ЛИДЕР...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-14 10:14

Сэтгүүлчийн үг

Сонгууль дөтөлж, улс төрийн нам хүчин, иргэний хөдөлгөөнийхөн хийгээд улстөрчид хөдөлгөөнд оржээ. Хэлгүй дүлий мэт нөхдийг хэлд оруулж, нүдийг нээж алдаа дутагдлыг айхтар хурцаар харах билгийн нүдийг нь нээж өгдөг буянтай эд л дээ, сонгууль гэгч. Би л гэж цээжээ дэлдэгсэд олширч, сонгогчдод хайр зарлагсадыг нэмэгдүүлдэг ачтай ажиллагаа. Ичээнээсээ гарсан амьтас мэт бужигнагсад өдгөө жалга дов, булан тохойнхоо лидерийг шалгаруулж, айсуй сонгуульд аатай сайн бэлдэж байна. Хүн угаас сүрэглэн аж төрдөг амьтан. Анх бий болохдоо л хэн хүч чадал, овгоо самбаатайгаа овог отгийнхоо ахлагч болгож өргөмжилдөг. Өнөөхийнхөө үгэнд ордог байсныг  түүх гэрчилнэ. Гэхдээ тэрхүү удирдагч буюу ахлагч нь утгаараа ажил үүргээ ухамсарладаг, бусдынхаа төлөө өөрийгөө зольдог байсан байгаа юм. Мэдээж энэ цаг дор улс төрийн тавцан дээр нэг бахим нөхөр гарч ирээд бусдыгаа хэмх цохиж үгэндээ оруулна гэж юу байхав. Хэрэгт ороод шоронд сууна биз дээ. Ер нь бол одоо цагт дэлхий дайдад лидер буюу манлайлагч нь  хүмүүсийн хамтын үйл ажиллагаа, харилцааны зохион байгуулалтад гол үүрэг гүйцэтгэдэг, нэр хүнд бүхий бие хүн, хамт олон, бүлгийн гишүүн этгээд байдаг. Удирдагч ихэвчлэн эерэг хувийн имиж бүрдүүлэхийг хичээнэ. Мэдээж заримдаа бие хүн санаатайгаар сөрөг дүр бүтээх нь байдаг. Энэ нь ихэвчлэн улс төрийн зүтгэлтнүүд болон шоу бизнесийн хүрээнийхэн дунд илэрдэг бөгөөд бизнесийн орчинд ховор тохиолддог. Учир нь бизнесийн байгууллагын удирдагч сөрөг имижтэй байх нь үйлчлүүлэгчдийн зүгээс тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүнд болон үйлчилгээнд итгэх итгэл үнэмшлийг багасгадагтай холбоотой. Судалгаанаас харахад, айлын ямар (ууган, дунд, отгон эсэх) хүүхэд болж төрснөөс хамаарч тухайн хүний улс төрийн карьер зан үйл нь тодорхойлогддог аж. Бүр  “Төрсөн дарааллын онол” ч байдаг юм байна. Тус онолд тэмдэглэснээр өрнөдийн соёл иргэншилтэй хөгжингүй орнуудад айлын ууган, дунд, отгон хүүхдүүдийн хооронд лидер болох магадлал нь ойролцоо байдаг бол ядуу буурай орнуудад айлын ууган хүү юмуу, ганц хүү улс төрийн лидер болох нь түгээмэл аж. Учир нь хүн амын амьжиргааны түвшин доогуур, ядуу улс орнуудад айл өрхийн санхүүгийн чадавх тааруу байдгаас хүүхэд бүртээ боловсрол олгож чаддаггүй бөгөөд ганц хүүхдээ л сургуульд явуулах боломжтой байдаг бөгөөд  боломж ихэвчлэн ууган хүүд олддог байна. Нөгөө талаараа ууган хүүхдүүд захирах, сүрдүүлэх зодох зэргээр бусдад санаа бодлоо тулгах арга барилтай байдаг бөгөөд ирээдүйд оюун ухаан, хүч чадалд тулгуурладаг авторитари хэв маягийн удирдагч болдог бол отгон хүүхдүүд эцэг эхдээ ховлох, аргадуулах, гомдоллох, зальдах маягаар хүсэл, сонирхлоо хэрэгжүүлдэг бөгөөд харилцан буулт хийх, харилцан ашигтай зүйл амлах, манипуляци хийх зэргээр улс төрийн үйл ажиллагаа явуулдаг улстөрч болдог гэнэ.

