ЭЛЧИНГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН Ж.СҮХЭЭ Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ ХАМТАРЧ “ЛУЙВАР” ХИЙСЭН ҮҮ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-08 09:51

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн захирамжаар БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр уагдан хорьж шалгаж байгаа билээ.

Эх сурвалжийн өгүүлснээр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд нийлж, БНСУ-ын иргэнийг залилан мэхэлж их хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийг нягталж байгаа гэсэн үг.

Басхүү хэд хоногийн өмнө  өмгөөлөгч К.Манлай, энэ асуудлаар мэдээлэл хийсэн. Эргэн сануулахад, К.Манлай ”Би БНСУ-ын Ү Ти Куан гэдэг хүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Ү Ти Куан нь 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт өргөдөл гаргасан.

Уг өргөдөлд, “БНСУ-ын миний бие Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхээ зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудад гурван сая ам.долларыг залилуулж алдсан. Өнгөрсөн 2013 оны сонгуульд зарцуулах мөнгө гэж 700 мянган ам.долларыг надаас авсан эдгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн утга бий.

Товчхондоо, БНСУ-ын иргэн, Ү Ти Куан нь 2011 онд өөрийн санаачилгаар нэг сая ам.доллараар хандивын үйл ажиллагаа хийж Монгол Улсын гэр хороололд суудаг хашаа байшинтай иргэдэд шалны халаалтыг үнэгүй суулгаж өгчээ. Тухайн үед Солонгос улсдаа “Ү-Жү-Мү” гэдэг шалны халаалтын үйлдвэртэй Солонгос иргэн нь БНСУ-д суух үүрэг гүйцэтгэгч ажилтай байсан Ж.Сүхээ гэдэг хүнтэй холбоотой танил учраас танилцуулжээ. Тэр дагуу Солонгосын иргэн, Ж.Сүхээ, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, Л.Пүрэвсүрэн нартай танилцаж, уулзсан юм банйа.

Тэд,  Ү Ти Куанд, “Та Монгол Улсад их үйлсийн аян хийлээ. Энэ ажлын тань хариуд бид танд 10 сая ам.долларын үнэ ханштай алтны үндсэн ордыг таван сая ам.доллараар өгье. Та худалдаж аваач” гэсэн саналыг бизнесийн хувьд ашигтай гэж үзээд гэрээ байгуулан гурван сая ам.доллар шилжүүлж. Лицензээ худалдаж аваад 400 гаруй мянган ам.доллараар хайгуул хийхэд нөөц нь худлаа болж, ямар ч алтны нөөцгүй байхгүй нь батлагджээ. Тиймээс Ү Ти Куан 2011 оны 11 дүгээр сард ТЕГ, ЦЕГ-т гомдол гаргаж. Түүнээс гадна 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах нэг сая ам.доллар нэхсний хариуд надад нэг сая ам.доллар өгөх боломж алга гээд 700 мянган ам.доллар өгсөн гэх зүйлийг яриад буй.

Өмгөөлөгч К.Манлайгийн хэлснээр, дээрх баримтууд бүгд бичгийн болон видео, аудио бичлэгтэй гэнэ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-08 09:51

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?