В.НЭРГҮЙ: НУЛИМС БОЛ СЭТГЭЛИЙН ЭМ...

Сэтгүүлчийн үг

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч В.Нэргүйтэй ярилцлаа.

-Уран бүтээлч гэхээсээ илүүтэйгээр нийгмийн асуудлаар ярилцлагаа эхлэе. Өнөөгийн бид зөв амьдраад байна уу эсвэл буруу амьдраад байна уу?

-Хүн ямар замаар явж байна. Тэр замдаа л таарсан цэцгээ түүнэ. Бидний үе нийгмээ их шүүмжилдэг болж. Уг нь нийгмийг бид өөрсдөө бүтээж байгаа шүү дээ. Тийм болохоор өөрийгөө эхэлж шүүмжилж сурах хэрэгтэй санагдаад байгаа юм.

-Та өөрийгөө шүүмжилж амьдардаг гэсэн үг үү?

-Би алдаагаа мэддэг. Харин бусдын алдааг харахыг хүсдэггүй. Хэн нэгний алдааг харсан хүн заавал шүүмжлэх гээд байдаг. Тэртэй тэргүй хэн нэгэнд шүүмжлүүлж, буруу зөрүү ойлгогдож яваа нэгнийг би нэмж шүүмжлээд яах вэ. Өөрөө ч шүүмжлүүлэх дургүй.

- Та сэтгүүлзүйн салбарт олон жил ажилласан. Бас л нам дагаж амьдарч байна уу?

-Би нам дагадаггүй. Ямар нэгэн хүний халаас руу орох гэж дайрдаггүй. Гэхдээ юм хийвэл хийсэн ажлынхаа хөлсийг авна. Сайд байна уу, гишүүн байна уу надад хамаагүй... Зөв үйлийн төлөө яваа хэнийг ч болов дэмждэг. Буруу санагдвал шууд л “хуц” гээд хэлчихдэг. Сайдын өмнөөс хэдэрлэчихээд гарч ирэхэд дотор онгойх үе ч байдаг. Энэ миний сул тал байх. Сэтгүүлзүйн салбар намайг олон талын мэдлэгтэй болгосон. Би мэргэжилдээ дуртай. Урлагийн салбарын л гэхэд ёстой соруудаас ярилцлага авч байлаа. Улс төр гэж ярьсан ч олон сайхан хүнтэй уулзаж байлаа. Тэр хүн сайд байна уу, дуучин байна уу хамаагүй. Хамгийн гол нь хүний хүн чанар, хүн сэтгэлтэй нь ярилцах сайхан байдаг.

-Анхны шүлгээ хэдэн онд бичиж байсан бэ?

-“Миний багш” нэртэй шүлэг 1987 онд дөрөвүгээр ангидаа бичиж байлаа. Манай ангийн монгол хэлний багш Дамдинсүрэн гэж сайхан багш байлаа. Одоо ч сайхан амьдарч байгаа. Энэ хүн анх намайг шүлэг бич гэж зааж зөвлөж байсан. Тэр цагаас эхэлж жаахан дурласан. Үнэндээ хэл, уран зохиолын хичээлээс бусдад нь дуртай ч байгаагүй, сайн ч байгаагүй.

-Анхны шүлгийн дэвтэр чинь одоо таньд бий юу?

-Би наймдугаар анги төгсөөд Төв аймгийн Баянчандманийн тракторын ангид очсон хүн шүү дээ. Тэнд хоёр зузаан дэвтэр шүлэг бичсэн байдаг юм. Гэрээ санаад л тэр байх. Үзэг цаасанд дурласан нас минь 16 нас. Миний 16 нас гэнэн ч гэлээ жигүүрээ хумих дургүй шувуу шиг байсан. Би дурлаж үзсэн. Би дурсах юмтай хаягдаж үзсэн.

-“Миний хайрын зүг” удахгүй болох тоглолтоо ийн нэрлэсэн байсан. Нэр утга учир агуулсан л байгаа даа?

-Хүн бүхэн хайрын зүг алхдаг. Үүнийгээ анзаардаггүй байж болох ч үргэлж л хайр энэрэл дунд байдаг. Би ч ялгаагүй хайрын зүг л алхаж яваа. Тиймээс л тоглолтоо ингэж нэрлэсэн. Тоглолт минь 10 сарын 31-нд болно. Их сайхан уур амьсгал, зөв энергийг зон олондоо хүргэнэ гэж итгэж байгаа.

-Та хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?

-Аавыгаа бурхан болоход цээжин дээр нэг юм бөглөрчихөөд дусал ч нулимс гарахгүй байсан. Тухайн үед би өөрөөсөө айсан. Ямар муухай хатуу сэтгэлтэй хүн юм бэ гэж.Сүүлд нь ганцаараа сууж байгаад гэнэт аав минь бодогдоод мэлмэртэл уйлсан. Тэр үедээ тэгэхэд нь тэгэхгүй яав даа. Ингэхэд нь ингэхгүй яав даа гээд л дандаа л харамслын зүйл их бодогдсон. Хүн төрөлхтний хамгийн том уул нураад уначихсан байхад уйлж болдоггүй юм билээ. Би нөмөр нөөлөггүй болчихлоо, өнчирчихлөө гэх мэт амин хувиа бодсон бодол миний толгойд нэг ч орж ирээгүй. Харин сайн хүү нь байж чадаагүйдээ л их харамссан. Саяхан аавын минь дүү бурхан болсон. Тэгэхэд хамгийн сүүлд уйлсан. Нулимс бол сэтгэлийн эм шүү дээ. Сэтгэл өвдөхөөр л нулимс гарч дотоод ертөнц тайвширдаг.

-Та Шинэ мянган утга зохиолын нэгдлийн гишүүн. Нэгдлийнхээ талаар яриач?

-Цаг үеийн гүүр болж яваа хэдэн сайхан уран бүтээлч, судлаачид манай шинэ мянганд бий.Нэрлэ гэвэл би бүгдийг нь нэрлэнэ. Манай дарга бидний төлөө уйлж чаддаг. Танай байгууллагын дарга бол чиний төлөө уйлахгүй дээ, тиймээ. Тэгээд бодохоор Шинэ мянган утга зохиолын нэгдэл гэдэг их айлд зөв сэтгэлтэй хүмүүс амьдардаг байгаа биз.

-Бид сэтгэлийн тэнгэр гэж их ярьдаг. Таны сэтгэлийн тэнгэр өнөөдөр ямархан өнгөтэй байна?

-Хэн нэгний сэтгэлийн тэнгэр цэлмэгхэн байвал ажил үйл нь бүтэх бүтээмж сайтай байдаг байх. Миний сэтгэлийн тэнгэрт өнөөдөр нэг тийм намирсан бороотой л байна. Энэ бороонд шүхэр барих илүүц биз.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?