НАМ БОЛ ТӨР БИШ...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-25 11:33

Сэтгүүлчийн үг

Хөх Монгол бүлгэмийн дэд тэргүүн Д.Гансүрэнтэй уулзаж, ярилцлаа.

-Өөртэй чинь уулзаж байж, үндэсний үзэл, санааны талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Тэгэхээр яриагаа эндээс эхлэх үү?

-Үндэсний үзэл ярихын тулд бусад улс үндэстнүүдтэй өөрсдийгөө дүйцүүлж нэг харах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ үзэл санаа хаанаас анх гарсан юм бэ. Одоогийн хүн төрөлхтний байж байгааг нэг хар... Дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, хамгийн том газар нутгийг эзэмшиж байсан манайхаас гаралтай үзэл санаа юм шүү. Үндэсний үзэл санаа цул үндэстнээс гардаг юм. Японыг хар. Би Япон хүн гэсэн бахархлаар тэр улс үндэстэн хөгжсөн. Одоо хөгжингүй явж байгаа Казакстаныг харъя. Назарбаевын  цэвэр үндэсний үзэл санаан дээр тулгуурлаж хөгжсөн. Хэн үгүйсгэх юм бэ. Гэтэл бид яагаад байгаа юм бэ.

Намайг хятадын эсрэг үзэлтэн шиг боддог хүмүүс байдаг. Би хятадын эсрэг үзэлтэн биш шүү. Хэн нэгэн энэ газар нутгаа аваад, энэ уртраг өргөргөөс нүүчихээгүй цагт бид мөнхийн хөршүүд. Бид хоёр хөршөөсөө сурах хэрэгтэй. Асар том, хүчирхэг хоёр хөрштэй улс, Монгол. Хөршүүдийнхээ дунд оршин тогтнохын тулд илүү ухаантай байх ёстой. Хэнтэй нь яаж нүүх вэ гэдгээ  бодох хэрэгтэй. Гэхдээ мөнхийн хөршөөс илүү мөнхийн эрх ашиг гэж нэг юм байдгийг мартаж болохгүй. Ямар ч улс үндэстэнд байдаг л бодлого. Үндэсний үзэл санаа гэхээр хэзээ ч байгаагүй юмыг Гансүрэн авчирч тавих гэж байгаа юм шиг ойлгоод байдаг. Үгүй дээ, монгол гэдэг үзэл санаа монгол хүн бүр, таны, миний зүрх сэтгэлд байдаг юм. Харамсалтай нь бид энэ үзэл санаанаасаа алсраад байна. Үндэсний үзэл  гэхээр л нэг уурхай, эсвэл хужааг дарамталдаг, Монголоос бусад нь май шүү гэсэн үзэл санаа биш шүү...

-Сэтгэл зүрх, эсвэл оюун санаанд байдаг үндэсний үзэл санаагаа бодлого болгоод хөгждөг жишиг дэлхийд байгаа юм бол бид ч гэсэн хөгжмөөр л байна ш дээ?

-Үнэн. Бид бусдаас дутахгүй хөгжье. Болвол илүү хөгжье. Уг нь илүү л баймаар байна. Гэтэл бид дутаад байна. Хятадын үсрэнгүй хөгжлийг хар л даа. Ний нуугүй хэлэхэд, багахаан атаархал төрдөг. Хятадын парад, зэвсэг техник, шинжлэх ухаан технолгийн дэвшлийг хар... Хятад хүмүүс ямар их мөнгөтэй болчихсон юм бэ. Хятад гэхээр хар малгай, шаахайтай данжаадаар төсөөлдөг үе өнгөрсөн. Дээр би хэлсэн дээ, үндэсний үзэл санаа монгол хүн бүрийн цээжинд бий гэж...  Бид асар том газар нутагтай. Энэ нутаг дээрээ хэдэн мянган жил амьдарсан, ард түмэн. Бид тусдаа хэлтэй, нэг цул үндэстэн. Дотроо олон ястан ярих ямар ч шаардлагагүй. Өнөөдөр монголоор ярьж л байгаа бол чи монгол. Энд ганцхан ганцхан л эрх ашиг бий. Тэр нь үндэстний эрх ашиг. Үндэсний үзэл санааны хамгийн том уриа нь энэ. Тиймдээ  ч үндэстэндээ илүү эрх өгөөч, монгол хүн, Монгол газар нутагтаа эзэн нь  байя гээд байгаа юм.

