс харж л байгаа, ихэнх нь дуугүй л байгаад байгаа болохоос биш... Гэхдээ бүх юмыг чинь хураана, нийгэмчлэнэ гэх юм бол бүгдээрээ босч, аюултай юм болно.

Болж бүтэхгүй бүхнээ ардчилалд наагаад л байна. Ямар ч холбоогүй хоёр асуудал... Бодоод үз л дээ. Чи өөрийнхөө оюун ухааныг ажиллуулаад машинтай, байртай болж байна. Юу нь муу байгаа юм бэ. Болоод амьдраад явж л байна шүү дээ.

-Эрх мэдлийн хэт төвлөрөл, эдийн засгийн луйвар иргэдийн энгийн таатай амьдрах орчин... Тэгшитгэх, үгүй ээ хэвийн зөв голдиролд нь оруулахын тулд бид яах ёстой гэж?

-Олйгомжтой шүү дээ. Гарц нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Хоёр суудалтай болгох л хэрэгтэй. Хүн хэмжээгүй эрхтэй болчихоор эрх мэдлээ хэтрүүлээд төрд дөрвөн жил суухдаа бүх юмаа амжуулж байна. Сая Казак Үндсэн хуулиа баталсан. Тэндхийн Самат гишүүн, “Ямар сонин юм бэ манай их хурлын гишүүд зөвхөн өөрсдийнхөө гэр бүлийн асуудлыг ярьж, бусад юмны тухай ерөөсөө ярихгүй юм.” гэж байна лээ. Бусад юмны тухай яриулдаг юм нь Улсын бага хурал, Ардын их хурал гэсэн хоёр систем. Системээ өөрчлөхөөр хүн ч инь жаахан хамжааргатай болно биз.

-Үндсэн хууль батлалцсан хүний хувьд үүргээ гүйцэтгэсэн гэж үздэг хүний нэг нь та байх нь ээ?

-Үнэндээ Үндсэн хуулийн боломжийг  ашиглаж чадахгүй байгаа юм.  Өнөөдөр  органик салбар гээд 600-700-н хууль гарчихсан байна. Тэр нь дандаа Үндсэн хуулийн заалтыг зөрчөөд, муудуулчихсан хуулиуд.  Нэг л жишээ хэлье. Үндсэн хуулийн зургаадугаар заалт. Хүний эрх... Хүний эрх гэхээр улс төр, хэвлэн нийтлэх, эдийн засгийн эрх чөлөө орно. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.2 дугаар заалтад юу гэснийг өөрө өолоод харчихаарай. Бид нийгэмд хахуульгүйгээр амьдрах орчин бий болгож чадахгүй байна. Заавал тав, арван хувийг нь салгаж байж, юмыг нь бүтээдэг системтэй. Татварын хуулин дээр бүр баталгаажуулаад заачихсан... Өөрийнхөө мөнгөөр улсын ажил гүйцэтгээд дөрөв таван жил болчихоод мөнгөө авч  чаддаггүй. Дөрөв таван жилийн өмнө ам.доллар 1000 л байсан одоо хоёр мянга гараад явчихлаа. Мөнгөний ханшны зөрүү аймаар байгаа биз дээ. Улсын ажил хийж байхаар банкны хадгаламжинд хийчихсэн бол сарын нэг хоёр хувийн хүү аваад л байна. Хувийн мөнгөөрөө улсын ажил хийчихээд гурав дөрвөн жилийн дараа аргаа барж, шүүхэд хандана. Шүүх нь шийдвэр гаргахаар дараа жилийн төсөвт тусгаж байж олгоно гэж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл өөрөө таван жил болчихсон. Дараа нь шүүхийн шийдвэр гарахаар дахиад хоёр гурван жил өнжинө. Бараг 10-аад жил болох заалт л байгаад байгаа юм. Уг нь төрийн үүрэг нь бол хуулийн хэрэгжилтийг л хангах. Өөр ямар ч үүрэггүй. Гэтэл хахуулиа өөртөө тохируулаад хийчихсэн. Засгаас аль  болохоор мөнгө гаргахгүй байхаар... Тэгээд юу болох вэ? Бизнес хийж байгаа хүний ард өчнөөн олон хүн байдаг. Туслан нийлүүлэгч, гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч, ажилчид.. . Бүгд төрийн тендер концессоор ороод дампуурч байна.  Дампуурахгүйн тулд төрийн эрх мэдэлтэй хүнд хахууль өгч байж л асуудлаа шийдүүлэхгүй бол болохгүй байна.  

