Д.МӨНХ-ЭРДЭНЭ "ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИЛАА"

Сэтгүүлчийн үг

 

Монгол хэлний их тайлбар толиноос шүүрдвэл “Үхэхдээ үхэр буу тавина” гэх хэлц үг байх. Эл хэлц үг нь эцсийн мэхээ хийх, эцсийн аргаа хэрэглэх гэх тайлбартай аж. Сүүлийн үед Монголын улстөрийн хүрээнд, бүр тодруулбал, МАНАН-гийн тогоонд  эл хэлц үг их л бодитойгоор хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод сууж асан Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл нэгэн үе түгсэн. Тэрбээр Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллахдаа  Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж, БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртсөн тухай өмнөд хөршөөс мэдээлэл ирснээр тэрбээр албаа өгсөн.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг. Харин манай хүн эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа Хятад иргэдэд борлуулсан нь маргашгүй үнэн. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашинаа хятадын иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлсэн. Эх орноо олон улсад төлөөлж суухдаа ёс бус үйлдэл хийж монгол дипломатчдын нэрийг шалны алчуур болгосон түүний хүлээсэн хариуцлага нь албаа өгсөн явдал... Хэдхэн хоногийн өмнө “Улаан бал” ярилцлагад оролцох үеэр нь түүнээс энэ тухай лавлахад, “...миний хувийн машин, би машинаа найздаа өгөх зарах унуулах нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг биш гэх юм билээ. Дипломат ёсонд ганзагын наймаачны сэдэл яв цав тохирдог” гэх агуулга бүхий үгийг ичих ч үгүй хэлэх экс консул... Ирээд юу хийж байна гэхээр өөдөөс нь “Би ямар хийх ажилгүй хүн биш, ирээд компанийнхаа ажлыг үргэлжлүүлж байгаа” хэмээн ханхалзах...

Янз нь ажлаа хийж, жийпээ түрээслүүлээд  догь явсан хүнийг консулаар томилсон нь бидний буруу болж таарах шиг болно лээ. Тэгвэл түүнийг “албадан” ажил наймаанаас нь алслуулсан хүн хэн бэ гэх асуулт зүй ёсоор тавигдана.

УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахсан хэрэгт шалгагдаж байсан түүнийг манай экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ивээлдээ авч Хөх хотын Ерөнхий консулаар томилоход үнэлж баршгүй тус хүргэсэн гэдэг.  Дипломат албаны гэснээс,  Монгол Улс өдийгөөс 108 жилийн өмнө дипломат албаа байгуулж байсан түүхтэй. Нөгөөтэйгүүр олон улсын харилцаа бие даасан шинжлэх ухаан гэдгийг манай ахмад дипломатчид хэлдэг. Тэгвэл энэ шинжлэх ухааны хүрээнд хилийн чинадад биднийг төлөөлж асан М.Мөнх-Эрдэнэ нь найман жилийн боловсролтой бөгөөд манай мөнгөлөг улстөрчдийн адил диплом худалдаж авсан хэмээн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж өгүүлсэн.

Үнэнээс давсан худал гэж үгүй, МӨНХ-ЭРДЭНЭ ЭЭ.

                                                                               Сэтгүүлч Т.Нэргүй

 

                                                                                                                                 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?