-Энэ эрхийг яаж өгөх ёстой юм бэ?

-Хуулиар.. Эрхийг нь өгч чадаагүйн гавьяа гарч байна ш дээ. Хар л даа. Ямар ч улс үндэстэнд хүнсний стратегийн бүтээгдэхүүн гэж байдаг. Мах бол Монголын хүнсний стратегийн бүтээгдэхүүн. Эрс тэс уур амьсгалтай орчинд амьдарч буй хүний зайлшгүй хэрэгцээ... Махгүйгээр монгол хүнийг төсөөлөхийн аргагүй. Гэтэл өнөөдөр махныхаа бүх бизнесийг хятадуудад алдчихсан. Найр тавиад гадаадын хөрөнгө оруулалт гэх нэрийн дор тавиад туучихсан. Болно оо, дэлхийн бөмбөрцөг дээр хэн ч, хаана ч бизнес хийж болно. Хятад, орос, монгол байх нь хамаагүй. Гэхдээ хэзээ хаана юуг гэдэг заагийг тогтоох ёстой. Зааггүйгээс бид өнөөдөр махныхаа үйлдвэрлэлийг алдчихсан. Арваад жилийн өмнө гадныхан Монгол Улсын мал, мах руу орохыг оролдож байсан. Санаж байгаа бол тухайн үед би “Деррик” нэвтрүүлэгтэй хамтарч цуврал хийсэн. Одоо ч youtube-д байгаа.  Уучлаарай, уншигчдаасаа хүлцэл өчье. Хүч хэрэглэх үе ч байсан. Хуулийн зохицуулалтгүй учраас... Мэдэхгүйдээ, тэнэгтээ биш шүү. Долоон том махны төв ажиллаад эхэлчихсэн байсны тавыг нь айлган сүрдүүлж байж гаргасан. Тэр үед,  би энэ удаа чадлаа, цаашдаа төр засаг анхааралдаа авах байх гэж бодсон. Харамсалтай нь анхаараагүй, юу ч өөрчлөгдөөгүй. Олон Засгийн газар солигдоход махныхаа үйлдвэрлэлийг авч үлдэх юмсан гэсэн зорилго зорилтыг хэн нь ч  тавиагүй, эсрэгээрээ найр тавиад оруулчихсан. Одоо Эмээлт,  Багануур, Налайх руу оч. Бүх махны үйлдвэр, мах авч байгаагийн цаана гадны мөнгө явж байгаа. Махыг нь “барьчихсан” юм чинь малыг нь бас “барьчихсан”. Уучлаарай, малаа монгол хүн маллаад байгаа ч малаа хаана аваачиж өгөх вэ. Анхны боловсруулалт хийх газрууд нь хятадуудын мэдэлд орчихсон.  Малчин хятад хүнд махаа өгнө. Ингэж ярихаар буруугаар ойлгож болохгүй шүү. Би хятад хүнийг үзэн ядаад байгаа юм биш. Дэвэргээд байгаа төр засгийн бодлогыг л гайхаад байгаа юм.

-Бодлогоор мал, махаа гадныханд өгнө гэж байхгүй. Бодлого л дутаад байна даа?