Шуудхан хэлэхэд төр үүргээ биелүүлэхгүй байна. Угтаа үүргээ биелүүлэх л ёстой. Утааг бууруулна гээд 598 тэрбум төгрөг зарцуулдаг. Би хувьдаа утаа, хогны асуудлыг мөнгө олох хэрэгсэл л гэж хардаг. Шийдэх мөнгө, бололцоо л бол хангалттай байсан ч хувийн халаас руу шилжүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, төр нь ийм болохоор нийгэм нь нийгэмшихгүй байна. Тэгээд бүгдээрээ зам дээр түгжирч, утаандаа хордоод л явж байна. Мэдээж цагийн эрхээр системийн хувьд өөрчлөх л байх. Хамгийн харамсалтай нь хүмүүс тартагтаа тулахаад л ойлгож эхэлж байх шиг.

Бодоод үз л дээ, сонгуулийн үед 20 мянган төгрөгний төлөө санлаа өгчихөж байгаа юм чинь юу өөрчлөгдөнө гэж... Яаж саналаа худалдагийг мэдэх үү?

-Мэдэхгүй, тооллого дээр луйварддаг юм болов уу, хар хайрцагаа хакерддаг юм болов уу гэж бодоод л байдаг ш дээ?

-Чамд дугуйлсан цаас өгчихөж байгаа юм. Тэрийг нь чи саналын хайрцаг руу хийгээд, гарч ирэхдээ чи надад тэндээс авсан цаасаа цэврээр нь авчирч өгнө.

-Тэгэх боломж гарах уу. Ажиглагч энэ тэр гээд бөөн нүд харж байхад?

-20 мянган төгрөгтэй болохын тулд хүмүүс солиод хийчихдэг л байхгүй юу. Процесс нь ингэж явдаг. Дотроо ганцхан би ингэж байгаа гэж бодож байгаа ч өөр шиг чинь өөр олон хүн ийм байдлаар саналаа худалддаг. Сүүлдээ өнөөдүүл нь улсын бүх мөнгийг луйвардчихаар гайхаад байгаа юм. Эд нарын буруу биш. Мөнгөө төлсөн... Товчхондоо киноны тасалбарын мөнгөө төлсөн. Киногоо үзүүлсэн одоо баяртай биз дээ. Та нарт өгсөн мөнгөө эргүүлж авах ёстой биз. Зарлагаа нөхнө. Схем их хялбар. Тэгсэн атлаа хүн болгон тартагтаа туллаа, утаа нь болохоо болилоо, түгжрэл нь дийлдэхээ байлаа гээд бөөн стресс. Амьдрал нь хүрэхгүй болохоор бүх хүн рүү буруугаа чихнэ. Луйварчин ЖДҮ гээд хашгиралдаад эхэлнэ... Зүй нь анх санал өгөхдөө л 20,30 төгрөгөөр худалдахгүй л байх ёстой юм. Шуудхан хэлчихэд гэгээрсэн хэсэг нь гэгээрээгүй хэсгээ мунхруулдаг. Хохь нь ш дээ. Ганцхан үг л байдаг ш дээ хохь нь гэж... Өөрсдөө очиж саналаа худалдчихаад  дараа нь орилолдох хэрэг юу байна вэ. Хэвтүүл, босуул гээд яах юм бэ. Гарц биш шүү дээ. Гагцхүү системээр нь өөрчлөх л гарц. Системээс салах арга нь АИХ, Бага хурал. 300-400 хүнтэй байгуулаад явах ёстой. Тэр олон хүн чинь зүгээр байхгүй. Чиний хажууд хүн мөнгө идээд байхаар орилдог юм байгаа биз дээ, мэдээлэл байдаг юм байгаа биз дээ. Би хэлсэн, том компаниуд бүгдээрээ бүгдийг тарааж идэж байна гэж. Тэрний цаана ганцхан хүн л байгаа. Үсрээд л 40 хүн байгаа. Хамгийн том тоогоор ярих юм бол 76 л байгаа биз дээ. Үнэндээ 76 хүнийг гурван сая хүн дийлэхгүй байна. Дийлэх арга нь системийн өөрчлөлт... Надад нэг юм их таалагдсан.

