ИРГЭДИЙГ ХОРТ ХАВДАР ЭРТ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНД ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-18 11:28

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хорт хавдрыг эрт илрүүлэх, шинжилгээнд орох хуулийн төслийг баталжээ.  Хуулийн төсөлд иргэдийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зохицуулалтыг тусгасан байна. Тодруулбал, 40 болон түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд  1-2 удаа, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа хамруулах юм. Мөн 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж. Жил бүрийн товлосон хугацаанд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм байна. Харин товлосон хугацаанд ирээгүй бол иргэн өөрөө шинжилгээний зардлаа хариуцах аж.

Манай оронд хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд 4112 хүн нас баржээ. Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн 96 хувийг 30-аас дээш насны эмэгтэйчүүд, элэгний хорт хавдраар 40-өөс дээш насны элэгний вирусийн халдвартай хүмүүс, ходоодны хорт хавдраар 40-өөс дээш насныхан хамгийн их өвдөж байгаа юм.

Тодруулбал, хорт хавдрын эрт илрүүлгийн долоон төрлийн шинжилгээнд хамрагдах иргэдийн мөнгийг төрөөс гаргах агаад 21 аймаг, зургаан дүүрэгт тоног төхөөрөмж тавигдах агаад улсын төсөвт 34,9 тэрбум төгрөг тусгагджээ. Хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм байна.




Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-18 11:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Должин [103.26.195.xxx]

    Сайн байна. Сайхан мэдээ бн. Баярлаа.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?