-Монголын төр эзэнгүй байна. Төрд монголоо гэх сэтгэлтэй хүн алга. Өнөөдөр монголчууд дэндүү их боловсрол ярьдаг болчихож. Харвард, Оксфорд төгссөн л гэнэ. Монгол Улсыг тусгаар улс болгох гэж зүтгэсэн өвөг дээдэс бүгд Харвард, Оксфорд төгссөн хүмүүс байсан уу гэвэл үгүй. Тэд зүгээр л чин сэтгэлтэй байсан юм. Рейганы хэлсэн “Ерөнхийлөгч хүн, юм мэдэхгүйдээ гол нь биш хэнээс асуухаа мэддэг байх л чухал” гэж үг бий.  УИХ-ын гишүүн мах мал мэдэхгүй байж болно. Хотод өссөн хүүхэд юугаа мэдэх вэ. Тэгвэл ичих хэрэггүй, их мэдэгч царайлж хийсвэр дүгнэлт гаргах ч хэрэггүй. Захын малчингаас би мал аж ахуй, махны зах зээлээ яаж хамгаалж болох вэ гээд... Зөндөө л гавьяат хуульч байна. Урд хөрштэйгөө муудалцалчихалгүй ганц заалт оруулаад Монгол хүндээ боломж олгомоор байна, яах вэ гээд асуу л даа. Хамаагүй ээ, хятадууд мах аваг. Хятадад мах экспортлохгүй гэж байгаа юм биш. Хамгийн гол нь махны үйлдвэрийн эзэн, мах авагч нь монгол хүн байх ёстой. Тэр мөнгөний урсгалыг монгол хүн бариад,  ядаж тэр хүний эхнэр нь олсон мөнгийг нь Монголд үрж байх ёстой байхгүй юу. Ийм вакум орчин, зохицуулалт хэрэгтэй байна.

Бодоод үз. Бид яагаад урдаас ногоо орж ирэхийг зогсоож чадахгүй байна гэвэл шууд хорих чинь өрөөсгөл юм байна. Угтаа үнээ эцсийн борлуулагчтайгаа тохирох л асуудал. Ногоочиддоо, төмсний нэг кг-ыг 1000 төгрөгнөөс дээш гаргахгүй. Гаргавал ийм торгуультай гээд бичээд явуулчих. Түүнээс биш урдаас төмс оруулж ирэхийг нь хориод, эндэх үнэ ханшийг нь тогтоож өгөөгүй юм чинь урдаас төмс орж ирэхгүй юм чинь гээд 1500 төгрөгөөр зарах нь зөв ш дээ.

Махны ченжүүдтэй уулзаж үзсэн. Эмээлтэд ажилладаг, махны ченж , Монголоо гэсэн сэтгэлтэй, мундаг залуу... Асар их адууны шир хаягдаж байна гээд хөөцөлдөөд урагшаа гаргахсан гээд ирсэн. Монголчууд тэмцээгүй биш тэмцсэн юм шүү. 10-уулаа нийлээд махны зах зээлээ алдахгүй гээд үзсэн. Мөнгөө нийлүүлээд нийлүүлээд ганцхан хужаагийн мөнгөний 10-ны нэгд ч хүрээгүй. Гадныхан хэдэн тэрбумтай орж ирээд авчихдаг. Төр нь бодлогоор хамгаалж чадахгүй байхад 10-хан ченж яаж ч чадахгүй юм билээ.

-Эзэнгүйдсэн төрөө эзэнтэй болгохын тулд яг яах ёстой гэж харж байна, та?

-Нам бол төр биш. Би улаан, цэнхэр гэгддэг намд дургүй. 1992 оны Үндсэн хуулиас хойш АН, МАН ээлжилж, эсвэл хамтарч төр барьсан. Юу өөрчлөгдсөн юм бэ. 90-ээд оноос эхлүүлсэн эдний барилгын тоосго эхнээсээ л мурий сарий өрөгдсөн. Өндөрлөх ямар ч боломжгүй.  Тэгшлээд өндөр баримаар байгаа ч нэмэргүй, нурчихна. Анхнаасаа даацгүй барьсан барилга гэсэн үг. Харин одоо бүгдийг нь нурааж байгаад дахиад шинээр эхлэх ёстой. Гэтэл бидэнд нэг хүндрэл тулгарна.

