Ж.БАТЗАНДАН: 2020 ОНЫ ТӨСВӨӨС 1.7 ИХ НАЯДЫГ ТЭВЧИЖ БОЛНО...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-04 14:05

Сэтгүүлчийн үг

ШИНЭ намын зөвлөл хуралдаж, 2020 оны улсын төсөв, Төсвийн тухай хуулийн төслийн талаар, мөн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөв, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Энэ талаар тус намын дарга Ж.Батзандангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Төсвийн хуулийн талаар таны байр суурийг сонирхоё?

-Бид энэ асуудал дээр байр сууриа нэгтгэсэн. Харин улсын төсвийн тухайд 2020 оны төсөв хэт өндөр өртөгтэй,  төсөл арга хэмжээнүүдийн жагсаалтыг  нэгтгэж гаргалаа. Тодруулбал, нийт 30 гаруй обьектын жагсаалтыг гаргалаа. Ердийн хэмжээнээс гурав, бүр дөрөв тав дахин өндөр өртөгтэй байна. Нөгөөтэйгүүр эдийн засаг хүнд, Монгол Улс саарал жагсаалтад орчихсон, иргэдийн амьжиргаа, багш нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэврийг нэмэх шаардлагатай  яг энэ үед иймэрхүү шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг хасах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, гаалийн шинэчлэл гэсэн нэрийн доор 70 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр оруулж иржээ. Энэ зардлыг 2020 онд тэвчиж болох байх гэж ойлгож байгаа. Зарим аймагт 100 ортой эмнэлгийг 17 тэрбумаар барина гэж оруулж ирсэн байна. 100 ортой эмнэлэг барих зардал улсын хэмжээнд дунджаар 5-н тэрбумаар баригдаж байгаа. Мөн олон зам барих төсөв орж ирж. Улсын төсөв  2 их наядын алдагдалтай байхад жижиг зам барихыг  тэвчиж болох зардал гэж үзэж хасах нь зүйтэй гэж байна. Мөн олон музей, театр барина гэж суулгасан байна. Энэ хөрөнгө оруулалтуудын төсөвт өртөг нь хэт өндөр байна.  Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг 54 тэрбумаар барина гэж төсөвт суулгаж. 54 тэрбум гэдэг 54-н цэцэрлэг барих мөнгө гэсэн үг.  Мөн Байгалийн түүхийн музейн барилгыг 94 тэрбум, Төв номын сангийн барилгыг  52 тэрбумаар, Үндэсний урлагын театрын барилгыг барина гэж суулгасан байна. Нийтдээ 200-гаад тэрбум төгрөг... Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед эдгээр барилгуудын төсөвт өртөг хэт өндөр үнэлэгдэж, төсөвт сууж байгааг бид буруушааж, төсвийн хөрөнгөөр хийх төсөвт өртөг бодит байх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Яг ямар аймагт 17 тэрбумаар барилга барихаар төсөвт оруулчихсан юм бэ. Тодруулаач?

-Баян-Өлгийд 17.3 тэрбум төгрөгөөр барина гэж төсвийн хуулийн нэгийн 7-д тусгасан байна. Улаанбаатарт 200-н ортой эмнэлэг 5 тэрбумаар баригдаж байна. Дорноговь аймагт найман тэрбумаар баригдаж байна гэх мэдээлэл байна. Тиймээс бид төсвийн хуулийн зүйл, заалт болгоныг нарийвчлан харж, төсвөөс мөнгө хулгайлах замаар хэт хөөсөрсөн өндөр өртөг тавихыг бид эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны төсвийг судлаад 1.7 их наядыг тэвчиж болох зардал эзэлж байна гэж үзлээ.   Ер нь ихэнх сайдын багц хэт хөөсөрсөн байдалтай байна. Тухайлбал, Эрүүл мэнд, Боловсролын яамны тоног төхөөрөмжийн зардал гэж бараг 30 гаруй төгрөг задаргаагүй тавигдсаныг бид буруушааж байгаа. Аливаа зардал төсөвт суухдаа нарийвчилсан задаргаатай суух ёстой. Эрүүл мэндийн сайдын тоног төхөөрөмжийн зардал 15 тэрбум, Боловсрол соёл, шинжлэх ухааных 30 тэрбум гээд ямар задаргаагүйгээр тавигдсан нам, ШИНЭ нам, Шударга иргэдийн нэгдсэн эвслийн төсвийн бодлого бол төсвийн зарлагын ихэнх нь барилга орон сууцанд зарцуулагддаг бус баялаг бүтээх салбар руу, татварын бааз суурийг  нэмэгдүүлэх зорилгоо, ажлын байрыг бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд зарцуулагдах ёстой гэсэн байр суурьтай байна. Өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсвийн бодлого буруу явсан, төсвийн зарлага орлогын реформыг Монгол Улсын МАНАН-гийн засгийн газрууд хийхгүйгээр Монголыг жил болгон хоёр их наяд төгрөгийн өрөнд оруулж байна гэж үзэж байна. Тэр ч учраас бид бодлогоо гаргаж, иргэдтэйгээ хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

-Түүнээс гадна 2020 оны төсөвтэй уялдуулж нэлээд хэдэн хуулийн төсөл орж байгаа байх аа?

-Тийм. Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор хүчингүй болсонд тоооцох тухай хууль, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалтай газрын газар нутгийн тухай өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн зарим хэсэг хүчингүй болгох тухай хуулиуд дагалдан өргөн баригдаж байна. Тиймээс салбарын байгууллагууд мэргэжлийн холбоодыг хууль өөрчлөгдөж буйтай холбогдуулан саналаа өгөөч ээ гэж хүсч байна.  Нөгөөтэйгүүр төсвийн тухай жилд нэг удаа батлагддаг маш чухал хууль... Ирэх жил Монголын ард түмний ирээдүй амьдралыг тодорхойлох чухал хууль учраас нийгмийн бүхий л бүлгийг анхаарлаа хандуулж саналаа ирүүлээрэй.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-04 14:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?