-Юу?

-Яг Үндсэн хуулийг өөрлөе гэвэл хэн ч оролцохгүй. Ажил хийх хүн байхгүй. Зөвлөе гэвэл арав хорь, гуч дөчин хүн байна. Шүүмжилье гэвэл 10-н мянган хүн бэлэн байж байна. Хувийн бизнес бол зүгээр л хийх юмаа хийгээд л явж байгаа. Харин нийгмийн сэтгэлгээ нь цүнх баригч, бөгс долоогч, тавиул энэ тэр байна. Тэр юу ч биш. Яг үнэндээ амьдралын хөл дээрээ толгой нь дээрээ гарчихсан. Зүй нь төр чинь бид нар... Бид нар амьдралаа хэрхэн сайжруулах тухай хэлэлцээд диалоги хийгдэх ёстой. Тэрнээс биш тэр их бага идсэн, бялуу томыг авсан пологтож байна, гэж шаагиад эсвэл баахан ном уншуулж суварга, сүм хийд бариад яах юм бэ. Сарандаваа хэлж байна лээ, би хэзээ ч баяжуулна гэж хэлээгүй гэж. Зөв ш дээ. Өөрсдөө л хөнгөн хийсвэр мөнгө олох гээд сүлжээний бизнест бөөнөөрөө ороод луйвардуулж байгаа юм чинь. Хувь хүн өөрсдөө бодох л ёстой. Хүний амьдрал богинохон шүү. 60-70 үсрээд л 80 жил. Угтаа хүн өөрийнхөө амьдралыг 70 жилээр төлөвлөчих ёстой юм байгаа юм. Тэрэн дээр нь төр улс нь яаж хаана нь халамжлах тухай бодлого боловсруулах ёстой. Хятад улс, хүнээ дааруулж өлсгөхгүйн тулд хоёр халамжийн бодлого гаргалаа. Энэ бол төрийн үүрэг. Баталгаа нь тодорхой  хэмжээний боловсрол, мэдлэгтэй иргэд. Зүгээр хоосон цаас өгөөд л 50 мянган төгрөг авдаг юм биш... Хатуухан хэлэхэд манай нийгэм долдойчуудын нийгэм болчихлоо.

-Иргэдийн боловсрол гэдэг асуудал орхигдчихлоо. Боловсрол гэхээр их дээд сургууль төгссөн, бичиг үсэг мэддэг гэдэг утгаараа биш шүү... Үүнээсээ болж их ч хохирох юм. Магадгүй боловсрол, мэдлэггүй байх нь дээр суугаа нөхдөд мөн ч их олз байх, тийм үү?

-Иргэд өөрсдөө боловсрох ёстой. Хамгийн их мэдэж байгаа боловсорсон хүмүүс л энэ луйврыг хийж байна. ХҮчээр бодлоггор чиглүүлээд, ийм хүрээн дотор, ийм норм хэмжээн дотор амьдар гээд заагаад өгчих хэрэгтэй. Хэдэн тэрбумаар нь идээд баяжаад, 17 мянган миллиард ам.доллар гадагшаа гаргачихсан ч олж авч чадахгүй байна гээд суугаад байж болохгүй. Оросууд 792 милиард ам. доллар тавиад туучихсан. Үсрээд 20-30 тэрбумыг л авсан байх. Яасан гэхээр гадны банкуудад хувьцаа нийлүүлэгч болчихсон. Өөрөөр хэлбэл тэр хүний мөнгө биш болчихсон. Тусгай хуулиар зохицуулагддаг учраас авч чадахгүй. Тухайлбал, чи Швейцарийн банкинд хувь нийлүүлэгч болоод орлоо. Хадгаламж чинь 10-2 жилийн хугацаатай. Тэр мөнгө чиний хулгай хийсэн мөнгө үү, зүгээр мөнгө үү гэдгийг тэд мэдэхгүй. Манай Ерөнхийлөгч офшорын мөнгийг оруулж ирнэ л гээд байдаг. Орж ирэхгүй л дээ.

-Яагаад, ямар ч боломжгүй гэж үү?