-Ямар хүндрэл?

-Шилжилтийн үед соц улсуудад байсан малгай сэргээх ёс алдагдаж, манайх боловсон хүчингүй болчихсон. Гадаадад сургаад авчирсан хүмүүстээ хөгийн цалин өгсөн учраас хамаг сайн боловсон хүчин, сайн залуучууд маань гадаадад очоод хөдөлмөр эрхэлчихсэн. Монголоосоо тавьчихъя гэхээр хүн байхгүй, боловсролтой ганц нэг нь сэтгэл байхгүй. Захын жишээ С.Баярцогт, Ч.Сайханбилэг. Хаа ч хэлнэ, Дубайн гэрээ бол энэ ертөнц дээр байхгүй, байж боломгүй, байж болохгүй, бий болох боломж ч үгүй  гэрээ. Олон удаа хэлж байна, би. Энэ бол урвалт гэж...Эх орноосоо урвасан урвалтаа тогтолцоо, нөхцөл байдал руу чихэх шаардлагагүй.

Монгол хүн л юм бол тийм гэрээ хэзээ ч хийх ёсгүй байсан...  Яагаад монгол хүн биш болчихсон юм бэ гэвэл үндэсний үзэл санаагүй учраас тэр. Тэгэхээр үндэсний үзэл санаатай нийгмийн  хөрсийг төлөвшүүлэх нь бидний зорилт. Би тулааны сургалтаа эхэлж байгаа. Хамаагүй ээ, 20-н хүүхдэд ч болох нь ээ үндэсний үзэл санааг суулгах гэж... Миний чадах юм энэ. Тулаанд бие хамгаалж сур, бусдыг хамгаалж сур, чадвал сурснаа Монголын төлөө хэрэглэ... Чи Монголд төрсөн л  бол чиний үйлдэл болгон Монголын төлөө байх ёстой. Монгол гэхээр эх оронч “баатар” төсөөлөөд байх хэрэггүй. Эх орон дотор, аав, ээж, ах, дүү, амраг садан, найз нөхөд гээд чиний эрхэм нандин бүхэн багтдаг. Чи тэднийхээ төлөө л амьдарч байгаа.

С.Баярцогт, Ч.Сайханбилэгийг би дотроо өрөвддөг. Хэдэн тэрбумын авлига аваад эх орноо худалдахдаа, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө гэж бодсон гэх байх. Үгүй, эсрэгээрээ алчихсан. Ирээдүйд Монгол Улс цэцэглэн мандахын цагт тэдний үр удмыг хэн ч  нүдээрээ харахгүй. Эцэг нь урвагч. Урвагчийн удам урвагч л байдаг. Ийм л муу муухайг үр хүүхэддээ орхиж байгаа юм. Өнөөдрийн хаус, унаж буй машин юу ч биш. Авсанд орох цагт чинь төмрийн хаягдал болоод жижиглэгдээд явдаг эд. Тэр доллар чинь хэрэггүй болж Монгол мөнгөөр тооцоо хийнэ. Таашгүй ш дээ. Магадгүй дэлхий бөөрөнхий, америк гараад амьдарчихна гэж бодож суугаа байх. Үгүй ш дээ. Америкт ч бас монголчууд байгаа. Африкт очсон ч монголчууд бий. Хийсэн өөдгүй гэрээний чинь төлөөсөнд тэр хүмүүс тийшээ явчихсан. Та хоёр өөрсдөө явуулсан шүү. Тэндээ очоод тэд нартайгаа зэрэгцээд мөн амьдарна байх даа. Битгий андуур гээд хэльчихье.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөөд үндэсний үзэл санааг яаж түргэн сэргээх дээр төвлөрвөл ямар вэ?

