Б.ЖАРГАЛСАЙХАН:СААРАЛ ЖАГСААЛТААР ДАЛИМДУУЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙГ НУРААХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ МОНГОЛ УЛСЫН ДАЙСАН

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-22 11:01

Сэтгүүлчийн үг

БНН-ын дарга Б.Жаргалсайхнаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Саарал жагсаалтад орсноор ам.долларын ханш өснө. Эдийн засгийн таагүй байдал үүснэ гэж яриад л байсан. Яг үүсэх эрсдэл юу юм бэ. Та хэрхэн харж байна вэ?

-Эрсдэл үүрэх талаасаа биш нөгөө талаас нь яръя. Ний нуугүй хэдэхэд манай улс олон улсын санхүүгийн байгууллагын тусламжтайгаар хөгжиж яваа. Тухайлбал, Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн сан, Европын хөгжлийн банк, Японы хөгжлийн гэхчлэн... Энэ олон жил энэ улсуудын   банк санхүүгийн байгууллагууд бид нарыг дэмжсээр ирсэн. Тэдний тусламжтайгаар бид эдийн засгаа тэллээ, төгрөг маань олон улсын валютаар хөрвөдөг болсон. Мэдээж тэд биднээс түрүүлж хөгжиж яваа учраас хөгжлийн “нууц”-уудыг мэддэг. Тэр ч утгаараа биднийг аль болох эдийн засгаа цэвэр явуул,  элдэв оффшор, луйвар, авлига элдэв долоон юмгүйгээр ид тод явуул гээд гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан.  Ганц энэ ч биш шүү... Гэтэл та нар энэ даалгаврыг биелүүлэхгүй байна. Тийм учраас бид та нарт даалгавар өгье. Энийгээ цэгцэл гэж байна. Саарал жагсаалтыг ингэж л ойлгох хэрэгтэй. Товчхондоо бид нарт даалгавар өгсөн хэрэг. Танай улс энэ чигээрээ яваад байвал дампуурна гээд байгаа хэрэг. Монгол Улсыг дампуурлаас урьдчилан сэргийлж байгаа л арга хэмжээ...  Энийг янз бүрээр буруугаар тайлбарлаад л монгол хүнийг шийтгээд, хорлох гээд байгаа юм шиг яриад байх нь буруу. Бид нарыг  алдаа дутагдлаа засаач ээ л гэсэн сануулга шүү дээ. Түүнээс биш мөнгө гүйдгээрээ гүйж, амьдрал явдгаараа л явна.  Гэтэл энийг далимдуулаад эдийн засгийг зориуд хиймлээр нураах гэж оролдож байгаа хүмүүс бол Монгол Улсын дайсан.

-Өмнө нь бас саарал жагсаалтад орж байсан. Тухайн үе эдийн засагт ямар нөлөө үзүүлж байсан юм бэ?

-Тэгсэн өмнө нь бас саарал жагсаалтад орж байсан. Манайхан чинь бас л үгэнд орохгүй санхүүгийн сахилга бат алдаад байсан учраас тэр алдааг нь засуулах гэж “гэрийн даалгавар” өгсөн. Тэрийг нь биелүүлсэн. Тэгээд саарал жагсаалтаас гаргаж байсан юм шүү дээ.

-Одоо энэ таагүй жагсаалтаас гарахын тулд бид юун дээр илүү анхаарч аижллах ёстой юм бэ?

-Яах юу байх вэ. Энэ Засгийн газар, төр барьж байгаа намууд, санхүүгийн байгууллагуудаа цэгцлэх хэрэгтэй. Долоо, найман зуун миллиард төгрөг хаанаас олж, банкны активыг  хаанаас ямар эх үүсвэрээс зузаатгасан юм бэ.  Буу зэвсэг, хар тамхи зарж их мөнгө олоод банкуудыг тэлсэн юм уу. Энийг л ил тод болгох хэрэгтэй ш дээ. Нөгөөтэйгүүр, манай Монгол банкны нөхдүүд буруу юм хийгээд байна л даа.  Сангийн яам, Монгол банк... Мэдээж манайд гол гурав, дөрөвхөн банк бий. Голомт, ХХБ, Хаан банк гээд...  Би ойлгож байна. Энэ банкууд бараг дампуурлын ирмэг дээр байгаа. Ихэнх мөнгөө барилга, байшин, зам болгоод хаячихсан. Тэгээд одоо эргэлтийн мөнгөгүй болчихсон.

-Тэгээд одоо яах вэ. Банкууд зузаатгалын хөрөнгөнийхөө эх үүсвэрийг тйалбарлаж чадахгүй л байгаа шүү дээ?

-Засгийн газар нь аудит хийгээд албан ёсоор УИХ-аараа хэлэлцээд банкуудаа магадгүй хувьцаат нэгж болгох хэрэгтэй л дээ.  Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад...  Эзэн нь таван хувиа л авдаг юм байгаа  биз. Тийм маягаар банкыг санхүүжүүлж тэлж болно.  Гэтэл тэгээгүй. Нууцаар чимээгүйхэн шиг хулгайн замаар санжүүжилт хийснээс болж,  саарал жагсаалтад орчихоод сууж байна. Өнөө ил тодын хуулиа зөрччихсөн.

-Зарим эдийн засагчдын зүгээс ам.долларын ханш хаданд гарна гэж мэдэгдээд байна. Хэрвээ гадаад валютын ханш өсвөл иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэнэ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой гэж харж байна вэ?

-Экспортынхоо орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Аж үйлдвэрээ богино хугацаанд өөд нь татах хэрэгтэй. Санхүүгийн сахилга батыг сахиж хэрэглээгээ багасгах хэрэгтэй.  Жишээ нь нэг айл нэг л машинтай байж болно ш дээ. Яагаад заавал хоёр гурван машин аваад байгаа юм бэ. Тэр машиныг тэрэнд хийж буй бензинийг бид доллараар авч байгаа. Гадуур явж байгаа бүх машин доллар шатаагаад л явж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ хэрэглээнийхээ сахилга батыг бас жаахан хязгаарлах асуудлыг тавих хэрэгтэй байх аа. Тэгвэл долларын ханшийг барих боломжууд бий. Мэдээж дэс дараатай арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлэх ёстой л доо. Уг нь манай эдийн засаг тийм том биш шүү дээ. Хүн амын маань хэрэглээ бага... Товчхондоо их авсаархан эдийн засаг байхгүй юу.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-22 11:01

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?