"БИДНИЙ ТУХАЙ БИД" АЯЛЛЫН Х.ЭРДЭНЭБААТАР Ч БАС БИДНИЙ НЭГ...

Сэтгүүлчийн үг

Сэтгүүлч Г.Алтантүрүүгийн санаачилсан “Бидний тухай бид” төслийн эхний аялал хоймор нутаг Хөвсгөлөөс эхэлжээ. Аялагчид Хөвсгөл нутгийг нар зөв бүтэн тойроод ирж. Төслийн гол  зорилго бидний мэддэггүй атлаа мэддэг, мэддэг атлаа мэддэггүй бидний тухай “нээлт” хийх явдал. Аяллын хөтчөөр Хөвсгөлийн унаган хүү Х.Эрдэнэбаатар ажиллажээ.

Тэрбээр яг үнэндээ нутгаа бүрэн тойрч үзээгүй учраас аяллын хөтчөөр явах болсноо сайхан боломж гэж харснаа тодотгосон. Нэвтрүүлгийн хөтөч Х.Эрдэнэбаатарын хувьд “MoneyPolo Mongolia”-гийн Монгол дахь захирал.  Хамгийн хямд, хурдан, мэдээж найдвартай олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эхлүүлэх санал тавихдаа тэрбээр 23-хан настай байсан аж. Монгол Улсын Их сургуулийн хэрэглээний математикийн ангид сурч байсан Х.Эрдэнэбаатар гуравдугаар курст байхдаа л сургуулиа орхин БНЧУ-ыг зорьжээ. Уг нь тэнд очоод үргэлжүүлэн суралцах өөдрөг мөрөөдөлтэй очсон ч сургалтын төлбөр, амьжиргааны зардалд дээрэлхүүлэн яах ч аргагүй ажил хийж эхэлж. Цаг хугцаа алдлаа гэх эмзэглэл тухайн үед төрж байсан ч эргээд харах нь ээ, их олон зүйл ухааруулж, мэдрүүлж басхүү мэдүүлсэн он жилүүд байсан хэмээн хуучлах байсан хөтөч залуу маань олон олон жилийг харьд өнгөрүүлсэн ч өдгөө Монголдоо ажиллаж аж төрдөг. Харьд ажиллаж байхдаа өөрт нь тулгамддаг олон асуудлыг өдгөө харьд буй монголчуудынхаа өмнөөс шийдэх нь бага ч гэсэн эх орон нэгтнүүддээ хийж өгч буй тус л гэж боддог гэнэ лээ.

Басхүү гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаад ирсний хувьд эх болсон Монгол Улсдаа ялангуяа эхээс унаж хүй цөглөсөн Хөвгөл нутагтаа дэлхий дайдын анхаарлыг татах их бүтээн байгуулалт өрнүүлэх гэгээн хүсэлтэй явдгаа ч ярина лээ. Бүтээн байгуулалт нь аль хэдийнэ түүний сэтгэлд цогцолон боссон нь андашгүй ажиглагдах хөтөч залууд хоймор нутгийн зон олны тэмцэгч чанар үе үе ажиглагдана.

Эцэст нь тэмдэглэхэд, төсөл нэвтрүүлгийн давс хужир тунчиг сайхан таарчээ. Амжилт... ”Бидний тухай  бид”-д... “Бидний тухай бид”-ээс шар тос гарах нь дамжиггүй... Хөвсгөлд, далай ээжийн хөвөөнд ажил, амралтын шугмаар олонтоо очсон ч юу ч таньж мэдээгүй яваад гайхснаа ч бас дурдая. Бидний тухай бид... Битүү харанхуй мэдлэггүй л аж төрцгөөдгөө мэдэх мэдрэмж... Эс бөгөөс мэддэг ч үл тоон хэнэггүйтэх хандлагаа яг одооноос, яг Х.Эрдэнэбаатар шиг өөрчилж өөдрөг өгөөмөр бас шударга шулуухан аж төрөхийн төлөө, жаахан хуучинсаг мэт санагдаж болох ч бурууд нүд хурц аж төрөхийн эхлэлийг тавих цаг нь болж. Бүр тодруулбал,  “Бидний тухай бид” ярьж биш хийх цаг болжээ. Тэгэхээр сэтгүүлчтэй тодруулбал, хотын залуутай хамт 21-н аймгаа тойрох аяллаас хүлээх үр дүн магадгүй жилийн дараа бидний тухай бидний ярьдаг, боддог, хийдэг, ханддаг олон асуудлыг орвонгоор өөрчилж, бид өөрсдийнхөө талаар өөр олон өнцгөөр харж хандаж, хийдэг болсон тэр өөрчлөлт. Товчхондоо Монгол түмний оюун санааны төвлөрөл буюу нэгдэл билээ л....

                                                                                                              Сэтгүүлч З.Урансүх          

    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?