-Монгол Улс үндэстэн оршин тогтнож мандахдаа үндэсний үзэл санаагаараа л босно. Угаасаа босдог юм.  Энэ үзэл санааг дэлгэрүүлэх бүрэн боломжтой. Яагаад гэвэл бид нэг цул үндэстэн... Би увсынх, чи өмнөговийнх гэж л байна. Гэхдээ чи бид хоёр Монгол гэсэн нэг хайрцаганд багтдаг. Ийм улс дэлхий дээр цөөхөн шүү. Хятад гэхэд 50 үндэстнээс бүрддэг. Орос хэд билээ. Ийм үндэстнээс нацизм үүсдэг нь үнэн. Германчуудаас аричууд бий болсон. Тэгэхээр Япон, Герман хоёрын аймшигт дайн гэж харахаасаа илүү дайны дараа асар богино хугацаанд яаж хүчирхэгжсэн байна вэ гэдэг өнцгөөс нь хар. Дайны үр дагавраас болж хүчирхэгжсэн юм биш шүү. Японы тухайд тэр арал дээр азаар япон үндэстэн л байдаг. Цөөн тооны хятад, солонгос бий л дээ. Гэхдээ 90-н хэдэн хувь нь япончууд. Нэг үндэстэн, нэг хэл яриатай, нэг ёс заншил, уламжлал, шүтээнтэй учраас нэг зүг хамгийн хурдан хардаг л байхгүй юу. Өнөөдөр монгол үндэстэнд тулгараад байгаа ганц зүйл нь нэг зүгт харах явдал. Бид нэг тотем, үзэл баримтлалтай болох ёстой. Ганцхан  Монголын төлөө гэсэн  гуравхан үгэн дээр нэгдчихвэл бусад нь алга урвуулахын төдийд шийдэх асуудал...

-Ерөнхий сайдын нефтийн үйлдвэр байгуулах ажлыг мэргэжлийн хүмүүс их зөв басчиг зоригтой шийдвэр гэх юм билээ?

-Би  ч бас хоёр гараа өргөж дэмжсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж нэг заваан юмаар Дорнодын сайхан тал нутгийг там болгож байгаа. Олсон орсон ашиг нь  улстөрч  нэртэй луйварчдын халаасанд орж байна. Нөгөөх аймшиг нь Оюутолгой...  Рио Тинто энэ эрчээрээ явбал 20 -н жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг тавихыг шийддэг болно байх шүү. Тэд “булиа” мөнгөтэй болж байгаа. Бидний баялгийг зарж мөнгөтэй болоод тэр мөнгөөрөө  бид нарыг хүссэнээрээ хөдөлгөнө. Эх оронч  гэж цээжээ дэлдээд байгаа хүмүүс, жижиг сажиг уул уурхай... Яг үнэндээ амьдрах аргаа олоод явж байгаа монголчуудаа дарамтлахаасаа илүү нэн даруй Оюутолгойн гэрээг засах асуудал дээр төвлөрөөч. Эх орныг чинь луйвардаад байгаа хамгийн том гэрээгээ засаач. Яагаад ширээний ард суулгаж чадахгүй байгаа юм бэ. Одоо хэрүүлээ зогсооё. Биднийг хоорондоо зодолдож байх хооронд манай гэрийн авдарнаас алтан бурханыг маань аваад явчихлаа.  Архангайн Цэнхэрийн уурхай чинь Оюутолгойн баялгийн хажууд будааны нэг ширхэг байхгүй юу. Будааг чинь тонн тонноор нь зөөж байгаа Оюутолгойн луйврын гэрээг анхаараач...