-Оруулж ирэхийн тулд хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлэх ёстой. Нэгд, тэр их мөнгө орж ирж байгаа юм тэр мөнгийг хэргээс чөлөөлөх Өршөөлийн тухай хууль гаргах ёстой. Оруулж ирсэн мөнгөнийхөө 20 хувийн татварыг төл. 70, 100 тэрбум байх нь сонин биш. Татвараа төлчихөөд оруулж ирсэн мөнгөөрөө Монголд хүссэнээ хий...  гэх хуулийг нь гаргах ёстой. Ямар ч байсан тэр мөнгийг өөрийнхөө толгойгоор олсон биз дээ.

-Толгой юу, луйвар уу?

-Мөнгөний асуудал чинь яаж олсондоо биш л дээ. Олж авсан арга ухаандаа байгаа юм. Ямар нэг аргаар олсон л байж таарна. Тэрийг нь шүүж болохгүй. Зүгээр л татвараа л төлчих. Тэгвэл мөнгө орж ирнэ. Хууль эрхзүйн нөхцлийг нь хангаж өгөхгүй бол тэр офшортоо л дуусна. Насаараа янз бүрийн юм хийж байгаад 40 сая ам.доллар олсон бол дөрвөн саяыг нь татварт төлөөд оруулаад ир гэхээр өөр хэрэг. Тэгээд оруулаад ирэхээр нь чи улсаас энэ мөнгийг луйвардсан гэж загнаж болохгүй. Татвараа төлсөн үү, төлсөн. Тэгээд л дуусаа... Яриа дуусах ёстой. Ер нь офшорт татвараас зугтаасан мөнгө л байж байгаа. Манайхан луйвар гэдэг ч мөнгөжүүлэхийн тулд зориуд ийм арга хэрэглэх хэрэгтэй. Одоо дотоодын зах зээл дээр байгаа сангуудын нийлбэр дүн гэхэд гаднаас зээлж байгаа триллион ам. доллартай тэнцэхүйц. Офшорын мөнгөний хажууд тэр юу ч биш.

Жижгээр авч үзье л дээ. Хувь хүний эдийн засаг гэж бас байна. Жишээ нь чи хүнтэй суугаад гэр бүл боллоо. Тэр гэр бүлийн эдийн засаг гэж байна. Параметр үзүүлэлтүүд нь өөрчлөгдөнө. Нэг хүн байсан хоёр хүн, хүүхэд гарвал гурван хүний харьцаа болно. Тэрэнтэй адилхан жижиг том компани гэхээр бас л үзүүлэлт  нь өөрчлөгдөнө. Компанийн захирал гэхэд хуулийнхаа дагуу ажилчид авах гээд өөр. Нэг баг, сум, нэг улс яг адилхан. Томсгосон хувилбар. Тухайлбал намайг МИАТ-д ажиллахаар очиход 26.8 тэрбумын алдагдалтай байсан. Тэгээд би, жил хагасын дотор төлөвлөгөө боловсруулаад ашигтай ажиллуулнаа л гэсэн чинь намайг яаж доромжилсон гээч... Ирсэн болгон л тэгж ярьдаг гэж ч байх шиг... Харин би очоод жилд хагасын дараа 3.2 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Тодруулбал, урд нь байсан боломжуудыг нэгтгэж, бололцоонуудыг нь хайж, эх үүсвэрийг олох бодлогыг томъёолсон. Наад зах нь илүү төлсөн НӨАТ байвал буцаан авалт хийх,  татвараас нь суутгах... Бензинээ Бээжинд сумлах. Тэрүүгээрээ Москва орно,  тэндээс сумлаад Берлин нисээд буцаад ирэхдээ Москвагаас сумлаад ирэх жишээний. Ойрын зайн нислэгүүд дээрээ банкаа дүүргэхээр арай хямд тусаж байгаа юм. Иймэрхүү маягаар хэмнэлт хийх бодлого баримталсан. Нэг баг болоод хамт ажилласан. Нэг л зарчимтай. Хулгай хийхгүй шүү найзуудаа л гэсэн. Мэднэ дээ, миний урд талын бүх захирлууд шоронд орсон. Миний дараагийнх ч шоронд орсон. Харин би нэг ч төгрөг идээгүй. 3.2 тэрбум төгрөгийн ашиг сүүлийн арван жилд түүхэнд байхгүй шүү. Тэгээд 320 саяыг нь шууд шагнал болгоод ажилчдадаа тараасан. Цалингийн хамгийн доод шатлалыг 10 хувиар өсгөсөн... Саяхан онгоцоор ниссэн чинь, захирлаа бид хамгийн доод шатлалаар цалинжиж байгаа гэж гомдол мэдүүлж байна лээ... Одоо бол ашигтай ажиллаж байна, гурваас таван онцгоц авчихсан. Хийе гэвэл жил хагасын дотор болдог л юм байна лээ. Хамгийн гол нь бололцоо. Бололцоог яаж харах вэ гэдэгт л байгаа юм.

