ШҮҮХИЙН ШИЙДВЭР “ДУБАЙН ГЭРЭЭ”-НД НӨЛӨӨЛӨХ ҮҮ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 12:18

Сэтгүүлчийн үг

Олны ярьдагчлан “Дубайн гэрээ" буюу АНЭУ-ын Дубай хотод хийгдсэн "Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөө" гэх нэртэй Монгол улсын Засгийн газар болон гадаадын хуулийн этгээдийн хооронд хийгдсэн гэрээг байгуулахтай холбоотой УИХ-ын гурван тогтоол, Ерөнхий сайдын дөрвөн захирамж гарсан. Ерөнхий сайдын дөрвөн захирамжийн хоёр захирамжаар энэ гэрээг байгуулах эрх олгосон, үлдсэн хоёр захирамжаар гэрээтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, түүний удирдамжийг баталсан байдаг.

Тэгвэл Дубайн гэрээтэй холбогдуулан гаргасан “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ нь Ерөнхий сайдын дээрх дөрвөн захирамж нь тухайн үед гарахдаа Засгийн газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн учир "захирамжуудыг илт хууль бусад тооцуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу захиргааны хэрэг үүссэн. Өдгөө уг хэргийн хуралдаан дуусаж, дөрвөн захирамжийг илт хууль бусад тооцуулсан шийдвэр гарсан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, уг хэрэг гэрээтэй холбоотой маргаан биш бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа захиргааны хууль зөрчсөн уу, үгүй юу гэдэг л маргаан. Тэгэхээр, захиргааны акт буюу нэр бүхий захирамж илт хууль бус боллоо гээд гэрээ хүчингүй болохгүй. "Илт хууль бус захиргааны акт", "Гэрээ хүчингүй болох" хоёр ялгаатай, тэс өөр ойлголт. Тэгээд ч  "гэрээ хүчингүй болох"-ыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй, хуулийн хувьд гэрээг хүчингүй болгоно ч гэх ойлголт байдаггүй ашаап гэрээг "Хүчин төгөлдөр бус" гэж эсхүл "Хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай ойлголт байдаг. Гэрээг ямар тохиолдолд дуусгавар болох, цуцлах, татгалзах эсхүл хүчин төгөлдөр бус гэж үзэхийг тухайн гэрээний өөрт эсвэл тухайн гэрээтэй холбоотой гарсан маргаанд талуудын хэрэглэхээр тохиролцсон хуулийн дагуу тайлбарладаг. Дубайн гэрээ гээд байгааг тус гэрээнд заасны дагуу ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэх үү?, түүнтэй холбоотой маргааныг аль улсын шүүх, арбитрээр аль улсын хуулийг хэрэглэж шийдэх эсэхээс хамаарч гэрээний хүчин төгөлдөр бус, эсхүл дуусгавар болох зэрэг асуудал яригдах юм банйа.

Харин  "Илт хууль бус захиргааны акт" гэдэг бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэд хэдэн тохиолдол хангагдсан тохиолдолд илт хууль бус болж, анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болох тухай ойлголт. Тэгэхээр яриад байгаа Ерөнхий сайдын 4 захирамж илт хууль бус болсон нь тогтоогдсон бол анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй болно л гэсэн үг. Гэхдээ, үүнийг үндэслээд байгуулагдсан гэрээ хүчингүй болохгүй.

Гагцхүү Ерөнхий сайдын нэр бүхий захирамжууд ямар үндэслэлээр "Илт хууль бус" болсон нь чухал агаад Засгийн газрын тухай хуулиар гэрээ байгуулах асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргах уу, Засгийн газар тогтоол гаргах уу гэдэг процессын маргаантай асуудал байдаг. Шүүх Засгийн газар тогтоол гаргах ёстой гэж үзсэн байх. Энэ тохиолдолд захирамжаа өөрчлөх буюу "Илт хууль бус" гэж үзсэн үндэслэлийн дагуу Засгийн газар тогтоол, захирамжаа эргээд авч хэлэлцэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь гэрээнд нөлөөлөхгүй гэсэн үг юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-11-19 12:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?