Бас энэ газрын хэвлийн хэзээ ч нөхөгдөшгүй баялгийг чинь сорж байгаа бүтээгдэхүүн хуваах гэгддэг нефтийн гэрээгээ цуцла. Нефтиэ дотооддоо боловсруул, ОХУ-аас хараат байхаа боль. Атомын станцаа барь. Яагаад болохгүй байгаа юм бэ. Яагаад төрдөө дэгээ тавиад байгаа юм бэ, эх орончид оо. Аюулыг  үзчихсэн Япон улс Фукишимогийн атомын цахилгаан станцыг дахиад ажиллуулчихсан. Гамшиг эрсдэлийг мэддэг мөртлөө шүү. Яагаад гэвэл тэнд маш хямд эрчим хүч  байна. Хямд эрчим хүчээр үйлдвэрлэл хөгждөг юм. Атомын станцтай болчихвол дэлхийн дэвжээнд тоглох боломж нээгдэнэ. Юун утаа, юун сайжруулсан түлш... Өнөөдрийн тухайд энэ олон янданг галлахын тулд сайн түлш хэрэгтэй, өөр аргагүй. Гэхдээ юм шатаж л байгаа бол утаа гарна. Энэ бол  физикийн хууль.

-Атомын станцын аюулгүй ажиллагааг хангаж чадахгүй гэх айдас бас бий л дээ?

-Уучлаарай Монголыг тойрсон найман реактор ажиллаж байгаа. Надад зураг нь байна. Бидний хамгийн сайн мэдэх ОХУ-ын Галуут нуур дээр ч атомын цахилгаан станц ажиллаж л байна. Манай хилээс 100 гаруй км-ын цаана... Ийм зайд Галуутайн станц ажиллаж болоод байхад Монгол өөрөө тог үйлдвэрлэе гэхээр боль гээд эсэргүүцээд жагсахаа л байчих. Дорнодод очсон бичлэгээс харж байхад манайхан цагдаатай шөргөөцөлдөөд, татаж чангаагаад байгаа харагдсан... Тэр л биш шүү, найзууд аа. Төрийн өмнөөс тушаал авсан монгол эр хүн шүү тэр цагдаа. Эрсдэл ихтэй. Шалгах ч ёстой. Сэтгэлийн хөөрлөөр нэг нь буутай очоод маргалдаж байгаад буудчихвал яах юм бэ.  Тэгээд ч цагдаа бол урьдчилан сэргийлэх үүрэг бүхий төрийн албан хаагч. Үндэсний үзэл санаатнууд нь төрийнхөө цагдааг үл тоовол өөр бусад гадныхан яах нь ойлгомжтой биз.

Жаахан “далийчихлаа”, яриандаа эргэж оръё. Гаргасан тогныхоо 30-40 хувийг залгидаг уурын турбины зарчмаар ажилладаг дундад зууны хөдөлгүүрээр хэдий болтол эрчим хүчээ хангах юм бэ. Дэлхий цөмийн энергийг ашиглаж хөгжөөд байхад тэнтэр тунтар хөлд орж байсан Цөмийн энергийн газраа татан буулгачихна. Гайхаад байгаа юм, 10-н жилд хичээл ном заалгаагүй улс уу. Дээр нь бид дэндүү гуйлгачин сэтгэхүйтэй болчихлоо. Төр нь ч, бид өөрсдөө ч... Юуг нь нуух вэ би өөрөө ч тийм болж байна. Би гэдэг маань миний найз нөхөд, үр хүүхэд бүгд л гуйлгачин сэтгэхүйтэй болчихож. Энийг Монголын төр өөрөө үлгэрлээд байна. Хаашаа ч очсон гуйлга л гуйдаг. Тэгсэн мөртлөө өөрсдөө нэг хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр машин аваад уначихдаг. Гамшиг. Хамгийн аймаар нь бид энэнтэй эвлэрч эхэлж байгаа явдал... Харсан ч  хараагүй, сонссон ч сонсоогүй мэт. Өө тийм үү гээд л... Монголчуудын, “өө тийм үү” дэндээд байгаа байхгүй юу. Тэгээд яах юм бэ гэх байх. Яагаад ч эвлэрч болохгүй...

-Тэгээд яг яах юм бэ. Эвлэрсэн, итгэхээ байсан... Ийм л байна ш дээ?