-Бололцоог харж хийх сэдэлтэй хүн байдаггүйн балаг л байх даа?

-Байгаа байх л даа. Гэхдээ нийтээрээ зүгээр л идэх ёстой гэсэн ойлголттой. Одоо энэ шаркийг хар л даа 3 сая, 70 сая, 100 саяар юм босгож байгаа биз. Тэгэхэд  ЖДҮ-гийнхэн 950-хан сая төгрөг аваад юу болдог юм бэ гэж ярьж байна. Ялгаа байгаа биз. 950 сая юу ч биш гэх нэгэн байхад 50 саяар хийх юмаа хийх гээд зүтгэх хүн ч байна. Яах вэ, яваандаа нийгэм зүгширнэ. Аяндаа зүгширнэ. Гэхдээ процесс удаан байна. Тиймээс одоо нийтээрээ зөвшилцөлд хүрэх ёстой...

За болъё найзууд аа, идэх нь идлээ. Ганц удаа өршөөе, бүх юмаа цэгцлэе. Үндсэн хуулиа өөрчилье. Төрд алба хашдаг хүмүүсээ цөөлье.  Гурван сая 270 мянган хүнд 180 мянган төрийн албан хаагч их биз. Дэлхийн анагаах ухаан эмчилгээний зориулалтын хоёр сая эм бий болгочихсон. Тэр эмнээс үүссэн харшлыг эдгээх эм гэж бас бий болчихлоо. Өөрөөр хэлбэл, цоо шинэ шинжлэх ухаан... Юмыг харах өнцөг нь өөр байх ёстой болчихож. Гэтэл бид 86 мянгуулаа хахууль авдаг системтэй байх юм уу... 50 хувь чөлөөлөөд өгчих хэрэгтэй юм уу... Өнөөдөр хүн бүр л гэртээ очоод цахимаар утсаараа бүх юмаа хийдэг болж байна. Зөвшөөрөл энэ тэр хүнд суртал байхгүй болчихвол Монгол бослоо ш дээ. Монгол босох  амархан. МИАТ-ийг босгосонтой л адил. Бүх юм байна. Хүмүүс байна. Ганцхан   систем л буруу байна. Системээр нь өөрчлөх ёстой. 30 жил хүний амьдралын нэг мөчлөг байдаг шиг. Хэдүүлээ ирэх 30 жилээ цоо шинээр томъёолоод л үзэх ёстой. Би олон орноор явсан. Иргэдийнх нь боловсрол хэлний мэдлэг маш муу. Австрид англи хэлээр ярьдаг хүн цөөн. Гэхдээ тэр хүн фермерийн аж ахуйгаа аваад явчихна. Би бүр 500 жилийн түүхтэй ресторанд хоол идэж байлаа. Манайхны нэг алдаа нь бусдыгаа дууриадаг. Бизнес хийхдээ бөөнөөрөө хошуурдаг байснаа арай гайгүй болж байна. Нэгэнтээ бух бенз гаргаад л бүгдээрээ шатсан. Баахан тэмээн  тавхай гаргаж 100 ам.доллараар зарж байна гээд хамаг тэмээгээ устгаад  хаячихсан. Одоо ямааны ноолуур гээд л ямаагаа үржүүлчихээд бэлчээргүй боллоо гээд хашгиралдаж байна. Мод гаргана гээд ойгоо устгачихсан. Ан амьтан ч алга боллоо. Хэдэн зуун гол горхи ширгэж байна. Бид өөрсдийнхөө дайсан болж байна. Байгалийн хүчин зүйлийг дийлэхгүй ш дээ. Хамгийн ойрын жишээ, дэлхийн том  хотуудад усны асуудал толгойн өвчин болж байна.. Юун Африк... Гэтэл Улаанбаатар хотын агаарын бохирдол 25-40  гаранхан км-ийн л асуудал. Хотоос гараад Тэрэлж, Налайх ороод л гоё болчихдог биз дээ. Үүгээрээ би, бид амьдралаа эргэж харах ёстой гэж л хэлэх гээд байгаа юм. Амархан. Утааны асуудлыг хоёр гуравхан аргаар шийдчихэж болно.

