ӨМНӨГОВЬ УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН АВТОЗАМ СҮЙТГЭГДЭЖ ДУУСЛАА...

Сэтгүүлчийн үг

Улаанбаатарыг утаагүй болгохын тулд нүүрсийг яагаад Ухаа худгаас зөөх болов??? Нийслэлд ойрхон нүүрсний уурхайнуудаас шахмал түлшээ бэлтгэхгүй яагаад заавал гурван аймгийн замыг талхлан, иргэд зорчих хот хоорондын замыг нүүрс тээврийн зам болгов.

Сүүлийн таван жилд эрс нэмэгдсэн хүнд даацын машины хөдөлгөөнд малчдын өвөлжөө, хаваржааг мал бэлчих аргагүй болтол талхаж орхижээ. Том техникийн дугуйнд талхлагдсан шороон дунд төл мал торойж харагдана. Өмнийн говьд тоосжилт хэрээс хэтэрчээ. Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, Оюутолгой гээд том уурхайнуудын түлш шатахуун, хоол хүнс, техник хэрэгсэл гээд бүхий л хэрэгцээг Улаанбаатар хотоос энэ нутгаар дамжин тээвэрлэдэг.  Гэвч уурхайнуудын ачаа барааг тээвэрлэж буй том машинууд дуртай газартаа зам гарган давхиж говийн эмзэг хөрсийг талхалсаар...  Малчдын хэлснээр Цогтцэцийн хойд талаар 100 гаруй салаа зам бий болсон аж. Нөгөө талаар  Засгийн газар төсвийнхөө багагүй хувийг тус аймгийн  Цогтцэций нутаг дэвсгэрээс олж байгаа. Цогтцэций суманд орших Тавантолгойн бүлэг орд уурхайнууд хаалгаа баривал Монгол Улс мөнгөгүй болно...

Дээр нь даарин дээр давс гэдэг шиг Ухаа-Худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрийг Төв аймагт байгуулахаар шийдвэрлэсэн явдал. Энэхүү шийдвэрийн хүрээнд Энержи ресурс угаасан нүүрсээ төрд борлуулж, Эрдэнэс тавантолгой тээвэрлэлтийг хариуцах үүрэг хүлээсэн. Өдгөө Ухаа худгаас Төв аймаг хүртэл өдөрт 100 машинаар угаасан нүүрс зөөх ажил ид өрнөж байна.

Зүй нь уурхайн олборлолт суурин газраас 15 км ийн зайд явагдах ёстой. Гэтэл Ухаа худгийн уурхайн олборлолт сумын төвөөс 7 км хүрэхгүй зайтай явагдаж уурхайн шороон овоолго ихэссээр сумын төвтэй хаяа залгаж байгаа нь тоосжилтын эх үүсвэр болчихоод байна.

Мэдээж Улаанбаатар утаагүй болбол нийслэлчүүдийн магнай тэнийнэ. Гэхдээ асуудал утаа, шахмал түлшиндээ биш. Харин Улаанбаатарын хажуу хаяан дах Багануур, Налайхаас бус алс, хол 600 км-ийн алсаас угаасан нүүрс зөөж буйдаа л байх шиг.  Цогт-Овоо, Дундговь, Улаанбаатар чиглэл дэх замаар өдөрт нүүрс тээврийн 100 машин давхилдсаар...  Ирж очихын 200 машин хөлхөлдөж байна. Үр дүнд нь Дундговь, Өмнөговь аймгийг зорих жижиг машинтай иргэд тус замаар зорчиход хүндрэл үүсч зам, тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.

Ингэхэд энэ замд осол аваар гарах нөхцлийг бүрдүүлж өгсөн Засгийн газрын шийдвэрээс болж хэдэн хүн шоронгийн хаалга татаж хэдэн хүн эрлэгийн үүдэнд очсон бэ? Энэ талаар хэн ч юу ч үл дуугарна...

 
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?