-Үндсээр нь өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд үндэсний үзэл санаатай хүмүүс нэгдэж, олон болох ёстой. Одоо гарч ирж байгаа  хөдөлгөөнүүдийг би дэмждэг. Нэг яамны сайд нөхөр, мөрдэстэй байсан хүмүүс ингэж болдог юм уу гэж гайхаад байна лээ. Яагаад болдоггүй юм бэ. Тэд чинь Монгол Улсын сайн сайхны төлөө, Монгол Улсыг хүчтэй байлгахын төлөө тангараг өргөсөн хүмүүс... Болдог юм уу гэж асуухаасаа өмнө өөрөөсөө асуу. Та яачихсан болоод энэ хүмүүс нэгдээд байгаа юм бэ. Та ажлаа “сайн” хийсэн учраас бэлтгэл офицерууд ач зээ нараа хараад явж байхын оронд нэгдээд гараад ирлээ.  Асуултаа өөртөө тавь. Та, та нар яаж ажиллаад байгаа юм бэ. Тэглээ гээд  та нар Монголынхоо иргэдийг нухчин дарах уу? Чадах уу? Бардам асууя... Ний нуугүй хэлэхэд,  Монгол Улс, үндэстнээ гэсэн хүн болгоны сэтгэхүйд, арай биш боллоо гэх мэдрэмж эмзэглэл байгаа шүү. Бүгд мэдэрч байгаа.

-Танай бүлгэмийн зүгээс Эрдэнэтийн асуудал дээр нэлээн хатуу байр суурьтай байсан. Эдийн засагчид ч Эрдэнэтэд урт хугацаагаар онц байдал зарлах нь эдийн засгийн хувьд алдагдалтай гэх юм билээ?

-Би гайхаад байгаа. Яагаад 49 хувийн үеийн захирлыг 100 хувь төрийнх болгоход хэвээр үлдээв. Шал өөр бүтэцтэй байгууллага гэсэн үг шүү дээ. Зүйрлэвээс 1921 онд Богд хаан байснаа 1924 онд ардын хувьсгал ялсан ч Богд, хаан хэвээрээ байхтай адил. Түүнээс гадна их сонин материал олдсон. Юу гэвэл Эрдэнэт БНХАУ-ын компанид 50 хувийн урьдчилгаа өгөөд ганбөмбөлөг нийлүүлэх гэрээ хийчихсэн байна. Хэрэгтэй бол баримтыг  нь өгье. Ганбөмбөлөг ус агаар шиг хэрэг болсон уу, Эрдэнэтэд.  Хэрэв тийм бол Монголын үйлдвэрлэгчидтэйгээ гэрээлэхгүй яасан юм бэ. Миний л мэдэхээр “Металл констракшн”, “Дарханы хар төмөрлөг”, “Хөх ган”, “Бэрэн” гээд ганбөмбөлөг үйлдвэрлэдэг дөрвөн үйлдвэр бий. Гэтэл яагаад гадны компанид 50 хувийн урьдчилгаа өгч, гэрээ байгуулав... Энэ шахаа юу, Х.Бадамсүрэн захирлаа? Дотоодын үйлдвэрлэгчиддээ 50 хувийн урьдчилгаа өгөөд, гэрээ хийх, дэмжчих сэтгэл танд байсангүй юу? Энэ гэрээг эх орноосоо хулгай хийж байгаа үйлдэл л гэж харж байгаа. Гэрээ байгуулсан хятадуудад биш, гадныханд хөрөнгө оруулаад байгаа урвагчдад дургүй хүрч байна. Монгол хүн ажлын байртай цалинтай байх боломжийг хумсалдаг хувалзнуудад ой гутаж байна. Шаардлагатай гэвэл би энэ асуудал дээр АТГ дээр нэхэмжлэгчээр оролцоно.

Энэ дашрамд Ерөнхий сайд аа, сайны хажуугаар саар гэгчээр ийм юмнаас болж, кабинет унадаг юм шүү. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

 

 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-10-25 11:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?