 Тэгвэл манай улсын лидер хэмээн хүлээн зөвшөөрөгддөг болон цагтаа хүлээн зөвшөөрөгдөж асан удирдагч нарыг нэрлэвэл Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, П.Очирбат, Н.Энхбаяр,  Р.Амаржаргал болно. Эд бол айлын ууган хүүхдүүд. Харин дунд хүүхдээс төрсөн нь М.Энхсайхан, Б.Жаргалсайхан гэхчлэн үргэлжилнэ. Дунд хүүхдийн зан төлөвийн онцлог нь нилээд атаач, нэр төрд дуртай, хүмүүсийн санал зөвлөгөөг тэр бүр хүлээж авдаггүй, асуудлыг дандаа өөрийнхөөрөө шийдэх гэсэн хандлагатай байдаг аж. Харин айлын отгон хүүхдүүд либераль үзэл баримтлалтай болох нь олонтаа гэнэ. Мөн эрсдэл ихтэй спорт, хоббигоор хөөцөлдөх дуртай. Учир нь, ахмад гишүүдийн дарамтыг эсэргүүцэн сөрж, өөрийгөө олон зүйл дээр нээн харуулахыг оролддог байна. Отгон хүүхдээс төрсөн улс төрчид гэвэл Н.Багабанди, Ц.Элбэгдорж, С.Оюун...  Дашрамд сонирхуулахад Монголын XX зууны улстөрчдөөс 22-ийг сонгон авч үзснээс 40 хувь нь ууган хүүхэд байжээ. Энэ нь нэг талаар хүн ам зүйн болон уламжлал, хөгжлийн хүчин зүйлсээс шалтгаалдаг бөгөөд монголчууд эртнээс ууган эрэгтэй хүүхдийг өрх гэрийг тэргүүлэх хүн гэж тооцдог, ихээхэн хариуцлага ногдуулж ирсэн нь манлайлах үүргээ эрт ухамсарлаж лидер болоход илүүтэй ойр байж болох юм.

Ер нь бол удирдагч хүн бусдадаа үлгэр дууриал үзүүлэх чадвартай байхаас гадна үргэлж тэдний хараанд байдаг тул хэнийг ч ялгалгүй ижил түвшинд харьцдаг байх хэрэгтэй. Харамсалтай нь манай улстөрчид  харж дуулмааргүй эшийг үзүүлдэг.

Шуудхан хэлчихэд, энэ л овоо юм уу гэтэл жалга довны үзэл гаргаад талийдаг нь Монголын улс төрийн манлайлагчид... Эцэст нь тэмдэглэхэд лидер гэж хэрэгтэй цагтаа зам, зайгаа тавьж өгчихөөд алсуурхнаас заавар зөвлөгөө өгсөн шигээ сууж байдаг хүнийг л хэлдэг юм шиг санагдаад байгаа юм даа. Манайхан шиг сандал ширээтэй зууралдаад, хамтрагч нөхдөө самраад байгаа хүнийг яаж лидер гэх вэ...

Нээх сайхан лидертэй болохсон... Намынхаа нөхдийг, хамтран зүтгэгчдээ зангидаад л, том том бодлого боловсруулж, хэрэгжүүлээд л, үр шимийг нь эгэл түмэн нь хүртээд л, дэлхийн улс гүрнүүд Монголын хөгжлийн бодлогыг жишээ болгоод л... Хүүхэд багачууд нь сурах бичгээсээ XXI зууны Монголын Улс төрийн удирдагч гэж уншаад л...



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-14 10:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?