-Санаа сэдэл авчихмаар олон зүйл яригддаг ч шийдэгддэггүй нэмэгдсээр утаа улам ботгирсоор л байна. Таныхаар тэр амархан арга чинь юу юм бэ?

-Нэгд, захиргаадалтын асуудал. Пийшин тавьж, утаа гаргаж байгаа бол мөнгө төл. Дараа нь утаагаа гарга. Хуучин машинуудаа боль гээд өндөр татвар тавьчих ёстой.  Сонирхуулахад, Сингапурт машиныг хоёр дахь эхнэр гэдэг. Зогсоол орлоо мөнгө, энэ замаар явлаа мөнгө. Эхнэрээс дутахгүй зардалтай. Өдөрт хэдэн зуун доллар төлдөг. Тэрэн шиг чи утаа гаргаж байвал төл гээд торгууль тавиад эхлэхэд утаа шууд 50 хувь буурна. Хоёрт хүмүүстээ орчныг бий болгож, баяжуулах арга замаа гаргаж өг. Гурван сая 200 мянган хүндээ нэг нэг га газар өгчих... Би хэдэн жилийн өмнө л ярьж байсан 32 мянган км2 болно. Харин манай Монгол сая 622 мянган км2 нутагтай. Сая 622 мянгаас 32 мянгыг нь л хас л даа хэд болох вэ? Тэгээд хүн болгон хувийн аж ахуйтай болчих хэрэгтэй. Нэг канад залуу Монголд ирээд үхрийн фирм байгуулчихсан. Хоёр австри залуу бас бий. Гэр хороололд үнэн тансаг амьдарч байна. Шницель хйигээд л, усанд орж, юм угаах газартай бас жоохон мужааны цех ажиллуулчихсан. Мөнгө хийж байна. Газрын тухайд, га газар  гэдэг чинь томоор бодвол армяны газар нутагтай тэнцэхүйц.  Би амьдралдаа гурван зорилго тавьсан. Нэгд, малыг хувьчилъя. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа улс даяар хувьчлалын ажлыг зохион байгуулсан хүний нэг.  Тухайн үед малгүй болчихно гээд эсэргүүцэж, ардчилсан холбооныхон гээд чичилж байсан. Одоо 80 сая малыг яах вэ, махаа яаж зарах вэ гээд л сууж байна. Дараа нь орон сууц хувьчлах ажлын ажлын хэсгийн ахлагч байсан. Орон сууцны багц хуулиудыг батлуулалцаж явлаа. Гагарин, Гэрэлчулуун бид гурвын санаачилсан ажил. Өнөөдөр Монголд төрийн орон сууц гэсэн ойлголт байхгүйтэй адил. Хүн болгон орон сууцтай болчихсон. Дараа нь гэр хорооллынхонд газар өгье гэж байснаа ер нь монголчууддаа бүгдэд нь нэг га газар тараах ёстой гэж бодсон. Тараахдаа Оюутолгой гэдэг ч юм уу стратегийн том орд байгаа газруудаа өгчих ёстой. Хүмүүс ойлгохгүй байгаа учраас эсэргүүцээд байгаа юм. Бод л доо.  Оюутолгойн газрыг чамд өгчихвөл зуу, мянгуулаа нийлээд тэнд чинь үздэг юм байгаа биз дээ. Газар нь чинийх юм чинь... Бусад нь хувь нийлүүлэгч болчихно. Тэгж л хүмүүсээ хүчээр баяжуулдаг байхгүй юу. Дэлхийн энтэй том төслүүд дээр ажиллаж, мэргэшиж туршлагажиж байгаа иргэдээ хүчээр урагшлуулж, баяжуулах  хэрэгтэй. Энэн дээр төрийн бодлого, мэдээж энэндээ зохицсон хууль төрийн бүтцийг бий болгох ёстой юм. Харамсалтйа нь өнөөдрийн Монгол хэдхэн хүнийг л баяжуулах хуультай байна даа...

                                                                                                                              З.Урнаа

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    DR. UROLOGIST [197.210.227.xxx]

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

  • Зочин

    DR. PRADHAN [105.112.33.xxx]

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

  • Зочин

    Зочин [43.242.243.xxx]

    Ххэ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?